Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар
дээр нь танилцаж, сумын Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн
шинжтэй тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх аймгийн Онцгой
комиссын "Шуурхай бүлэг” өвөлжилт хүндэрсэн Хөлөнбуйр суманд ажиллаж
байна. "Шуурхай бүлэг” аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга
М.Бадамсүрэн, аймгийн ОБГ, ЭМГ, ХХААГ, ХХҮГ-ын дарга нарын
бүрэлдэхүүнтэй байна.
Тус сумын тухайд Баян-Өлзийт багт 10-17см цастай, 12 өрх өвөлжилт
хүндэрсэн. Батхаан багт 10-17см, хунгар газарт 20-25см цастай, мал
бэлчээрлэх боломжгүй болж, 43 өрхийн өвөлжилт хүндэрсэн. Цаашид
өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа талаар сумын
Онцгой комиссын хуралдаанаар сумын Засаг дарга У.Ганхуяг танилцуулав.
Сумын хэмжээнд 203 малчин өрхийн 108185 толгой мал өвөлжинө. Сумын
аюулгүйн нөөцөд 85.7тн өвс, хивэг 14.7тн бэлтгэснээс, 53 малчин өрхөд
олгож одоо сумын аюулгүйн нөөцөд 8.7тн өвс, 2тн хивэг үлджээ. Сумын
Онцгой комисс гурван удаа хуралдаж шуурхай арга хэмжээг авч, сумын
удирдлагууд отор нүүдэлд яваа болон алслагдсан айл өрхүүдээр явж
ажилласан байна. Отор нүүдэлд 71 өрхийн 169 иргэн өвөлжиж байна. Эдгээр
өрхүүдэд холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.
Аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн өвөлжилтийн нөхцөл байдалтай
танилцан, иргэдийн санал бодлыг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлын
талаар чиглэл өглөө. Түүнчлэн отроор өвөлжиж байгаа өрхүүдийн
судалгаатай танилцаж, малчдад тулгамдаад буй асуудлын хүрээнд сумын
удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Улс орны эдийн засгийн байдал хэдийгээр хүнд байгаа ч Засгийн газраас
өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр
өгч байгаа. Хөлөнбуйр суманд 1000 боодол өвс үнэ төлбөргүй, 20 тн
хивэгний үнийг 50 хувь чөлөөлөн олгосныг хүлээлгэн өглөө. Мөн малын эм,
био бэлдмэл, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж бараа,
бүтээгдэхүүнийг сумын удирдлагуудад гардуулан тусламж шаардлагатай
зорилтот бүлэгт хүрч ажиллах шаардлагатайг сануулав.
Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед малчид, иргэдтэй уулзан тэдний санаа
бодлыг сонсон, цаг алдалгүй шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж байгаад
сумын удирдлагууд, ард иргэдийн зүгээс талархалтай байгаагаа илэрхийлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих