Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэрлэн голын сав газрын захиргаанаас голын эх хэсэг, Хэрлэн голын савд хамаарах сумдад усны тооллого явуулж эхэлжээ. Хэрлэн гол нь борооны усаар голлон тэжээгддэг бөгөөд ус, цаг уурын ажиглалтын мэдээгээр жил ирэх тусам цаг агаарын нөлөөллөөс шалтгаалан усны урсгал, өнгөрөлт, ус хураах талбай нь эрс багассан аж.
Иймд аймгийн Засаг даргын захирамжаар Дорнод аймгийн төвийн урдуур урсдаг Хэрлэн голын усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилжээ.
Ажлын хэсгийнхэн Хэнтий, Төв аймаг, Багануур дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран голын эхээс улсын хил хүртэл явж, гаднын нөлөө, хүчин зүйлс байгаа эсэх, байгалийн сэргээгдэх боломжийг судлах ажилд өчигдрөөс гарсан байна. Ажлын гүйцэтгэл, тайланг энэ сарын 7-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулах ажээ.
Мөн холбогдох сумын удирдлага, иргэдээс санал авах, Хэрлэн голыг хамгаалах, ач холбогдлыг ойлгуулах, голын эрэг, орчныг цэвэрлэх бүх нийтийн оролцоотой аян өрнүүлэх зэрэг шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хэнтий аймаг, Төв аймаг, Багануур дүүргийн Засаг дарга, Хэрлэн голын сав газрын захиргаа, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Цаг уур, орчны шинжилгээний газарт Хэрлэн голын усны эхийг хамгаалахад яамнаас мэргэжлийн зөвлөмж өгөх, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, Хэрлэн гол дагуух аймгуудад хамтран ажиллах талаар хүсэлт хүргүүлсэн тухай Дорнод ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих