Иргэн Ж.Занаа төрийн өндөрлөгүүдэд хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
Улсын их хурлын дарга М. Энхболд,
Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт
Шаардлага
Үндсэн хуульд "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн засаг, төрийн эрх, үүргийг тодоос тод заасан.
Гэтэл та бүхний хийж байгаа бүхэн Үндсэн хууль болон нэр бүхий олон хуулийг зөрчих, түүгээр ч үл барам олон хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн өөрчилж байгаад юу дуртайгаа хийдэг болоод удаж байна. Түүний нэг жишээ нь Монгол улс, Монголын ард түмэнд нэр нүүрээ барсан С. Баяр гэдэг хүнийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон нь Монгол улс, монголчуудын нэр төрийг гутаан доромжилсон шившигт үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.
Тиймээс С. Баяр гэдэг хүний гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, үр хүүхэд, гэр бүлийн ойр дотнын хүмүүсийн оффшор дансны асуудлуудыг дотоодын хууль тогтоомжийн дагуу шалган тодруулах, гэм буруугүй нь тогтоогдох хүртэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон томилгоог нэн даруй цуцлахыг ШААРДАЖ БАЙНА!
Монгол улсын иргэн Жүрмэдийн Занаа
2017 оны 3 сарын 09
Улаанбаатар хот
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих