Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Шанхай хотноо Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Түүний зэрэгцээ хоёр хөршийн төрийн тэргүүнтэй хийж буй уулзалт нь монголчуудын хувьд ихээхэн итгэл бас горьдлого дагуулж байна.
Өнгөрсөн жилүүдэд эрх баригч намуудын сонгуулийн амлалтаас үүдэж, манай улс хойд, урд хөршийнхөө итгэлийг алдсан. Түүний уршгаар эдийн засаг, хамтын ажиллагааны чиглэлд тийм ч сайнгүй байгаа. БНХАУ, ОХУ-ын аль аль нь манайтай найрсаг харилцааг эрхэмлэж буй ч, итгэл алдсанд таатай байгаагүй. Төр, засгийнх нь бодлого тогтворгүй, хуулиа байнга өөрчилж, хөрөнгө оруулагчдад өөнтөгч ханддаг гээд хоёр хөршийн хэмжээнд ч биш, гадаад орчинд манай улсын нэр хүнд багагүй унасан. Дээр нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж гарч ирээд ардчиллын өлгий нутаг алсын Америктай хөтлөлцөж хөгжинө хэмээн оноо алдсан удаатай. Мөн ОХУ-д тийм ч хүндэтгэлтэй хандаагүй шиг билээ. Оросууд ч "Америк боловсролтой, америкийн талыг баримталдаг хүн” хэмээн манай Ерөнхийлөгчтэй уулзахгүй цэрвэх болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг урих, уулзах байтугай бараг тоохгүй байв. Харин БНХАУ-ын дарга Си Зинь Пиний хувьд том гүрнүүдийн удирдагч нартай ээлж дараатай, бас бодлоготой уулзаж байгаа. Манай удирдлагуудын хувьд түүний орлогч, нарийн бичгийн дарга нартай уулзсанаас хэтрээгүй. Гэсэн ч Хятадын тал манайханд "итгэл, хүндэтгэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчим”-ыг дахин давтан сануулж ирснийг дурдах хэрэгтэй байх. Манай мөнхийн хоёр хөрш бидэнд иймэрхүү хандаж байгаа ч хоорондоо бол маш найрсаг эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлж буй. Энэ нь БНХАУ, ОХУ-ын хамгийн том экспортлогчийн нэг болсноос харагдана. Мөн "Их найм” эдийн засгийн хямралд сөхрөхөд хүрсэн дэнжигнэсэн өнгөрсөн жилийн үйл явдлыг нэхэн санавал, БНХАУ-тай эдийн засгаар харилцаагаа сайжруулсан ОХУ нэг их сандраагүй билээ. Одоо ч нөхцөл байдал ийм байна.
Тэгвэл өнөөдөр манай улс эдийн засгийн хямралын хамгийн хүнд үед тулж ирсэн торгон мөчид Ерөнхийлөгч "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэгчээр хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзлаа. Энэ үеэр БНХАУ-ын дарга, ноён Си Зинь Пинь Хятад улс манай улсад хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт оролцохыг дэмжиж, НҮБ, ШХАБ-ын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ хэмээн хэлжээ. Энэ нь бидэнд томоохон боломж байгааг харуулж байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд монголчуудад юу амласан талаарх албан ёсны мэдээллийг эх сурвалжууд хараахан дэлгээгүй байна. Манай хойд хөрш өнөөдөр ямар нөхцөл байдалд байгааг сонирхвол, ОХУ том улс байсан ч задарч, нэг хэсэгтээ хүч нь суларсаныг бид сайн мэднэ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн эдийн засгаа хүчирхэгжүүлж чадсан гэдгийг ч бас мэднэ.
Харин сүүлийн үед тус улсын ерөнхий бодлого алдагдаж байгааг ажиглагч, судлаачид шүүмжилж байгааг тэр бүр мэдэхгүй байж болох юм. Гэсэн ч энэ бүхнээс үл шалтгаалан ноён Путины манай Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт хөрш орнууд болон дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь лавтай. Хөрш, зэргэлдээ гурван улсын төрийн тэргүүн уулзсанаар Монгол, Орос, Хятад гэсэн гурвалсан ашиг сонирхол, эдийн засаг, хамтын ажиллагаанд ахиц гарна, тэр нь бүс нутгийн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн хүлээлт бас байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих