Монголын сэтгүүлзүй бол сүүлийн хорин жилд хамгийн хурдтай хөгжсөн, эрчтэй тэлсэн салбарын нэг яалтгүй мөн. Ийм хөгжил хөдөлгөөнийг дагасан гэрэл сүүдрийн аль аль нь манайд бий. Тэгээд ч салбарын онцлогоос болоод сэтгүүлзүйн алдаа оноо нь нийгэмд үргэлж ил тод, нээлттэй байдаг. Энэ нээлттэй байдал нь хэн дуртай нь сэтгүүлзүй рүү нулимах шалтаг болох ёсгүй.
Манай салбарын онцлог нь нэг хэсэг асуудлыг хуулиар зохицуулдаг, нэг хэсэг асуудлыг ёсзүйгээр зохицуулдагт оршдог. Бид өөрсдийн алдаа оноог сайтар мэдэж байгаа бөгөөд сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтын оновчтой арга механизмыг сүүлийн үед идэвхтэй эрэлхийлж, зөв сайн эхлэлүүд нэгэнт тавигдаж байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Манай салбартай холбоотой аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргахдаа МСЭ болон сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажилтан ажиллагсдын байр суурь, санал бодлыг ямагт харгалзан үзэж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Бурууг бусад руу чихэхийн золиос нь Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүй болох ёсгүй бөгөөд ийм хандлагын эсрэг тууштай тэмцэж, мэргэжлийн болоод салбарын нэр хүндээ хамгаалах нь нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэм үүрэг болоод байгааг сануулж, эв нэгдэлд уриалан дуудаж байна.
2014.05.22. Улаанбаатар хот
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих