Үлийн цагаан оготно малын бэлчээр сүйтгэн, газар нутаг талхалдаг гэж хүн бүр ойлгон, бараг л хархтай адилтган үзэж, үндсээр нь устгах гэж жил бүр хордуулан хөнөөж байна. Үлийн цагаан оготно хэт олширсон үедээ байгальд хөнөөл учруулдаг ч байгаль сүйтгэдэг амьтан биш. Харин тоо толгой нь цөөрвөл хэсэг амьтан, махчин шувуу идэш тэжээлгүй болж, аюул дагуулж мэдэх учир толгой дараалан устгах нь буруу юм. Үлийн цагаан оготны хэт үржих, тоо толгойг нь байх ёстой хэмжээнд зохицуулдаг үнэг, хярс, мануул, идлэг шонхор, сар шувуу агнах зохистой байдал алдагдсанаас оготнотой тэмцэгчдийг амьдрах орчингүй болгожээ. Оготныг хэт олширвол малын бэлчээр хувхайруулдаг учир химийн хор цацдаг. Үүнд улсын төсвөөс сүүлийн 40 гаруй жилд жил бүр хэдэн сая төгрөг зарцуулдаг ч оготно устаж үгүй болохгүйгээр нутгаа сэлгэсээр байгаагаас гадна хор цацах нь хүн ам, амьтан, ургамлын амьдралд нөлөөлөх хор уршгийг нарийн тооцдоггүй дутагдал байдаг аж.
Хор цацах нь тухайн үедээ үр дүнтэй юм шиг мөртлөө байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй. Тухайн үед хор цацсанаас үнэг, хярс галзуурах, тэр байтугай хүний эрүүл мэндэд нөлөөллөө гэсэн асуудал гарч байсан юм. Тиймээс ч олон улсын байгууллагууд манай Засгийн газарт, салбарын яаманд асуудал тавьснаар дэлхий нийтийн чиг хандлагын дагуу Монгол Улс хор цацах аргаас татгалзсан.
Судлаачдын судалгаагаар үлийн цагаан оготны тоо толгой 10-12 жилийн давтамжтайгаар өсдөг
Монгол Улсад тал хээрийн бүс нутгийн 40 гаруй сая га талбайд үлийн цагаан оготно тархасныг судалгаагаар гаргажээ. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийн сонгон эзэмшиж, өвс ургамал сахлаг шигүү нутагт үлийн цагаан оготно удаан суурьшдаггүй дайждаг байна. Нэг га талбайд 80-100 үлийн цагаан байвал хөрс, ургамал, амьтны аймагт сайн нөлөө үзүүлж, хөрсийг сийрэгжүүлж, гүний шороог ялзмагаар баялаг өнгөн хөрсөн дээр гаргаж өгдөг. Ингэснээр газрын хөрсөнд үржил шимтэй шинэ давхарга үүсч, агаар, ус, дулааны солилцоо идэвхжидэг аж.
Одоогоор манай улс микробиологи, нөгөө нь түүгээр хооллодог амьтдыг өсгөн үржүүлэх аргаар тэмцэж байна.
Микробиологийн арга буюу гэдэсний хижиг өвчний нян агуулсан өгөөш тавих, уламжлалт байгаль орчинд халгүй арга болох үүр рүү нь ус цутгах, утах, хөеөг нь авах гэх мэт олон арга бий. Мөн үлийн цагаан оготноор хооллодог олон нэр төрлийн шувуунд зориулан шон босгох, суудал засах, үнэг, хярсны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн арга ч байна. Ингэж л экологийн тэнцвэртэй байдлыг барих ёстой юм.
Хамгийн гол нь, орон нутагт, бэлчээр ашиглаж, түүнээс хувь хишиг хүртэж байгаа малчид маань үлийн цагаан оготныг бага байх үед нь цаг үргэлж тэмцэх ажлаа тасралтгүй явуулбал үр дүнд хүрнэ. Тэрнээс гэнэт олширсон нөхцөлд энэ арга төдийлөн хүссэн үр дүн авчрахгүй.
Түүнчлэн, үнэг, өмхий хүрэн, үен, мануул, могой, зараа, шонхор бүргэд зэрэг амьтан шувуунд үлийн цагаан оготно хамгийн амттай хоол нь болдог. Үнэг, хярс гэхэд өдөрт 8-10 оготно барьж иддэг бөгөөд монголд үлийн цагаан оготны хэт олшролт сүүлийн 60 жилийн хугацаанд зургаан удаа давтагдан, 10-12 жилийн давтамжтай үржиж, олширдгийг эрдэмтэд тогтоожээ.
Б.Оюун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих