"Blue moon” арт галлерейн салбар "Art boutique” – ээс урлаг сонирхогчдодоо зориулж монгол бичгийн уран бичлэгийн "Тэнгэрийн бичээс” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт тус галлерейн уран бүтээлч Э. Найдандорж, Ц.Солонго нар оролцож уран бичлэгийн бүтээлүүдээ дэлгэн танилцуулсан юм.
"Art boutique” галлерейн менежер Ж.Нарантуяа
Өнөөдөр танайхаас зохион байгуулж байгаа өдөрлөгийн зорилго юу вэ ?
Өнөөдөр манайд каллиграфийн өдөрлөг зохион байгуулагдаж байна. Өдөрлөгт манай "Blue moon" галлерейн гишүүн хоёр уран бүтээлч болох Найдандорж, Солонго хоёр оролцож байгаа. Энэ хоёр уран бүтээлч маань аль болох олон хүн хамруулахын тулд аль болох өргөн сонголттойгоор бүтээлээ хийж өгөх юм. Манай Art Boutique нээлтээ хийгээд удаагүй байгаа. Blue moon галлерейн жижиг салбар болж нээгдсэн. Хүн болгон галлерейг зорьж очиж үзээд байдаггүй. Галерейн тухай тодорхой мэдээлэл байдаггүй. Мэддэг хүмүүс нь үздэг байдал бий болохоор аль болох нийгэм урлаг хоёрын гүүр болох зорилготой , дээрээс нь уран бүтээлч нарыгаа дэмжье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Аль болох нийгэмдээ зөв сайнаар хүрч ажиллахыг зорьж байна.
Танай галлерейд ямар төрлийн бүтээлүүд байх вэ ?
Манайд дээд тал нь сая төгрөгийн үнэтэй бүтээлүүд байрлана. Гэхдээ сая төгрөгийн бүтээл гэхээр хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг. Дандаа мэргэжлийн уран бүтээлч, манай галлерейн гшиүүн уран бүтээлчдийн бүтээл тавигдах юм. Манайх галлерей гэсэн утгаараа дүрслэх урлагтай холбоотой бүхийл төрлийн өдөрлөг , үзэсгэлэн нээлтүүд болж байна. Ерөөсөө хоосон байхгүй. Өглөөнөөс авхуулаад орой 12 цаг хүртэл үүд хаалга маань нээлттэй байна. Дуртай үедээ ороод үзээд байж болно. Яг одоо Сайнхүү гэдэг зураачийн уран зургийн үзэсгэлэн гарчихсан байгаа. Ер нь бол дандаа жижигэвтэр бүтээлүүд тавигдана. Төв галлерей дээр том хэмжээний бүтээлүүд гарна. Удахгүй манайх хүүхдийн баяртай холбогдуулан хүүхдэд чиглэсэн уран бүтээлийн үзэсгэлэн гаргана. Бас наадамд зориулаад морьдын зургийн үзэсгэлэн гарна. Манай энэ салбар нээгдээд удаагүй ч гэсэн хүмүүсийг аль болох идэвхижүүлэх, урлаг нийгэм хоёрын гүүр болох зорилготойгоор амралтын өдрүүдээр байнга өдөрлөг зохион байгуулна. Өнөөдөр гэхэд л галлиграфийн өдөрлөг болж байна.
Сая төгрөгийн бүтээл гэхээр буруу ойлголт гардаг гэдэг нь юу гэсэн үг вэ ?
Сая төгрөгөөс доош үнэтэй гэхээр муу бүтээл гэсэн ойлголт байдаг. Жишээ нь манай энэ үзэсгэлэнд байгаа тогоруу байна. Монголд металь арт хөгжөөд удаагүй байгаа ч гэсэн сайн бүтээл болж чадсан. Энэ бол гурван хос аав, ээж , хүү гэр бүл тогоруу юм. Дөнгөж сургууль төгссөн залуу уран бүтээлч гэхэд ийм гоё бүтээл хийчихсэн байна. Барималын шаварыг дуртай хэлбэртээ оруулаад юм хийж болно. Гэтэл төмрийг яг барималын шавар шиг уран барималын хэмжээнд очтол нь бүтээл хийнэ гэдэг бол залуу хүний хувьд бахархмаар зүйл. Ерөнхийдөө манайд байгаа бүтээлүүдийг харахад залуу уран бүтээлчдийн маш гоё эрч хүчтэй бүтээлүүд байна. Ахмад уран бүтээлчдээс жишээлбэл Доржжанцан гуайн бүтээл байна. Ерөнхийдөө янз бүрийн насны мэргэжлийн уран бүтээлчдийн төрөл бүрийн бүтээл байгаа. сая төгрөгийн гэхээр муу биш сайн уран бүтээлчдийн гоё гоё бүтээлүүд байгаа.
Үзэсгэлэнгээс хүмүүс бүтээл худалдаж авч болох нээ ?
Тийм . Манай дээр гарч байгаа өдөрлөг, үзэсгэлэнгүүдээс бүтээл худалдаж авч болно. Мэргэжлийн уран бүтээлч хүмүүстэй ярилцаж зөвлөгөө авч байгаад бүтээлээ сонгож авч болно. Ерөнхийдөө хүмүүсийн оюунлаг сонголтонд нөлөөлөхийг хичээж байгаа.
Оюунлаг сонголтонд нөлөөлнө гэдэг их сайхан санагдлаа. Яг хэрхэн нөлөөлөх вэ ?
Уран зураг , урлагийн бүтээл гэхээр өөрөөс холдуулж би нэгэнт л ойлгохгүй гэх байдлаар ханддаг хүмүүс их байдаг. Нэгэнт л галлерей ороод хар цагаан зураг, модерн зураг гэж мэдэхгүй зургаа ойлгохгүй юм чинь гэж хандах нь их байдаг. Тэр байдлыг нь аль болох өөрчилье гэж бодож байгаа. Жишээ нь гадагшаа монголчууд явахдаа бэлгэнд ихэвчлэн архи авч явдаг. Тэрний оронд жишээ нь манай керамик арт студийн мөнгөн аяга , эдлэл, ханын чимэг авч явж болно. Тухайн хүний сонирхол, гэрийнх нь интерьерт тааруулаад зураг бүтээл сонгох боломжтой. Жишээ нь би хүмүүст бэлэг авах гэхээр номноос өөр сонголт байдаггүй байсан. Тухайлбал би нэг хүний төрсөн өдөрт жил болгон явдаг байлаа гэхэд 10 жил дараалан ном өгөх үү. Түүнийхээ оронд гоё бүтээлүүдтэй хамт өгч болно. Хүмүүст энэ талаас нь илүү ойлгуулахыг л хичээж байгаа юм.
"Blue moon” галлерей хэзээ байгуулагдсан бэ ?
Манай галлерей байгуулагдаад жилийн хугацаа өнгөрсөн байна. Бусад галлерейг бодоход хамгийн залуу уран бүтээлчидтэй галлерей байгаа. Аль болох залуу хүмүүсийн эрч хүчээр ажиллах гээд зорьж яваа. Манай захирал Тэмүгэ гэж залуухан уран бүтээлч байдаг. Манай галлерейн ажилчид бүгдээрээ уран бүтээлч хүмүүсээс бүрдсэн байгаагаараа онцлог. Өөрсдөө зураач хүмүүс учраас зураач нартайгаа илүү ойр дотно, тулж ажиллана.
"Blue moon” арт галлерейн уран бүтээлч Ц.Солонго
Монголын калиграфийн урлагийн үүсэл хэзээнээс эхтэй вэ ?
Калиграф гэдэг маань үсгийн урлагийн нэг төрөл. Аль ч улс үндэстэн өөрийн гэсэн бичиг үсэгтэй байдаг. Түүнийгээ тигийг нь уран бичлэгээр бичихийг калиграффийн урлаг гэж болно. Үүсэл нь гэвэл тодорхой хэлэх боломжгүй. Бичиг үсэг үүссэн цагаас л байсан зүйл гэж болно. Монгол уран бичлэгийн томоохон өв бол Чингисийн чулууны бичгийн тиг байдаг. Сүүлийн үед монголын залуу уран бүтээлчдийн уран бичлэгээр бичиж байгааг харах юм бол бийрин тиг нь ихэвчлэн Япон, Хятадын татлагаас санаа авсан байдаг. Монгол хүн бүрийн босоо бичгээ дээдлэх сэтгэлгээ сэргэж байгаа энэ үед урлагаар дамжуулж үндэсний соёлынхоо дархлааг бэхжүүлэх үйлсэд уран бичлэг өндөр үүрэгтэй гэж боддог. Тийм ч учраас урлагаар дамжуулж хүний гоо сайхны мэдрэмж , таашаалыг нэмэгдүүлэх , "Blue Moon” арт галлерейн салбар болох "Art boutique” - ийг олонд таниулах зорилготой юм.
Солонгос, Япон бийрийн бичлэгээс Монгол бийрийн бичлэгийн ялгаа , онцлог нь юу вэ ?
Монгол бийрийн бичлэг босоо бичигддэг. Монгол хүний сэтгэлгээ, сэтгэл зүйн онцлог шингэсэн байдаг учраас онцлог байдаг. Солонгос , Японы бичлэгт ханзны бичлэг буюу дүрс үсгийн хэв маяг их харагддаг.
Та ямар ямар сэдэвээр уран бичдэг вэ ?
Би зураач хүн учраас урлаг талаас нь бүтээлтэйгээ хослуулж зохиомжлох байдлаар бичдэг. Бичиг үсгийн чиглэлийн хүмүүс цэвэр уран бичлэгээрээ бичдэг.
Таны бичсэн хамгийн үнэ цэнэтэй бүтээлүүд юу вэ ?
Хамгийн сүүлд би Өндөр гэгээн Занабазар гэж бүтээл бичсэн. Монголчууд одоог хүртэл Соёмбо үсгийг дээдэлдэг хэвээр байгаа би Соёмбо үсгийг Занабазарын бүтээснээр нь зураад хоёр хажуу талынх нь босоо хэсэгт нь өндөр гэгээн Занабазар гэж бичсэн. Утга санаа нь гэвэл соёмбон дотор Занабазар өөрөө оршиж байдаг юм шүү гэсэн санаагаар монгол бичгээр бичсэн бүтээл байгаа.
Т.Түвшинсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих