Израиль улсын Иерусалимийн Еврейн их сургуулийн профессор Руевэн Амитай
Ил хаадын түүх судлалаар алдартай эрдэмтэн. Тэрбээр манай улсад болсон
"Ил хаад судлал” эрдэм шинжилгээний хуралд оролцоод буцсан юм. Энэ үеэр
профессор Амитайтай ярилцлаа. Түүний хувьд Монгол, Мамлюкын дайны талаар
голлон судалгаа хийдэг юм.
-Ил хаадын түүх сонирхолтой ч судлагдсан нь бага сэдэв. Ил
хаант улсын газар нутгийг дан ганц Иран дах ноёрхлоор ойлгодог. Газар
нутгийн хувьд ямар улсуудыг багтааж байсан юм бэ?
-Ил хаант улсын газар нутаг өргөн уудам байсан. Тэдний бүрэлдэхүүнд
одоогийн Иран, Ирак, Туркменистан, Афганистан, Анатолия, Кавказын зарим
хэсэг багтаж байсан. Монголын эзэнт гүрэн баруун зүгийн Исмайлыг буулган
авах, Халифыг дарах зорилгоор Дундад дорнодод цэрэг илгээсэн.
Энэ армийг Тулуйн хүү Хүлэг хаан удирдсан. Монголын цэрэг 1260 оны өвөл
Сирийн хойд хэсгийг эзэлсэн. Улмаар Газрын дундад тэнгисийг эрхшээхийг
зорьсон ч мамлюкууд монголчуудад саад болсон. 1260- 1320-оод оныг хүртэл
жаран жилийн хугацаанд Сирийг ноёрхох гэсэн Монголын цэргийг мамлюкууд
удаа дараа бут цохиж байсан.
-Мамлюкын талаар манай уншигчид сайн мэдэхгүй байх. Ер нь
мамлюкууд гэж ямар хүмүүс байв. Бидэнтэй ижил нүүдэлчид байсан байх аа?
-Мамлюкууд анх боол байсан. Гэхдээ тэд моринд эрэмгий дайнч хүмүүс
байжээ. Евро Азийн нүүдэлчин аймгаас гаралтай хүмүүс. Анх мамлюкууд
Каирт байсан. Тэд 1250 онд Египетийг эзлэн авсан. Хожим Сирийн нутаг руу
орсон. Ил хаадын хувьд мамлюк бол тухайн бүс нутагт байсан дайснуудынх
нь нэг. Харин мамлюкийн хувьд Ил хаад цорын ганц өрсөлдөгч нь байсан.
Монголчуудыг л дийлбэл мамлюкийн ирээдүй бат болох байсан.
-Түүхэнд Айн Жалутын байлдаан гэж Монголын цэрэг анх удаа бут ниргүүлсэн дайн болсон. Энэ талаар та нарийн судалсан байх аа?
-Энэ дайн Израйлийн хөндий дэх Айн Жалут гэдэг газар болсон. Ил хаант
улсыг үндэслэгч Чингис хааны ач хүү Хүлэг хаан 1258 онд Багдадыг
эзэлсэн. Тэрбээр 1260 оны өвөл Сирийн хойд хэсгийг маш их хүч хаяж байж
эзэлсэн.
Энэ үед Хүлэг хаан том ах, Монголын их хаан Мөнхийг тэнгэрт хальсан
тухай мэдээ хүлээж аваад Хархорумын зүг буцдаг. Тэгэхдээ нэг түмэн
цэргийг Хэтбуха жанжинд үлдээсэн байдаг. 1260 оны есдүгээр сарын 3-нд
Хэтбуха жанжин түмтээ удирдаж мамлюкуудтай байлдсан. Энэ дайнд Монголын
арми бут ниргүүлсэн.
Эзэнт гүрний түүхэн дэх анхны ялагдал гэж хэлж болно. Европын орнууд ч
цочролд орсон. Тэд Монголын армийг ялж болдог юм байна гэдгийг мэдсэн
болов уу. Мамлюкийн арми цэргийн тоогоор илүү байсан. Ойролцоогоор 15000
цэрэг дайнд орсон болов уу.
-Ялагдаж үзээгүй байсан Монголын армийг мамлюк цэрэг яаж ялсан юм бол?
-Энэ бол мамлюкуудын үхэх, сэхэхийн төлөөх тулалдаан байсан. Хэрвээ тэд
ялагдах л юм бол түүхийн тавцнаас арчигдах учраас бэлтгэл сайтай дайнд
орсон. Тулалдаанд орохын өмнө мамлюкийн жанжин Кутуз дуулгаа чулуудаад
"Исламын төлөө урагшаа” гэж хэлэн цэргээ удирдаж дайнд орсон талаар
"Yunini” хэмээх сурвалжид бичсэн байдаг.
Энэ нь цэргүүдийг зоригжуулсан үйл явдал болсон. Харин монголчуудын
хувьд ялагдаж үзээгүй учраас өөрсдөдөө эрдсэн болов уу. Монголчууд
ялагдсан ч ноцтой хохирол амсахгүй. Тэд түүхийн тавцан дээр байх л
болно.
Монгол цэргийн бэлтгэл муу байснаас гадна армийг удирдсан жанжин тулаан
эхлээд удаагүй нас барсан нь цэргийн хүчийг сулруулсан. Цэргийн хувьд
Монголын армиас давуу байсан. Энэ мэт шалтгаанууд монголчуудын ялагдалд
нөлөөлсөн.
-Айн Жалутын байлдаанд Монголын нэг түмт орсон гэлээ. Эдгээр
арван мянган цэргийн дотор нутгийн иргэд багтсан байх гэж бодож байна.
Ер нь хэд орчим монгол цэрэг байсан бол. Та энэ талаар судалсан уу?
-Нэг түмтэд хэдэн монгол цэрэг байсан гэдгийг тогтоох боломжгүй.
Түмтийг удирдсан жанжин нь мон- гол хүн байсан учраас Монголын арми гэж
нэрлэдэг.
-Бүс нутгийн хувьд есдүгээр сар халууны улиралд тооцогддог. Тэгэхээр энэ их халуун монгол цэргийн ялагдалд нөлөөлсөн болов уу?
-Уур амьсгал халуун байсан нь үнэн. Монгол цэргийн ялагдлыг дан ганц
цаг уурын нөлөөнд тохож болохгүй. Монголын армийн онцлог бол ямар ч цаг
агаарт дасан зохицох чадвар юм. Энэ үед монгол цэрэг Дундад дорнодод
ирээд удсан учраас цаг агаарт зохицсон байх ёстой.
Гэхдээ монгол цэргийн жанжнууд Дундад дорнодод өвлийн сэрүүн амьсгалыг
сонгож байлддаг байсан. Жон Смит судлаач байлдаан болсон газар усгүй
учраас монгол цэрэг, морьд ундаассан гэж үзсэн. Монгол цэргүүд дайн хийх
газраа нарийн сонгодог. Нэг түмэн цэргийг дагаж 50000 агт явдаг учраас
бэлчээр яах аргагүй чухал.
-Энэ байлдаанд Монголын цэргийн жанжин Хэтбуха алагдсан гэдэг. Гэтэл зарим судлаач эсэргүүцэх хандлагатай байдаг шүү дээ?
-Хэтбуха жанжин алагдаагүй байх гэсэн санааг дэвшүүлдэг эрдэмтэд
байдаг. Миний хувьд, алагдсан гэсэн саналыг дэмждэг. Хэтбуха жанжин
тулалдааны эхэнд алагдсан. Түүний цогцсыг хүү нь дайны талбараас авч
гарсан гэдэг. Ямар ч дайн, байлдааны үед голлох жанжин алагдахад цэргийн
хүч суларч ялагддаг.
Рашид Ад Диний бичсэн "Жами Аль Таварик” буюу "Судрын чуулган”-д
Хэтбуха мамлюкийн жанжинд хандаж "Чи намайг алсан ч над шиг Монголын
3000 баатар байгаа шүү” гэж хэлсэн гэж байдаг. Гэхдээ "Судрын чуулган”
бол үйл явдлаас хожуу зохиогдсон учраас мэдээ бүрт итгэхэд хэцүү.
-Айн жалутын байлдааны талаар түүхэн эх сурвалж бий юү?
-Абу Шама гээд яруу найрагчийн үлдээсэн сурвалж байдаг. Би перс хэлнээс
орчуулсан юм. Уг сурвалжид "Ижил төрлийн улсууд бие биентэйгээ байлдаж
нэгнийгээ яллаа” гэсэн утгатай зүйл бичсэн байдаг. Эндээс монгол, мамлюк
хоёр Евро Азиас гаралтай нүүдэлчид гэсэн санаа гардаг.
-Археологийн дурсгал олдсон уу?
-Археологийн дурсгал олдоогүй. Харин 1260 онтой холбоотой Сирид дэлдсэн
нэг зоос олдсон байдаг. Уг зоосон дээр "Хүлэг хаан-Дэлхийн хаан” гэж
бичсэн байдаг. Сирид монголчууд удаагүй учраас археологийн дурсгал
үлдээгүй байх. Бичгийн сурвалж олон бий.
-Хоёр тал дахиж байлдсан уу?
-1276 онд мамлюкийн Байбарс Султан цэргээ удирдаж монголчуудыг дахин
бут цохисон. 1281 онд монголчууд мөн л ялагдсан. 1299 оны Дамаскын
ойролцоох тулалдаанд Монголын цэрэг ялсан байдаг. Энэ дайныг Газан хааны
ялалт гэдэг. 1303 онд Ил хаант улсын цэрэг дахин мамлюкуудад ялагдсан.
1312 онд Монголын цэрэг хамгийн шившигтэй ялагдлыг хүлээсэн. Энэ цагаас
хойш монголчууд дахин Сирийн нутаг руу ороогүй. Ер нь Газрын дундад
тэнгист ноёрхлоо тогтоох монголчуудын оролдлогыг мамлюкууд зогсоосон.
-Жаран жил үргэлжилсэн дайны түүхэн үр дүн нь юу байв. Таны судалснаар?
-Монголчуудыг Сирийн нутгаас гаргасан. Хил хязгаарыг Ефрат мөрнөөр
заагласан. Мамлюкууд Сири, Каирт ноёрхлоо тогтоосон. Мөн хоёр хүчний
заагийг тогтоосон. Энэ жаран жилийн хугацаанд тасралтгүй дайн гарч
байсан. Тийм учраас тагнуулын алба маш сайн ажиллаж байсан. Монголын
цэргийн тагнуулчид идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байдаг.
Энэ дайн энхтайвны гэрээгээр өндөрлөсөн. Хоёр талаасаа итгэлтэй хүнээ
илгээж хэлэлцээр хийдэг байсан ёс өнөөгийн дипломат харил цаанд
нөлөөлсөн болов уу. Монголын эзэнт гүрний хаад энэ мэт дипломат
харилцааг тогтоохдоо гаргууд байсан. Ил хаадын хувьд худалдаачдыг элчийн
харилцаанд ашигласан баримт олон байдаг.
-Мамлюкууд морин дээрээс харвахад тохиромжтой нум сумтай
байжээ. Энэ нумыг XVIII зуун хүртэл монгол цэрэг хэрэглэж байсан. Харин
Манжийн нөлөөгөөр нумын хэмжээ томорч, мориноос бууж харвах шаардлагатай
болсон. Тэгвэл Мамлюкуудын дунд энэ нум хэдий үеийг хүртэл хэрэглээнд
байсан юм бол?
-Зэр зэвсгийг давах хэмжээний зэвсэглэл гарч ирсний дараа тухайн
зэвсгийг хэрэглэхээ больдог. Тухайлбал, дарь гарч ирснээр нум сумны
хэрэглээ багассан. Монголчууд ч тэр, мамлюкууд ч гэсэн хөнгөн морьт
цэргийн байлдаанд гарамгай байсан. Тийм учраас аль, аль нь харвахад
хялбар жижиг нумтай байжээ.
Мамлюкуудын хувьд XVI зууныг хүртэл нум сумтай байсан. Хэдийгээр буу
дайны зэвсэг болсон ч мамлюк цэргүүд гар бууг голчлон сонгодог байсан.
Энэ нь морин цэргийн байлдаанд гаршсных болов уу.
-Ил хаад Европын франкуудтай захидал бичих, элч илгээх зэргээр
харилцсан байдаг. Яагаад тэднийг сонирхох болсон юм бол. Холбоотноо
болгох зорилго байв уу?
-Тэр үед Ил хаант улсын цэрэг гурван фронтод зэрэг тулалдаж байсан. Ил
хаадын байр суурь хүнд байсан үе. Мамлюкаас гадна Алтан ордны хаант улс,
Цагаадайн хаант улстай зөрчилтэй байсан. Энэ явдлыг мамлюкууд овжин
ашиглаж Алтан ордны хаадтай холбоо тогтоож эхэлсэн.
Энэ үед Ил хаад ч өөрийн холбоотныг хайж байсан учраас франкуудад
хандсан байх. Ил хаадын зүгээс Европын франкууд руу 15 удаа элч, захидал
илгээсэн байдаг. Ил хаадын дотоод зөрчил ч газар авсан.
-Яагаад мамлюкууд Алтан ордтой холбоо тогтоохыг эрмэлзэх болов?
-Мамлюкууд цэрэг сэлгэх сонирхолтой байсан. Тийм учраас Алтан ордны улстай холбоо тогтоохыг эрмэлзсэн болов уу.
-Монголын Ил хаад хожим нь Исламын шашинд орсон байдаг. Хэдий үед Исламын шашиныг хүлээн авсан юм бол?
-Ил хаант улсын монгол хаад 1295-1300 оны үед Исламын шашинд орсон байдаг.
-Ил хаант улсын монголчууд исламжсан ч уугуул хууль "Их
засаг”-аа сахин мөрдөж байсан гэдэг. Энэ нь Шариатын хуулийг дагаагүй
гэсэн үг байх. "Их засаг” хуулийн нөлөө мамлюкуудад байсан уу?
-Польш тэргүүтэй орны эрдэмтэд "Мамлюкууд Их засаг хуулийг хүлээн
зөвшөөрсөн” гэж бичдэг. Миний багш энэ саналыг дэмждэггүй. Ил хаан
Абагаас 1269 онд мамлюкийн Байбарс Султанд илгээсэн захидал байдаг. Тэр
захидалд Абага хаан "Манай засаг хууль бол агуу шүү” гэж хэлсэн байдаг.
Гэтэл хариу захидалдаа Байбарс Султан "Чиний засаг хууль надад
хэрэггүй. Бид Шариа хуультай. Манай Шариа хууль бол агуу” гэж бичсэн
байдаг. Гэхдээ монгол гаралтай мамлюкууд байсан. Тэд Алтан ордноос
гаралтай учраас "Их засаг” хуульдаа захи- рагдаж байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ жинхэнэ мамлюкууд "Их засаг” хуулийг хүлээж аваагүй.
-Хожим Доголон Төмөр хаан бас Сирид нэвтэрч мамлюкуудтай тулсан байх аа?
-Тэгсэн. Энэ бол Монголын эзэнт гүрний дараах үеийн явдал. Доголон
Төмөр Сирийг гэхээс илүү Энэтхэгийг сонирхсон. Тийм ч учраас Энэтхэг рүү
довтлохдоо хүч хаяж, аажмаар Сирийг орхисон. Хэрвээ Доголон Төмөр Сирид
ноёрхолоо тогтоохыг хүссэн бол Мамлюкийг ялах нь гарцаагүй байсан.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-Би зургаа дах удаагаа Монголд ирж байна. Анх 1991 онд ирж байсан.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих