НТӨ 198 онд Хүннү улс, Хан улсын хооронд байгуулсан найрамдал-ургийн
гэрээ нь нүүдэлчин ард түмэн суурын мал иргэдийн харилцааны түүхэнд
эргэлт гарсны нэг гэрч болж үлджээ. Үүнээс урьд хятадын нутаг дэвсгэрт
тогтож байсан том жижиг вант улсууд цэрэг зэвсгийн хүчээр нүүдэлчдээс
тэр бүр илүү гарч чаддаггүй байсан төдийгүй, тэдний цэргийн эрдмээс
дууриан суралцаж байсан боловч хятад төвт үзлийг гол болгон хөрш
зэргэлдээх улс орны ард олныг ямагт дорд үзсээр иржээ.
Хятадын Чжоу улсын үеэс (НТӨ XIII-III зуун) эхлэн хятадын ван бол
тэнгэрийн дорхийг (ертөнцийг) захирах тэнгэрийн зарлигтай хэмээн үзэж,
өөрийгөө "Тянь-зы" (тэнгэрийн хүү) гэж өргөмжлөн, улмаар хятад орноор
барахгүй, зэргэлдээх хятад бус ард түмнийг захирах ёстой мэт болж,
ертөнцийн төвийг "Чжун го" (дундад улс) мөн мэтээр үзэх болсон төдийгүй
зэрлэгүүдтэй ямар ч гэрээ хэлэлцээр байгуулж болохгүй, тэдэнтэй зөвхөн
зэвсгийн хүчээр ярих хэрэгтэй гэдэг хэт туйлширмал гадаад харилцааны
бодлого баримтлах болжээ.
Модунь шаньюйн (НТӨ 209-174) үед Хүннү нар ихэд хүчирхэгжиж хөрш
зэргэлдээх улс аймгуудыг эрхшээлдээ оруулан, улмаар урд хөршдөө хүчтэй
цохилт өгч эхэлсэн төдийгүй Түмэн шаньюйн үед хятадад алдсан Ордос
нутгаа эргүүлэн авчээ. Энэ үед Хятадын нутаг дэвсгэрт Цинь улс мөхөж,
Хан улс тогтоод байсан ба тэд өдөр ирэх тутам хүчирхэгжиж байгаа Хүннү
улсаас айн болгоомжилж, хойд хилээ хамгаалуулахаар Хан Вансин жанжнаар
толгойлуулсан цэрэг анги суулгав.
Хүннү нар НТӨ 201 оны намар Хан улсын хилд халдаж Ма-и (өнөөгийн Шаньси
мужийн Шуо жоу хотын Шуо чэн дүүрэг) сууринг бүслэн уг газрыг хамгаалан
сууж байсан Хан Вансин жанжинг буулган авч, улмаар өмнө зүгт
довтолгооноо үргэлжлүүлэн Гоужу (уулын нэр, өнөөгийн Шаньси мужийн
Дайсяний баруун талд) нурууг давж, Тай Юаньд довтлон, 200 оны өвөл
Жиньян (өнөөгийн Шаньси мужийн Тай юань хотын баруун өмнө) хотод ойртон
очжээ.
НТӨ 200 оны өвөл Хан улсын эзэн хаан Гаоцзу хуанди өөрийн биеэр цэргээ
толгойлон тэдний эсрэг гарсан боловч өвлийн хүйтэнд цэрэг ард нь гар
хөлөө хөлдөөж ихэд хохирол амсчээ.
Энэ удаагийн тулалдаанд Модунь нүүдэлчдийн байлдааны өвөрмөц нэг тактик
болох дайсныг өдөж хөдөлгөх аргыг хэрэглэж, Хан улсын эзэн хааныг
шилдэг цэрэг ангийн хамтаар Пинчэн (өнөөгийн Шаньси мужийн Датун хотын
зүүн хойно)-ийн ойролцоох Байдан уулын дэргэд долоо хоног бүслэн гадна
ертөнцөөс тусгаарлажээ.
Эцэст нь Чэнь Пингийн төлөвлөснөөр хятадын тагнуулч Модуны эхнэрийг эрж
уулзан нөхрийг нь ятгуулж чадсанаар бүслэлт зогсож "Энх ургийн гэрээ"
байгуулах болзолтойгоор хятадууд буун өгснөөр тулалдаан дуусчээ.
Ингээд НТӨ 198 онд түшмэл Лю Жинг Хүннү рүү илгээн "Энх ургын гэрээ"
байгуулсан бөгөөд гэрээ ёсоор Хан улс Хүннүтэй ураг барилдахаас гадна
жил бүр тодорхой хэмжээний торго, торгон бараа, архи дарс, үр тариа өгч
байхаар тогтжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ хятадууд хааны гүнжийн оронд
жирийн тариачин гаралтай бүсгүйг явуулсан билээ.
Энэ гэрээгээр Хүннү нар хятадуудаар нүүдэлчид, суурьшмал иргэдийн
хоорондын тэгш эрхийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Гэрээ ёсоор Хан улс
түмэн газрын цагаан хэрмээс хойшхи газрыг Хүннү нарын хаан захирахыг
хүлээн зөвшөөрсөн ба хэрмээс урдах газрыг Хятадын хаан захирах эрхийг
Хүннү улс мөн хүлээн зөвшөөрчээ.
Энэ тухай Хан улсын нэгэн айлтгалд бичсэн нь "Урт хотоос (цагаан хэрэм)
хойш нум барьсан улс шаньюйн цаазыг дагатугай, урт хотоос дотогш дээл
малгайн улсыг би захирсугай" хэмээн Хан улсын хуанди зөвшөөрөн хүлээсэн
байна. Хятадын цагаан хэрэм нь түүхэнд хил хязгаар гэдэг ойлголтыг
хамгийн тод бодитой илэрхийлсэн зүйл бөгөөд "Азийн нүүдэлчид суурин аж
ахуйт аймаг, улсуудын дунд эртнээс (шинэ чулууны эцэс-хүрлийн үеэс)
аяндаа бий болсон хилийн зааг", "Дэлхийн түүхэнд байсан хамгийн
үнэмлэхүй хил хязгаарын нэг" байсан гэдгийг эдүгээ ч бидэнд харуулж
байгаа билээ.
Цагаан хэрмийг хятадын түүхэнд умард зүгийн нүүдэлчдийн довтолгооноос
хамгаалан барьсан хэмээн бичсээр ирсэн боловч НТӨ 369-290 оны үед буюу
Хятадын "Байлдаант улсуудын үе" гэгдэх Чи, Янь, Чжао, Вэй, Цинь ванлиг
улсуудын үед угаас хана хэрэм босгон суух дадал заншилтай хятад хүмүүс
барьсан хэрэм билээ.
НТӨ 198 оны гэрээгээр шийдсэн бас нэг гол асуудал бол нүүдэлчид хилийн
худалдааг Хан улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдал байжээ. Хүннү, Хан
улсын хооронд байгуулсан "Энх ургийн гэрээ"-г батлах эд өлгийн олдвор
БНХАУ-ын Бугат хотын Жаовангийн 8-р булшнаас (Хан улсын үеийн) 1954 оны
6-р сард илэрсэн бөгөөд байшингийн дээврийн ваарны төгсгөл хэсэг болох
уг олдвор дээр ханз үсгээр "Шаньюй ураг барилдав" хэмээн бичсэн байжээ.
Уг дээврийн ваарны тагны хэмжээ нь 15.5 см-ийн диаметртэй. (Зураг 1)
Дээрх булшнаас гадна мөн цагаан хэрмээс хойшхи газар нутаг нум сум
агсагчдьтн мэдэлд байсан гэдгийг батлах бас нэгэн эд өлгийн зүйл 1953
оны 4-р сард Бугат хотын Жаованд хийсэн археологийн малтлагаас гарсан
байна.
Байшингийн дээврийн ваарны таган дээр "Шаньюй тэнгэрээс мэндлэв" гэж
бичсэн уг олдворын урт нь 42 см, диаметр нь 17.1 см хэмжээтэй байна.
(Зураг 2) Бугат хотын Жаовангаас олдсон дээрх хоёр олдвороос харахад
нүүдэлчин, суурьшмал иргэдийн хооронд байгуулсан энх ургын гэрээ, Шаньюй
тэнгэрээс мэндэлсэн зэрэг үйл явдал цагаан хэрмээс хойш нутаглан суудаг
ард түмний хувьд чухал мэдээ байсан нь илт байна.
Эцэст хэлэхэд НТӨ 198 оны гэрээ нь нүүдлийн хийгээд суурин соёл
иргэншлийн хоёр гол төлөөлөгч болох улс гүрнүүд тэр нэгэн цагт цэрэг
эдийн засгийн тэнцвэртэй байдалд оршин тогтнож байсныг төдийгүй зарим
талаар нүүдлийн соёл иргэншил давуутай болох хандлага гарч байсныг
нотлох баримт юм. Эл давуу байдал хөгжин хөгжсөөр AT XIII-XIY зуунд дээд
цэгтээ хүрсэн билээ.
Доктор, дэд профессор Тогтууны Эрдэнэхишиг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих