Монгол Улс баян уу. Ер нь бид юутай ард түмэн бэ. Ингэж асуухад юуны түрүүнд 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг минь эхэлж санаанд бууна. Хөдөөд тал минь малаар дүүрэн хөрсөн дороо эрдэнээр баян гэсэн дууны аялгуу чихнээ бас дуурсах шиг болно.
Монгол нутаг баян. Зэс, нүүрс, уран зэрэг ашиглалт малтмалын нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтана. “Ernst&Youmg” групп нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15 эрдэс баялгийн түүхий эдэд үнэлгээ хийжээ. Тэнд дурдснаар Монгол 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбумын нүүрс, 62 тэрбумын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4.1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1.3 их наяд ам.доллар хэмээн үнэлсэн байх юм билээ.
Гэхдээ энэ бол хэдэн жилийн өмнөх судалгаа. Энд дурдагсан тоо хэмжээ нэмэгдсэн үү гэхээс лав багасаагүй. Энэ бол наад захын жишээ. Ойрын тоо баримт гэвэл18 сая тонн зэстэй юм байна. Үүнээс гадна газрын тос, занар, газрын ховор элемент гэхчлэн нөөцөөрөө хэдэн арван жил тэжээх баялаг бас цаана нь байгаа. Ингэхээр өөрсдийгөө баян гэхээс өөр яах юм.
Өргөн уудам газар нутаг, хүн амаасаа хэдэн арав дахин олон мал сүрэг бий. Дэлхийн багавтар ганц хотын хүн амаас цөөхүүл хэрнээ ийм их баялагт эзэн сууж байгаа гэхээр хол ойрынхон бол гайхаж атаархдаг байх гэмээр.
Одоогоор 90 төрлийн ашигт малтмалын 1,170 орд найман мянга гаруй илэрц бүртгэгдсэн байдаг.
Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Мөн Хармагтайн зэс олтны тоомохон орд нээгдээд байна. Ингээд ямар төрлийн баялаг хэдий хэмжээнд байдгийг түүвэрлэн нийтэлж байна.
Монголын гол баялгийн нэг нь улбар металл
Монгол Улс зэсийн нөөцөөр баялаг. Дэлхийд дээгүүрт бичигддэг. 2020 он гэхэд цэвэр зэс олборлолт нэг сая тоннд хүрнэ гэсэн төсөөлөл бий. Уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг.
Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1,060,367 сая тонн. Зэсийн нөөц нь 4,632 сая тонн бөгөөд 125,414 тонн молибденийн нөөцтэй. Дээрх нөөцөө 25 жил ашиглана хэмээн тооцож байна. Гэвч тус үйлдвэрийн ашиглах нөөц саяхан нэмэгдсэн.
Уул уурхайн яамнаас Эрдэнэтийн овоо орчимд хайгуул хийж байсан таван лицензийг төмрийн мэдэлд авсан билээ. Ингээд нөөц нь гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй аж.
Харин Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордын хүдрийн нөөц 3,380,0 сая тонн. Үүнээс 31.1 сая тонн зэс, 1,328 тонн алт, 7,601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон билээ.
2020 он гэхэд Оюу толгой 775, Эрдэнэт 135, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх юм гэсэн тооцоо байна.
Экспортын хэмжээгээрээ хар алт тэргүүлж байна
Монгол орны 15 сав газарт 300 гаруй нүүрсний орд бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байна. Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд ирэх 2019 оноос жилд 40 сая тонн нүүрс экспортлох том амбицтай байгаа.
Үүнээс гадна Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор гээд томоохон орд байдаг. Тухайлбал, Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй. Хөшөөтийн ордын нөөцийг 360-460 орчим сая тонн нүүрстэй гэдэг.
Төмрийн хүдрийн нөөц 11 тэрбум тонн
Төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн ордод нийт 343 сая тонн хүдэр бий.
Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Жил ирэх тусам нөөц илэрч нь ихэсч, гадаад руу хүртэл экспортолж байгаа төмрийн хүдрийн нөөцөө түшиглэж, гангийн үйлдвэр байгуулах нь чухал хэмээн үздэг.
Нефтийн нөөц наанадаж 50 сая тонн
Монгол Улс нефть олборлогч орон . Цаашид нефть боловсруулагч орон болоход тун ойрхон байгаа. Монголын өмнөд нутгаар нефть байгааг тогтоосон аж. Зүүнбаян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1960-аад оны үед 6.2 сая тонн хэмээн тогтоосон юм. Ингээд тус ордыг түшиглэж, нефть боловсруулах үйлдвэр байгуулж байв.
Улмаар 1950-1969 онд нийт 600 орчим мянган тонн нефть олборлож боловсруулсан гэсэн мэдээ бий. Тосон уулын ордын 14 талбайгаас олдсон баталгаат нөөц нь 119 сая тонн. Нэмэлт хайгуулаар хийж буй “Тамсаг ХХГ” талбайгаас 50 сая тоннын нөөц илрүүлсэн гэсэн мэдээлэл тус тус байгаа юм.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2e50eg434
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих