Шинэ үеийн сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа гэхээсээ илүү толгой хоосны гай сэтгүүлчдийн нэр хүндийг хөсөр унахад хүргэж байна. Сэтгүүлч болох гэж байгаа хүн ядаж Монгол Улс хэдэн яамтай, сайдаар нь хэн ажилладаг, төр барьж буй хүчин ямар нам болох, сайдууд нь аль намынх гэх мэт хамгийн энгийн мэдээллээр өөрсдийгөө цэнэглэх хэрэгтэйг хэлмээр байна. Тоогоо алдсан хэвлэл мэдээлийн хэрэгсэлд ажиллаж буй сэтгүүлчдийн олонх нь 25-30 насныхан. Алдаа оноог дэнсэлж, аливаа зүйлийн учрыг ухаж ойлгох насанд хүрсэн тэд нэг л бишээ. Алдаа онооны гүн рүү нь бус өнгөцхөн харахад төрийн гурван өндөрлөгийн овог нэрийг мэдэхгүй, албан тушаалыг нь тэс хөндлөн бичиж орхино. Яамдын сайд нарыг хольж хутган ёстой бантан зуурч өгөх юм. Нийслэлийг хамгаалах яам, Нийгмийн хамгаалал байгаль орчны яам, Хууль сахиулах яам гэх мэтчилэн тэдний алдаа нүүрээ хийх газаргүй болгох үе цөөнгүй.
Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд З.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшин гэж биччихнэ. Ерөнхийлөгчөө аль намынх, хэзээ хэдэн удаа удаа сонгогдож буй гээд хамгийн энгийн мэдээлэл мэдэхгүй хүмүүс нийгэмд ямар их чөдөр тушаа болж байгаа бол. Нэр нэгтийн чих нэг гэдэг. Нэр нэгтэй хүмүүсийг андуурах тохиолдол дээхнэ байсан. "Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүг, УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй андуурсныхаа төлөө ажлаасаа халагдаж байсан сэтгүүлчийг би мэдэх юм байна. Гэтэл одоо энэ алдааг юман чинээ бодолгүй харин ч бүр байдаг зүйл мэтээр толгойг нь илж өнгөрүүлэх болжээ. Мэдээний гарчигт алдаа гаргасан сэтгүүлч "толгойгүй” болдог байсныг дунд насныхан сайн мэднэ. Андуурч дарсан нэг үсэгний төлөө ажлаасаа халагдаж, цалингийнхаа 20 хувиар торгуулна. Тухайн үед бидэнд дарамттай, хэцүү байдаг ч дахин хэзээ ч ийм алдаа гаргахгүй хатуу сургамж болон үлддэг юм. Харин одоо бол энэ мэт алдаа юу ч биш болж. "Ядаж гарчиган дээрээ битгий алдаа гаргаач" гэдэг үгийг редактор хийж буй сэтгүүлчид өдөртөө хэдэн мянган удаа давтдаг бол. Ахмад үеийн сэтгүүлчид зөв бичгийн дүрмийн талаар маргаад эцэстээ шийдэлд хүрч чадахгүй болбол "Ардын эрх сонинг харчихъя” гээд сонин дээрээс тэр үгээ хайж олоод маргаанаа тасалдаг байсан гэдэг. Бид маргаантай, эргэлзэж байгаа үгээ сонин дээрээс харвал харин бүр тэр үгний утга, үндсийг нь өөрчилсөн хэд хэдэн хувилбар харах болдог нь нууц биш. Сэтгүүлч бидний алдаатай үг, хэллэг яриа улсын соёл, иргэдийн оюун санаа, мэдлэгийг хичнээн их хойш татдаг бол. Ядаж сэтгүүлч бид бүхэн зөв бичиж сурвал ч мөн ч их хэрэг байна.
Уран яруу, тансаг гэгддэг монгол хэлний хэрэглээ улам хумигдан, нэг үгийг хүн бүхэн өөрийн дүрмээр бичиж, аюулгүй байдалд нь нөлөөлж байна. Үүний буруутан нь сэтгүүлч бид мөнөөсөө мөн. Их дээд сургууль, сонин, сайт болгон өөрийн гэх дүрэмтэй болсон энэ цаг үед УИХ-ын дөрвөн гишүүн Монгол хэлний тухай хуулийг өргөн бариад байна. Хууль батлагдан хэрэгжвэл нэг үгийг олон янзаар бичдэг, ямар үгийг хэрхэн бичих талаарх эргэлзээ арилах аж. УИХ-ын гишүүн М.Батчимэг
"...Ер нь энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг манай иргэд хамгийн сайн мэдэж, мэдэрч байгаа болов уу. Наад зах нь бичиг үсгийн дүрэмтэй холбоотой асуудал байна. Өнөөдрийг хүртэл монгол хэлний дүрмийг хэн батлах, хэрхэн мөрдөх тал дээр хуулийн ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс эрдэмтэд өөр өөрсдийн судалгаан дээр үндэслэсэн дүрэм зохиодог, их, дээд сургууль болгон өөрийн гэсэн дүрэмтэй болчихсон. Ерөнхий боловсролын хичээлийн сурах бичиг зохиогчид өөр өөр дүрэм хэрэглэдгээс болоод багш нарт хичээл заахад маш түвэгтэй байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар толь бичиг гэхэд 30 гаруй янз байх жишээтэй. Энэ мэтчилэн эх хэлний маань нэгдмэл байдал ихээхэн алдагдаад байна. Саяхан хэсэг эрдэмтдийн зүгээс хэлний дүрэм өөрчлөх асуудлыг тавьж, маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний нэг шалтгаан гэвэл зөв бичих дүрмийг хэн өөрчлөх эрхтэй вэ гэдгийг зохицуулсан хуулийн зохицуулалт алга. Энэ мэт олон асуудлыг Монгол хэлний тухай хуулиар зохицуулахаар зорьж байна...” гэжээ.
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үгийг бид сайн мэднэ. Харин бид нэг үгийг хэрхэн бичихээ мэдэхгүй тэр төөрсөн сармагчнаас ч дор байгааг онцгой анхаарах цаг 2010 оны тавдугаар сарын 26-ны өдөр өнгөрсөн. Гишүүдийн санаачилсан хууль батлагдаад сайн хэрэгжүүлж чадвал бидний хойч үедээ үлдээх том хөрөнгө оруулалт мөнөөс мөн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих