Багын найзаа санахаар зүрхний утас хөндөгдөөд, хөндөгдсөн сэтгэл хачин ихээр үймрэх юм
Томоогүй насны ижил өнгөт минь, тун ч олон өдрийг жаргалтайхан өнгөрөөсөн дөө бидэн
Тоотой хоногийн алсхан зөрөгт тогоруу шиг цувран холдсон ч, хонхон цэцэг, эрвээхэй нүдэнд хонгорхон насаа нууж амжсан
Гар гараасаа тавиагүй солонго шиг өдрүүдэд өвсний шүүдэрт инээд цутгаж, өрмөн талдаа цэцэг шиг ургасан
Ганган насны нөхөрлөл минь ээ,..гайхалтай тунгалаг үерхэл минь
Зүүдний хөлгөөр үүлс дамнан надруу ирж, зөндөө удаан хамтдаа наадах юм бидэн
Зүс гундаж нас бууралтсан ч бие биендээ зүггүй охид хэвээрээ байх, дэгжин сүлжээт навчисыг титэмлэн зүүж нэгнээ гоодох
Тэнгэрийн сахиус, сарны гүнж минь,..оддоос надад онцолж сонгосон омголон насны гэрэл шиг анд минь
Танхил гивлүүрт хайраар чинь сэтгэлээ тэврүүлэх гэж чамайгаа санах юм
Танил торгон инээдээр чинь зүрхээн ихэрлүүлэх гэж чамайгаа үгүйлэх юм
Үрсээн тойруулсан гэргий тавилант болсон ч, үймэрч дарвисан насаа хааяа нэг тольдоод
Үеийн хэдэн найзуудаа цуглуулж, үрчлээт хорвоог толийтол цэнгье, үсэн
дэхь тууз , чихрийн цаас, мөрөөдлийн дурлалаа нэхэн санаж үзэсгэлэнт
ертөнцөөрөө хэсэгхэн саатъя...
2014.01.08
...........Х.ДУЛАМСҮРЭН...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих