Дорнод аймгийн МСУХолбоо хэмээх байгууллага 20 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн наадмыг хурдан хүлгээ дээдэлдэг Дорнодын түмэн эрвийх дэрвийхээрээ дэмжиж, олон арван сая төгрөг, хонь, даага хандивлан хөл хөөрцөг болсон ч зохион байгуулалт муу, будлиантай уралдаан боллоо хэмээн сэтгэл дундуур харьцгаасан байна.
Энэ жил улс даяар эрлийз морьдоос татгалзаж, зөвхөн Монгол хүлгийнхээ тоосыг өргүүлэх санаачилга гараад буй. Аймгийн МСУХ ч ойн баяраараа эрлийз морьд уралдуулахгүй хэмээн амлаж, чамгүй хандив босгожээ.
Гэтэл холбооны тэргүүлэгч гэх нөхөд хэлсэн ярьснаасаа буцаж, азарганы уралдаанд өөрсдийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрлийз морьдыг унаган Монгол морьдтой хамт уралдуулсан байна. Халуун нар, урт холын замд үүлдэр угсаа, өндөр намаараа эрс тэс ялгаатай эрлийз морьдын хөлд Монгол азарга чирэгдэж, багтрах, хөлгүй болох, улмаар дахин уралдах аргагүй болох ч аюул бий. Монгол, эрлийзээр нь ялгалгүй, ийнхүү хольж уралдуулсан шударга бус явдал нь уяач, хурдан морь сонирхогчдын сэтгэлийг гонсолгосон байна.
Түүнчлэн их насны морьдын уралдаанд төхөөрөмж нь уналгүй хоёр хуваагдсанаас болж морьд хоёр хэсэг салан гараанаас гарч, уралдаан тэр чигээрээ будлиантай өндөрлөжээ. МСУХ-ныхон 20 жилийн ойдоо зориулж, аймгийн ЗДТГ-аас 10 сая төгрөг авсаны 6 саяыг нь уралдааны төхөөрөмжид зарцуулсан гэх. Гэтэл ихээхэн зардал гаргаж тавьсан шинэ төхөөрөмж нь уналгүй гацаж, ийнхүү будлиантуулжээ.
Тэр ч байтугай айрагдсан зарим морьдын бай шагналын мөнгийг дундаас нь хумсалж, дугтуйнаас нь сугалсан хударгагүй явдал гарсныг ч уяачид гайхан ярилцаж байна. Монголчууд "Адууны алагнаас аяганы алаг дээр” гэдэг. Эр улс жудагтай байхыг эрхэмлэж явахын сануулга үг энэ юм болов уу даа.
Ер нь МСУХ-ныхон 20 жилийн ойдоо зориулж, аймаг орон нутгийн удирдлага, сумдын уяадын холбоо, уяачид малчид, аж ахуйн нэгжүүдээс чамгүй их хөрөнгө цуглуулсан байдаг. 30 сая төгрөг хүртэл хандивласан компани ч байгаа сурагтай.
Гэтэл сүржин нэртэй даржин наадам зохиож, хурдан морь сонирхогчдыг бухимдуулсан аймгийн МСУХ-ны удирдлагуудыг хандив, хөрөнгөө хэрхэн зарцуулсан талаар тайлагнах ёстой хэмээн уяачид шаардаад эхэлжээ. Чухамдаа л "өглөө хазаар, орой ташуур” гэгч боллоо хэмээн уяачид өөр зуураа ярилцаж сууна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих