БНСУ-ын Прокурорын газраас өчигдөр далайд живсэн "Севол" хөлгийн
оператор компанийн удирдлагыг баривчилжээ. Түүнийг 269 хүний амийг авч
одсон аймшигт ослын хэрэгт хамаатуулан шалгахаар болсныг албаны эх
сурвалж дуулгажээ. Өмнөд Солонгост болсон эл ослын шалтгааныг тогтоох,
буруутай этгээдийг олж хариуцлага хүлээлгэх ажлыг тус улсын хууль
хяналтынхан өргөн бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлж буй бөгөөд мөрдөн шалгах
ажиллагааны явц болон эл хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явцыг
ИТАР-ТАСС товч тоймлосныг хүргэж байна.
КОМПАНИЙН ЭЗНИЙГ ЮУНД БУРУУТГАЖ БАЙГАА ВЭ
"Сhonghaejin
Marine" компанийн ерөнхийлөгч Ким Хан Сикийг Сөүлийн дагуул хот Пундан
дахь гэрээс нь баривчилж, мэдүүлэг авсан байна. Түүнийг хэд хэдэн
үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд хөлгийн аюулгүй байдлыг хангаагүйн
улмаас олон хүний аминд хүрсэн хэмээн үзэж буйг хуулийн байгууллагын
алан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Ким Хан Сж ерөнхийлөгчийн хувьд тэрбумтан
Ю Бён Уны хамгийн ойрын шадар гэдгээрээ нэрд гарсан нэгэн. Ослын
шалтгааныг мөрдөн шалгах явцад түүнийг "Севол" хөлгийг эзэмшдэг
"Сhonghaejin Marine" болон бусад салбар компашудын хууль ёсны эзэмшигч
гэдгийг тогтоосон байна. Тиймээс ослын хариуцлагыг нэхэх нь зүй ёсны
хэрэг хэмээн үзэж буй аж.
ХӨЛГИЙН БАГИЙНХАНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН
Мөрдлөгийн
явцад хөлгийн ахмад зорчигчдод тусламж үзүүлэхийн оронд живж буй
онгоцоо хамгийн түрүүнд орхиж явсан нь тогтоогдсон. Түүнээс гадна багийн
гишүүдийн хэн хэн нь нөхцөл байдал аюултай болсныг мэдсэн хэрнээ
зорчигчдыг аврах ажиллагааг огт хийгээгүй нь ч тодорхой болсон юм.
Тиймээс БНСУ-ын Ерөнхий прокурор живсэн хөлөг онгоцны ахмад Ли Жун Сок
болон түүний гуравдугаар туслах, хөлгийн залуурч нарыг санамсаргүйгээр
хүний амь нас хохироосон хэмээн буруутгаж буйг мэдэгдсэн байна.
ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ
Өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн Чон Хон
Вон энэ үйл явдалтай холбоотойгоор огцрох өргөдлөө өгсөн. Тэрбээр энэ
тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Энэ ослын хариуцдагыг
хүлээж, албан тушаалаасаа огцрох нь миний хувьд хамгийн зөв шийдвэр"
хэмээсэн юм. Түүний хүсэлтийг хүлээж авна, гэхдээ ослын газарт аврах
ажиллагаа бүрэн дууссаны дараа шийдвэр гаргана гэдгээ Ерөнхийлөгч Пак
Гын Хэ мэдэгдсэн.
АМЬ ҮРЭГДСЭН ХҮМҮҮСИЙН 90 ХУВЬ НЬ АВРАХ ХАНТААЗТАЙ БАЙСАН
6825
тонн усан түрцтэй "Севол" гатлага онгоц өнгөрсөн сарын 16-нд Солонгосын
хойгийн баруун өмнөд хэсэгт Шар тэнгист осолдсон. Уг онгоцонд хөлгийн
багийнхан болон зорчигч нийлээд 476 хүн явснаас 172-ыг нь л аварч чадсан
бөгөөд 269 нь амь үрэгдсэн. Одоогоор 35 хүний цогцсыг олоогүй байгаа
учраас үхсэн амьдын алийг хэлэх боломжгүй байгаа юм. Амиа алдсан
зорчигчдын 90 хувь нь аврах хантаазтай байсан гэдгийг Далайн цагдаагийн
албаны дарга Ким Сук Гюн "Аврах ажиллагааны явцад живсэн хөлгөөс
гаргасан 269 цогцосны 235 нь аврах хантаазтай байсан" хэмээн баталсан
байдаг. Тэгсэн хэрнээ амь гарч чадаагүй нь хөлгийн багийнхны буруу
шийдвэртэй холбоотой. Хэрэв хурдан шуурхай арга хэмжээ авч чадсан бол
ийм олон хүн хохирол амсахгүй байсан тухай урьдчилсан мөрдөн байцаалтаар
тогтоогоод байгаа аж.
Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих