Испанийн Эзэн хааны "Реал Мадрид” клуб Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн цомыг арав дах удаагаа хүртлээ. Лиссабон хотноо болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтод "Атлетико”-г 4:1 буулган авч, аваргууд болохоо батлав. Мадридаас гаралтай хоёр баг ийнхүү аваргын төлөө өрсөлдсөн нь олны сонирхлыг татжээ. "Атлетико Мадрид”-аас Диего Годин тоглолтын 36 дахь минутад гоолын салхийг нээж, тоглолтын үндсэн цагт "Атлетико” хошуучлалаа хадгалж байсан ч тоглолтын эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт, 90+3 дахь минутад Серхио Рамос тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Ингээд нэмэлт цаг сунгаж, 110 дахь минутад Анхель ди Мариягийн гайхалтай дамжуулалтаар Гарет Бейл тооны харьцааг 2:1 болгож, багтаа тэргүүлэл авчирсан. Тоглолтын уур амьсгалыг өөрчилж, салхийг эргүүлсэн тэр гоолын дараагаар 118 дахь минутад Марчело гоолдож, улмаар 120 дахь минутад Криштиан Рональду торгуулийн цохилтоор тооны харьцааг 4:1 болгосноор эцсийн цэгийг тавьжээ. Испанийн лигт түрүүлж, улмаар энэ улирлын амжилтаа хос цомоор бататгах хүсэл тэмүүлэлтэй Португалийг зорьсон "Атлетико Мадрид”- ын мөрөөдөл ийнхүү төгссөн юм.
Харин
Аваргуудын лигийн хамгийн арвин намтартай "Реал Мадрид” дасгалжуулагч
Карло Анчелоттигийн удирдлага дор 10 дахь удаагаа аваргын цом өргөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих