Хариуцлага, ёс зүй хэмээх ойлголт эрүүл мэндийн салбарынхны анхааралд нэн тэргүүнд байх ёстой хэмээн иргэн хүний хувьд боддог. Тэгвэл өнөөдөр энэ салбарын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүй, хариуцлагаа үл ухаарч байдгаас эрүүл мэндийн тогтолцоог улам бүр доройтуулж, "авилгад их өртсөн, эрүүл бус салбар” хэмээн иргэд дүгнэхэд хүрээд байгаа билээ.
Мэдээж алтан гартай эмч нарын ачаар аюулт өвчнөөс ангижирч, биеэ илааршуулаад эмнэлгээс гардгийг хэлэхгүй өнгөрвөл алдас болно.
Сайны хажуугаар саар гэгчээр эмчийн ёс зүйгээ умартан, ажил албан тушаалаа ашиг олох хэрэгсэл гэж харсан, өвчин туссан хүнийг мөнгө хэмээн хардаг эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллага байгаа нь олны дургүйцлийг төрүүлдэг.
Хүнд суртал ихтэй, өнгө мөнгөнд шунасан эмч нарын цөөнгүй хэсэг нь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллах болсон гэхэд буруудахгүй. "Эрүүл Монгол”, "Элэг бүтэн Монгол” гээд үе үеийн эрх баригчид сайхан амлалт ард түмэнд өгдөг. УИХ-д олонх болсон МАН сонгуулийн амлалтдаа "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирусийн халдвартай хүмүүсийг бүрэн эмчилнэ гэж амласан. Амлах нэг хэрэг, ажил хэрэг болгох нь чухал.
Ажил хэрэг болгох ёстой салбарын яам, харьяа болон эрүүл мэндийн хувийн байгууллагууд, тэнд ажиллагсад нь энэ хөтөлбөр, амлалтыг мөнгөний нүдээр хараад байгаа юм.
Элэгний С вирусийн эсрэг эмийг манай эрүүл мэндийн байгууллагууд шинжлэхдээ вирусгүй хүнийг вирустэй гаргах тохиолдол нэг бус. Нарийн шинжилгээ хийлгэлгүй анхны дүгнэлтэд нь итгэн өндөр үнэтэй эмийг нь шууд аваад хэрэглэсэн бол наанадаж хөрөнгө санхүүгээрээ, цаашлаад эрүүл мэндээрээ хохирч, тухайн эмэнд нь дасалтай болчих магадлал өндөр.
Манай нэг сурвалжлагчийг ямар ч вирусгүй байхад нь С вирустэй хэмээж, сэтгэл санаагаар унагасан удаа бий. Өдгөө эрүүл мэндийн байгууллагууд вирустэй гэж оношлогдсон хүмүүсийг хяналтдаа байлгах нэрээр бас мөнгийг нь саах явдал байна. Түүгээр зогсохгүй эмч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц нөхцөл байдал бий болгож буй юм.
Эрүүл мэндийн байгууллагынхан авлига авдаггүй, эмчлүүлж илааршсан хүмүүс талархлаа илэрхийлж, чихрийн цуглуулга, дарс, 50 мянган төгрөг өгснийг хахууль авлаа гэж буруутгадаг. Бид авлига аваагүй хэмээдэг нь олон.
Авлигын эсрэг хуульд "Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрх зүйн зөрчлийг авлига гэнэ” хэмээн тодорхойлсон.
Тэгвэл зарим эмч бусдад давуу байдал бий болгож шан харамж авч байгаа тохиолдол олон. Сүүлийн үед элэгний С вирусийн эсрэг эмийг иргэдэд борлуулахын тулд эм ханган нийлүүлэх байгууллага, эмч нартай хуйвалдаж, давуу байдал олгож буй гэнэ.
Манайдаа нэртэй, олон жил оршин тогтносон эм ханган нийлүүлэх байгууллагынхан импортолдог эмээ борлуулахын тулд эмч нарт нэг эмэнд 20.000-40.000 төгрөгийн урамшуулал өгч эмийн жор бичих хуудас дээр бичүүлдэг тухай мэдээлэл олны дунд байна. (Энэ удаад бид эмч, эм ханган нийлүүлэх байгууллагын нэрийг дурдахаа түр азная) Үүнийг АТГ анхааралдаа авч шалгахгүй бол дунд шатны авлига хэрээс хэтэрлээ гэх хүмүүстэй нэг бус удаа таарав.
Уг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны 446 дугаар тушаалаар баталсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” гэж эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын баримталж байх ёстой эрх зүйн баримт бичиг бий.
Үүний 3.18-д "Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах нь ёс зүйд үл нийцнэ” гэж заасан.
Мөн тус хэм хэмжээний 3.23-т нь "Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэхгүй байх” гээд цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа юм.
Амьдрал дээр эмч нар хувь, хувьсгалын гэлтгүй дээрх ёс зүйн хэм хэмжээний заалтыг зөрчин "Тэр эмийн сангаас очиж, тийм нэртэй эм авч уу” гэдэг нь өнөөдөр хэвийн үзэгдэл болсон.
Түүнээс гадна 3.25 дахь заалтад "Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх”, 6.2-т "Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхлоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг дээгүүрт тавина” хэмээн заасаар атал хувийн ашиг сонирхлоор хандаж байна.
Монголчуудын дунд элэгний өвчлөл өндөр, бараг л айл болгонд шахуу В, С вирустэй хүн оношлогддог гэхэд хилсдэхгүй. Судалгааны дүнгээр манай таван хүн тутмын нэг нь вирустэй гэдэг. Эмнэлэг, эмчид хандахаар элэгний вирусийн нэг эм бичиж өгнө. "Тэр эм ханган нийлүүлэх байгууллагын тийм нэртэй эмийг авч уу” хэмээн зөвлөнө. Вирустэй гэж оношлогдсон хүн тухайн газар нь очоод л ямар ч үнэтэй байсан хамаагүй эрүүл мэндийнхээ төлөө аваад ууна.
Угтаа эмч нар элэгний С вирустэй гэж оношлогдож буй хүнд "Софосбувир/Ледиспавир” хэмээн эмийнх нь олон улсын нэршлээр бичиж өгвөл ёс зүйн хэм хэмжээгээ баримталж буй гэж үзэж болох. Гэтэл манай эмч нар дээрх байдлаар бус, өөрт нь урамшуулал, авлига өгдөг эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирдэг эмийн нэрийг бичээд сууж буй нь Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох эрхэнд ноцтой халдаж байгаа гэсэн үг юм.
Эм ханган нийлүүлэх зарим байгууллага ёс зүйн алдаа гаргаж, өөрсдийн оруулж ирдэг эмийг бичүүлсний төлөө урамшуулал олгож байгаа нь иргэд, өвчтөний эрүүл мэндийг бодсондоо бус, ашиг хонжоо харсан явдал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Өнөөдөр манай улсад элэгний С вирусийн эсрэг эм импортолдог эм ханган нийлүүлэх 4-5 байгууллага байдаг. АНУ-ын "Гилеад Сайнсис” компанид үйлдвэрлэдэг, тус улсаас оруулж ирдэг оргинал "Харвони” эмийг "Омбол” компани оруулж ирдэг. Уг эмийн үнэ 300 ам.доллар.
Түүнээс гадна дээрхтэй ижил үйлчилгээтэй дөрвөн өөр нэртэй эмийг манайхан Энэтхэгээс оруулж ирж байна. "Монгол эм импекс” компани "Ледвир” гэх эм оруулж ирэн 525 мянган төгрөгөөр худалдаж буй. "Омбол”-ынхон оргинал "Харвони”-гоос гадна "Хепсипот ЛП” гэдэг эм импортлон 350 мянгаар борлуулж байгаа.
"Азифарм” компани "Ледипос” нэртэй С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг авчран 420 мянгаар зардаг. "Моносфарм”-ынхан "Верипас” гэдэг нэршилтэй эм оруулж ирэн 155 ам.доллароор худалддаг юм билээ. Дээрх дөрвөн эм үйлчилгээний хувьд ижил, С вирусийн эсрэг эмчилгээнд зориулсан. АНУ эм үйлдвэрлэх лицензээ Энэтхэгийн компаниудад худалдсанаар тус улсын эмийн үйлдвэрүүд өөр өөр нэрээр үйлдвэрлэж байгаа юм билээ.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд элэгний С вирусийн эсрэг 4-5 төрлийн эм оруулан ирээд хамаа замбараагүй л тарааж, борлуулж байна. Тэдний үйл ажиллагаанд ЭМЯ, МХЕГ хяналт тавьж ажиллахгүй бол дээрх нэр төрлийн эмнүүдэд дасалтай болж, дараачийн үе эм гарч ирэхээс нааш эмчлэгдэхгүй элэгний өвчтэй болох вий дээ.
Эмийн замбараагүй, хараа хяналтгүй хэрэглээ тун нь таарвал өвчнийг эмчлэх байх. Хэтэрвэл өвчний үүр л болгож болзошгүй. Тиймээс зөвхөн С вирусийн эмээр тогтохгүй, бусад төрлийн эмэнд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Бид өнөөдөр ардчилсан, хүмүүнлэг нийгэмд амьдарч байна хэмээн ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь хүнийхээ төлөө юу хийж байна вэ? Лав л эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх маань маш доод түвшинд байгаа. Мөнгөгүй, танилгүй бол хохь нь болж байна гэхэд хатуудсан болохгүй. Хэзээд ч, хэнийг ч ялгаварлахгүй эмчилнэ гэж тангараг өргөдөг эмч нар өнөөдөр ачаалал хэтэрсэн, харьяаллынх биш гээд зориод очсон өвчтөнөө хөөж туудаг, хүйтэн сэтгэлтэн болж хувирсан.
Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-ийнхөн нээлттэй хаалганы өдөрлөг хийсэн. 14.30 цаг болмогц үүдэнд нь дугаарлан суугаа хүүхдүүдийг үл ойшоон хаалгаа түгжин алга болж байв. Энэ мэт жишээ баримт эрүүл мэндийн салбарын доройтол, эмчийн ёс зүй маш ихээр алдагдсаныг илтгэнэ.
Тиймээс ЭМЯ-ны шинэ сайд, дарга нараар тогтохгүй Засгийн газар, УИХ-ын түвшинд анхааралдаа авахгүй бол "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр чинь хоосон амлалт л болоод үлдэх байх шүү.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих