УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар дайн зарлаад байсан ч огцруулах өргөдлөө татан авсан нь олны сонирхлыг татаад буй. Х.Тэмүүжинг суудлаас татаж унагахаар уйгагүй хөөцөлдөж байсан О.Баасанхүү гэнэт ийн шийдвэр гаргаж байгаагийн цаана чухам юу нуугдаж байна вэ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол МАХН-ын дарга Н.Энхбаяр засагт хамтарч байгаагийн хувьд Засгийн газрын сайдуудаар нэг их оролдоод хэрэггүй. Тиймээс Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө тат гэсэн үүрэг өгсөн аж. Ялангуяа Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаасаа татгалзаад буй энэ үед ахин нэг сайд огцорвол цаашид засаг ганхаж, унахдаа тулна. Энэ нь аль талаасаа засагт хамтарч буй МАХН-д сайнаар нөлөөлөхгүй хэмээжээ. Хамгийн гол нь Н.Алтанхуягийн танхим огцорвол шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах боломжгүй ч болж мэднэ гэсэн сэдлээр ийнхүү Х.Тэмүүжинг оролдохгүйгээр шийджээ.
Харин О.Баасанхүүгийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар бол "Миний өргөн барьсан асуудлаас гадна нэмж шалгах шаардлага гарч ирсэн юм. Хаалттай хуралдаан дээр асуудлыг нэмж оруулъя гэсэн ч УИХ-ын дэгийн тухай хуулиар татах, эсвэл түр татаж аваад нэмж оруулах заалттай байсан. Мөн Ерөнхий сайд "Бид МАХН-тай санамж бичиг байгуулсан учраас энэ асуудлаа өөрсдөө дотроо ярина” гэсэн. Тиймээс Ерөнхий сайд одоо Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцох ёстой. Тооцохгүй бол миний зүгээс дахин өргөн барина. Огцруулах өргөдөлдөө дахин хэд хэдэн асуудал нэмэх шаардлагатай байна. Тиймээс түр татаж авсан юм. Намайг 30 хоног Монголын төрөөр тоглолоо гэж зарим гишүүн хэлж байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Энэ асуудлыг хэлэлцэж байхад МАН, АН хоёр тус бүрдээ тав хоногийн завсарлага авсан. Хууль, шүүхийн байгууллагаар шалгах зүйл байсан учраас ингэж хугацаа алдсан” хэмээжээ.
Эндээс харвал О.Баасанхүү Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцох ёстой хэмээн булзааруулж орхиж байгаа хэрэг нь намынхаа даргын үүргийг биелүүлсэн гэдэг нь илт. Шуудхан хэлэхэд намынхаа эрх ашгийн төлөө ийнхүү сүр дуулиан болгож байсан Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг бүр мөсөн мартах бололтой.
С.Баяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2608
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих