М.ХҮСЛЭН
Тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Украины цэргийн хүчнийхэн Славянск, Луганск, Краматорск хотуудыг салан тусгаарлагчдаас чөлөөлөх тусгай ажиллагаа явуулав. Ялангуяа Славянск хотыг Украины үндэсний гвардийн цэргүүд дайрах үеэр тэнд ширүүн тулалдаан болсон байна. Буудалцааны үеэр Украины армийн хоёр нисдэг тэргийг Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчид буудан унагажээ.
Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков өөрийнхөө Facebook хуудсандаа "Салан тусгаарлагчид үндэсний гвардийн цэргүүдэд хүчтэй эсэргүүцэл үзүүлэв. Тэд гранатомет болон хөдөлгөөнт зенитээс буудсан. Амь үрэгдсэн, шархадсан хүмүүс нэлээд бий” гэж бичжээ. Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр байлдааны ажиллагаанд оролцож байсан нэг "Ми-24” буудуулж унасны дараа дэлбэрсэн бөгөөд, жолооч нь туслахтайгаа амь үрэгдэж бусад багийнхан нь шархадсан байна. Харин нөгөө нисдэг тэрэг болох "Ми-8” нь эмнэлгийн тусламж үзүүлэхээр шархтан авч явсан бөгөөд ослын буулт хийж доторх хүмүүс нь бүгд эсэн мэнд үлджээ.
Украины Үндэсний гвардийн командлагч Степан Полторак уржигдар орой Славянск хотыг Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдаас бүрэн чөлөөлсөн гэж мэдэгджээ. Украины талаас хоёр хүн амь үрэгдэж, нэлээд хэдэн хүн шархадсан байна. Харин салан тусгаарлагчдын мэдээлснээр тэдний талаас нэг хүн амиа алдаж, нэг нь шархаджээ. Славянск хот руу орох бүх замыг Украины цэргийнхэн хааж, хотыг бүхлээр нь бүсэлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 25-нд салан тусгаарлагчдад барьцаалагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын долоон ажиглагч болон тэднийг дагаж явсан Украины иргэдийг энэ сарын 3-нд сулласан байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллахад зуучилсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Владимир Лукин "Миний жагсаалтад байгаа 12 хүнийг бүгдийг нь суллалаа” хэмээн мэдэгдэв. Долоон ажиглагчийг суллагдсан даруйд нь Берлинд хүргэсэн байна. Дөрөвдүгээр сарын 25-нд Славянск хотын ойролцоо явж байсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын долоон цэргийн ажиглагч болон Украины таван офицерийг салан тусгаарлагчид "тагнуулчид” хэмээн баривчилж барьцаалаад байсан билээ. Барууны орнууд уг асуудалд оролцож, олон улсын ажиглагчдыг суллах ажиллагаанд туслахыг ОХУ-ын талаас хүссэн аж.
Украины цэргийн хүчнийхэн өнгөрсөн баасан, бямба гаригуудад Славянск хотод хяналтаа тогтоосны хажуугаар салан тусгаарлагчдад эзлэгдээд байсан Краматорск, Луганск хотуудад ч тусгай ажиллагаа явуулжээ. Тавдугаар сарын 3-нд Краматорск хотын онгоцны буудал, телевизийн байр, цагдаагийн байрыг хяналтад авсан байна. Түүнчлэн хотын ойролцоо салан тусгаарлагчдын босгосон хамгаалалтын хаалтуудыг ч эзлэн авчээ.
Өнгөрсөн сарын 29-нд Луганск хотын прокурорын газрыг Оросын талыг баримтлагчид эзлэн авсан билээ. Украины эрх баригчид салан тусгаарлагчидтай хэлэлцээ явуулсны үр дүнд тэд прокурорын газрыг орхин явсан байна. Украины дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр прокурорын газрыг чөлөөлөх үеэр ямар нэгэн эрсдэл гараагүй гэнэ.
politmn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих