Монголын ард түмний үеийн үед хайрлаж, дээдэлж ирсэн монгол үндэсний бехийн спорт утгаа алдаж гүйцлээ.
Бидний
хайртай энэхүү спортод 1990-ээд оны үеэс "Начны найраа" гэдэг үг их
холбогдох болж, тэр цагаас хойш энэ ертөнцөд авлига, хээл хахууль,
тохиролцоотой барилдаан байдгийг хэн бүхэн мэдэх болсон. Яг мөнгө төгрөг
өгөлцөж авалцсаныг нь нотлох баримт байхгүй ч хэн хэнд өгсөн нь
тодорхой байдаг шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд монгол бөхийн
ертөнцөд найраатай дүйцэхүйц томоохон уршиг тарин гарч ирсэн зүйл нь
допинг юм. Өнгөрсөн арваад жилд найрааны сүр хүчинд дарагдаад
чимээгүйхэн хөгжсөн допингийн тухай түлхүү өгүүлье.
Цагаан
сарын нэг барилдаанд юмдаг. Залуу бөх гэнэт цоорч, нэлээн дээгүүр
даваанд гарч барилдсан юм. Монгол бөхийн өргөөнд хурсан олон алга ташиж
баяр хүргээд сүйд болж байсан. Гэтэл цагаан сарын дараахан тэрхүү цойлон
гарч ирсэн залуугийн нэг, хоёр жилийн өмнөх зургийг үзээд урам минь
асар ихээр хугарсан юм. Учир юу вэ гэвэл тэрхүү залуугийн биеийн хөгжил
танигдахын аргагүй сул байлаа. Ганцхан жилийн дотор тамирчин хүн тэгж их
хувирч өөрчлөгдөнө гэдэг бол ид шид шиг л байлаа. Тулааны спорт, бөхийн
спортын төрлүүдэд богино хугацаанд гэнэт цойлж гарч ирнэ гэдэг
боломжгүй шахуу зүйл. Тамирчин хүн бага багаар сайжирдаг юм гэж хашир
дасгалжуулагч нар өгүүлэх нь бий. Миний өгүүлэх гээд байгаа тарианы ид
шид үүнд оршиж буй. Саяхан манай улсын нэр алдартай нэгэн бөх өөрийн
фэйсбүүк хуудсандаа"... аймгийн тариулдаггүй ганц бөхөөр сонин юу байна"
хэмээн бичсэн нь нэгийг өгүүлнэ.
Допингийн бэлдмэлүүд хаанаас орж ирж, үүнийг нь бөхчүүд олж хэрэглэж, ард түмнээ хуурч, доромжлоод байгаа тухай бөхийн хүрээнийхэн шивэр авир ярилцдаг. Тэд хоорондоо 'Тэр тийм юм хэрэглэдэг" хэмээн шивнэлддэг нь нууц биш. Бөхчүүдийн хүчний бэлтгэл буюу штангийн багш, тамирчдад бас их учир байна. Хүндийн өргөлт, бодибилдинг, пауэрлифтинг гэх хүчний спортын нэр бүхий нөхөд эх орондоо допингийн бэлдмэлүүд импортолсоор удлаа. Энэхүү бэлдмэлүүдээ үндэсний гэх тодотголтой бөхчүүдэд нийлүүлдэг сүлжээ бий болчихоод байна шүү, цаана чинь. Өдгөө манай үндэсний бөхийнхөн хүчний спортынхны тусламжтайгаар бүх цаг үеийн турш буюу тэмцээний болон тэмцээний бус үед аль алинд нь хэрэглэхийг хориглодог хоёр төрлийн допингийн хүчээр ард түмнээ баясгаж байна.
Дэлхийн допингийн эсрэг дүрмийн Олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын S1 Анаболик стероид төрлийн хориотой бодис ангилалд хамаардаг Тrenbolon, Testosteron, Cypionax, Sustanon, Enantat, Deca, Retabolil, Methandrostenolone-г их хэрэглэдэг гэх. Энэ төрлийн бодисууд нь эр бэлгийн дааврын гаралтай байдаг байна. Түүнчлэн Дэлхийн допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын S2 Пептид гормон, өсөлтийн фактор, хамааралтай бодисууд бүлэгт багтдаг Jintropin, Somatotropin-ийг хэрэглэдэг хэсэг ч бий аж. Сүүлд дурдсан хоёр нь хүний өсөлтийн гормоноос бэлтгэдэг бодис юм. Сая дурдсан бүх бодис орсон эмийг удаан хугацаанд давтамжтай, өндөр тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд олон янзын сөрөг үр нөлөөг үзүүлдэг.
Анаболик стериод төрлийн допингийг хэрэглэсэн эрэгтэй хүнд батга шавах, хатиг гарах, төмсөг агшиж жижгэрэх, үрийн шингэн багасах, чанаргүй болох, бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхай томрох, үс эрт халцрах, бөөр, элэгний үйл ажиллагаа алдагдах, зан төлвийн өөрчлөлт гарч, догшин хэрцгий болох, бэлгийн дуршлын эмгэг үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин эмэгтэй хүнд батга шавах, биеийн галбир эрэгтэй хүн шиг болох, дууны өнгө бүдүүрэх, нүүр, биеэр үс ургах, сарын тэмдэг өөрчлөгдөх, хэлүү томрох, зан төлөв өөрчлөгдөж догшин хэрцгий болох, жирэмсэн үед үр хөврөл, ураг гэмтэх, бэлгийн дуршил өөрчлөгдөх шинж илэрдэг.
Өсөлтийн гормоныг хэрэглэсний дараа салгалах, тайван бус болох, бачуурах, ухаан алдах, булчин, холбоос, ясны өвдөлт илрэх, зүрх судасны өвчин үүсэх, зүрх хэт томрох, цусны даралт ихсэх, өнчин тархины хавдар үүсэх, хавдрын ургалт түргэсэх, шингэний хямрал бий болох, чихрийн шижин өвчтэй болох, яс, үе томрох, насанд хүрэгчдийн мөч хэт томрох шинж илэрдэг байна.
Допинг гэж зүйл ийм хортой байхад тарианы бөхчүүд олширсны гол шалтгааныг МҮБХ-той холбохоос аргагүй. Яагаад гэвэл бөхчүүдийн, харьяалагдах гол байгууллага нь энэ. Бөхчүүддээ допингийн хор хөнөөлийн талаар ухуулга сурталчилгаа хийдэггүй, энэ тал дээр тун хойрго ханддагаас гадна хамгийн гол нь энэхүү ёс бус зүйлтэй хатуу тэмцэж чадаагүй. Бөхчүүдийг шийтгэх эрх мэдэлтэй цөөн тооны холбогдох эрхмүүд нь үүнийгээ шударгаар хэрэгжүүлж чадахгүй байна. Допинг илэрвэл нуугаад өнгөрүүлдэг гэсэн яриа бий. Үндэсний бөхийнхнөөс анх хэн гэдэг бөх допинтой холбогдож хэвлэлээр шуугиснаас хойш хэчнээн бөхөөс допинг илэрсэн ч шударга шийтгэж чадахгүй байгаа билээ. Одоо допингийн шинжилгээ авбал хичнээн бөхөөс илрэх бол. Ийм дорвитой, шударга шийтгэл манайд илт дутагдаад байна.
Энэ бүх зүйлийг зохицуулах Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд гарсан. Гэсэн ч маш их цоорхойтой хуулийг яаралтай засч, шинэчлэхгүй бол допинг гэдэг зүйлд өвдөг шороодчихоод байгаа Монгол Үндэсний бөх эргэж босч ирж чадахгүй нь.
Тус хуулийн тавдугаар бүлгийн 14.1-т "Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
14. 1: 1.тухайн
баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний
бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас
хасах;
14. 1. 2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
14. 1. З.баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах.
14.
2. Энэ хуулийн 14. 1. 1,14. 1. 2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон
салбар хороо, 14. 1. 3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороотус
тус ногдуулна.
14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх,
харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон
цол, байрыг хасна. /Энэ хэсгийг 2007 оны долдугаар сарын 6-ны хуулиар
өөрчлөн найруулсан/" гэж заасан байх юм.
"Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна" гэсэн нь юу гэсэн үг вэ. Найраа хийж, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөх зөвхөн тухайн наадмаас хүртсэн бай шагналаа хураалгачихаад, эсвэл барилдах эрхээ хасуулчихаад цолтойгоо явж байж болох нь ээ. Допинг хавтгайрсан энэ цаг үед хүртсэн цолыг нь хураахгүй юм бол шийтгэсэн болохгүй. За тэгээд "Баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах" гэж заасан болохоор энэ хугацаанд өөр барилдаанд барилдаад явж болох юм байна. "хүртэл" гэж маш тодорхойгүй хугацаа заасан үг явж байна. 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар улсын харцага, начин цол хүртсэн Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нар цолоо хураалгалгүй улсын наадамд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан бол, дараа жил нь улсын начин цол хүртсэн Б.Сугаржаргал мөн л цолтойгоо үлдэж, барилдах эрхээ зургаахан сараар хасуулсан.
Манайд допинг
хэрэглэсэн бөхийн чимгийг хурааж байсан болохоос цолыг нь хурааж
байсангүй. Цол чухал болохоос чимэг тийм ч чухал биш. Шөвгөрсөн бөхийн
чимгийг хураадаг хэрнээ цол хүртсэн бөхийн барилдах эрхийг хассан болоод
өнгөрдөг тийм муу зуршил тогтчихоод байна. Үндэсний их баяр наадмын
тухай хуулийг зөрчсөн бөхийн цолыг хурааж, барилдах эрхийг нь хасах
тухай заалтыг хатуу оруулж өгмөөр байна. Тэгэхгүй өнөө цагийн тарианы
бөхчүүдэд допинг хэрэглээд цол авчихъя, илэрсэн ч цолоо хураалгахгүй,
барилдах эрхээ хэдхэн сараар, цаанадаж хоёр жилээр хасуулсан болно гэх
өрөөсгөл бодолтой болчихоод байна. Олон улсын жишигт допинг хэрэглэсэн
тамирчны медалийг хурааж, амжилтыг нь хүчингүйд тооцож, тэмцээн
уралдаанд оролцох эрхийг журамд заасны дагуу, хасдаг. Түүнээс биш
медалийг нь хураагаад эрхийг нь үлдээгээд медалийг нь хураадаггүй. Харин
манайд нэг тийм буруу, монгол тогтолцоо бүрэлдчихээд байна.
Цолыг
шууд хурааж чадахгүй бас нэг шалтгаан нь төр энэ спорттойгоо ихэд
холилдсонтой холбоотой юм. Үндэсний их баяр наадмын тухай хууль гарахаас
өмнө улсын цолыг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос олгож, үнэмлэх
дээр дарга нь гарын үсэг зурдаг байлаа. Харин хууль батлагдсанаас хойш
Монгол Улсын Ерөнхийлөгч цол олгох зарлиг гаргах болсон. Шинэ цолтноос
сарын дараа допинг илэрдэг ч төрийн тэргүүний зарлиг гаргаж, гарын үсэг
зурсан цолыг хурааж авч чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч
гаргасан зарлигаа буцааж, шагнасан хүнээсээ шагналыг нь буцаан авч
байсан түүх бий бил үү. Баяр наадмыг зохион байгуулах хороо улсын цол
олгох эрхээ алдсанаар хариуцлага тооцох явдал хүчгүйдсэн болох талтай.
Одоо цагт эргээд Баяр наадмыг зохион байгуулах хороо нь цол олгодог
болох ёстой.
Допингийн асуудал үнэхээр ярвигтай байгаа. 2012 оны наадмаар Х.Мөнхбаатар арсланд зургаа, долоогийн даваанд унасан Ж.Амартүвшин, Т.Санчир нар цолны босго давааг давалгүйгээр харцага, заан цолыг Төв цэнгэлдэхэд биш Төрийн ордонд авсныг бөх сонирхогчид санаж байгаа биз ээ. Тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд унасан улсын начин Ж.Оргилыг начнаа баталсан хэмээн чимэг нэмсэн. Хэрвээ тавын даваанд Х.Мөнхбаатар арслан улсын цолгүй залууг амлаж аваад хаясан бол наадмын дараа тэр залуу начин болох байлаа. Монгол үндэсний бөхөд заавал босго даваагаа давж байж цолоо авдаг ёс байсныг 2012 оны наадмын дараа үгүй хийж үндэсний бөх маань гажуудсан. босго давааг заавал давж байж цол хүртэнэ гэдэг заалтыг баяр наадмын тухай хуульд оруулж тусгаж өгөх ёстой. Допинг хэрэглэсэн бөхөд унахад гомдолтой хэдий ч унасан бөх цолны босго давааг даваагүй учраас тухайн цолыг олгохгүй гэсэн ойлголт л байх хэрэгтэй. Эрт дээр үеэс босго давааг давж байж цол хүртдэг ёс байна. Энэ ёсыг гажуудуулж эвдэж болохгүй.
Жишээ нь, улсын наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл яах вэ? Түрүүлсэн бөхөд 5, 6, 7, 8-ын даваанд унасан бөхчүүд цол ахиад явах нь. Одоогийн хуулиар бол шинээр цол авсан бөхийн цолыг нь хурааж чадахгүй байгаа. Тэгэхээр улсад түрүүлсэн бөх арслан ч юм уу, аварга цолтойгоо үлдээд хоёр жил хүртэлх хугацаагаар эрхээ хасуулахчаан аядаад түүнд унасан бөхчүүд нь цол нэмээд явж болохоор байна. Дахиад хэлэхэд цол хураах, барилдах эрхийг хасах хоёрыг хуулийнхаа нэг заалтад зайлшгүй багтааж допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураагаад барилдах эрхийг хасаад явахгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй.
Мөн Улсын баяр наадамд шөвгөрсөн буюу тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс л шинжилгээ авдаг нь допингийг цэцэглүүлээд байгаа юм. Ид сайхан барилдах насандаа яваа олон бөх тарианыхаа хүчээр дөрөв давчихаад начны даваанд хэвтээд өгч байна. Зөвхөн тав гэлтгүй гурав, дөрвийн даваанд иймэрхүү зүйл их болдог. Ард түмэн тэнэг биш болохоор үүнийг мэдэж байгаа. Гэхдээ мэдлээ гээд яах вэ. Ямар шийтгэж чадах биш. Холбогдох хууль, дүрэм журам нь үүнийг зохицуулж чадахгүй байхад. Наадамд барилдсан 512, 1024 бөхөөс бүгдээс нь шинжилгээ авах боломжгүй ч дор даваанд хэвтэж, наадмыг бузарлаж байгаа нөхдийг зүгээр орхиж яавч болохгүй. Олон улсад тэмцээний бус үеэр шинжилгээ авдаг шиг жилд 2-3 удаа гэнэтийн шинжилгээг сайн барилдаж байгаа цөөн тооны бөхчүүдээс авдаг болох нь зөв хувилбар.
Сэргээшийн тухай өгүүлснийх нэмэлт мэдээлэл хүргэе. Жил бүрийн намар л "БНСУ-аас допингийн шинжилгээ ирлээ" хэмээдэг. Манай улсад WADA(World Anti-Doping Agency) буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрсөн лабораторигүй тул сорьцоо Солонгос руу илгээж, шинжлүүлдэг юм. Хүлээн зөвшөөрөгдсөн ийм лабораторитай болохын тулд жилд дор хаяж 3000 сорьц шинжлэх шаардлагатай байдаг юм билээ. Монголыг тойрсон ОХУ, Казахстан, БНХАУ, БНСУ, Япон ийм лабораторитой тул гадны тамирчид манайх руу сорьцоо ирүүлэхгүй. Монголын Үндэсний Олимпийн Хороо БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторитай гэрээтэй тул ийн хийгддэг хэрэг. Сая дурдагдсан орнуудаас нэг сорьцыг хамгийн хямд үнээр шинжилдэг нь Солонгос бөгөөд 250 ам.долларын үнэтэй байдаг аж.
Зарим хүн "Наадмын допингийн шинжилгээний хариу яагаад сарын дараа ирдэг юм бэ" хэмээн бухимддаг. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрсөн лаборатори дэлхийд 34-хөн байдаг учраас олон спортын төрлийн олон тамирчдын сорьцыг шинжилдэг болохоор дараалал үүсдэг юм билээ.
Бид
үндэсний бөхчүүддээ хайртай, дэндүү эрхлүүлчихсэн. Гэвч тэд хайр дааж
байна уу. Бөхчүүдийн хийсэн хэргийг тоочвол нэлээн юм болно. Бөхчүүдийг
"Ёс суртахууны доройтолд орчихсон" гэж хэлдэг нь цөөн биш. Нутгийнхаа
залуучуудыг дэмжих нэрийдлээр тэднийгээ хорлоод байгаагаа, буруу замаар
явуулаад буйгаа мөнгөтэй эрхмүүд нь мэддэг болов уу. Найрааных нь
мөнгийг гаргаж цолыг нь авч өгч, намар нь найрыг хийгээд байр, машин
бэлэглэдгийг юу гэх вэ. Ямар тогтолцоо вэ. Тэгэхэд их спортын . тамирчин
ДАШТ-ээс медальтай ирэхэд байр машинтай болж байна уу.
Нутгийн зөвлөл гэж айхтар юм байна. Тухайц нутгийн бизнесмэн, УИХ-ын гишүүд бөхчүүдээ тэтгэдэг найрааны мөнгийг нь нийлж гаргадаг, дараа нь сонгуулиар дагуулж явдаг. Жилээс жилд наадмын начин цолны ханш өссөөр наадмын дараа бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчдын дунд "Энэ жилийн ханш тийм байлаа" хэмээн ярьсаар одоо 200-300 сая төгрөгийн хэмжээнд хүрсэн гэх. Эх оронд маань шийдвэрлэх асуудал их байхад энэ их мөнгө хаанаас гараад байна аа. Бохир мөнгө үү. Эсвэл ард түмний мөнгө үү.
Залуучууд бэлжиж хөрөнгөж их шалтгаанаар үндэсний бөх рүү хошуурч байна. Үндэсний бөхөөр хичээллэдэг дөрвөн мянга гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Гэвч тэднээс дэлхийн спорт болох чөлөөт, жүдо бөхөөр хичээллэж байгаа нь тун цөөн. Зүлэг ногоон дэвжээн дээр амжилттай явж байгаа хэд нь яагаад үндэсний спортоо их спорттой хослуулаад явж чадахгүй байна вэ. Допинг нь илэрчих гээд бембөрцгийн бөх рүү орохгүй байна уу.
Их спорт руу орохгүй байгаа шалтгааны нэг нь МҮБХ-ны барилдааны дүрэм. Хаялцах барьц гээч юмнаас болж бөхчүүд нь дүрмэндээ тааруулаад жингээ нэмж эхэлсэн. Өнөө цагт захын нэг сумын заан хүүгийн жин 100 кг хол давсан. Жин нэмэхээр хурд саарна. Хурд саарахаар барилдаан удааширна. Барилдаан удаашрахаар уран хурц барилдаан гарахгүй, үзэгчдээ залхаана. Хүмүүс ажлаа зохицуулаад, тасалбар худалдаж аваад Монгол бөхийн өргөөнд очсоны хэрэг гарах уу. Дэлгэцийнхээ өмнө яах гэж суух вэ. Уг нь уран хурц, тургэн шуурхай барилдаан харж, үүнээс кайф авахыг хүсдэг. Гэтэл уран барилдаан гарахаа байлаа. Нарийн барилдаан, нарийн техник сураагүй хэрнээ жингээ нэмээд гүзээтэй болчихсон нөхдөөс яаж ийм зүйл гарах вэ.
Монголын
их аваргууд "Их спортын дэвжээ ихийг ойлгуулж, сургасан" хэмээн
өгүүлдэг. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ,
О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар аварга тэргүүтэй
бөхчүүд чөлөөт, жүдо, самбо бөхийн төрлөөр хичээллэж, амжилт гаргаж,
бөмбөрцгийн бөхийн нарийн техникийг сурч, их спортын ач холбогдлыг бие
сэтгэлээрээ ойлгож, энэ нь эргээд үндэсний бөхөд өндөр амжилт гаргахад
нөлөөлснийг бид мэднэ. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.
Их спортын бэлтгэл хүнд л дээ. Чөлөөт жүдогийн бэлтгэлийн ачааллаас халираад шантраад байгаа юм биш үү, үндэсний бөхөөр явж байгаа залуучууд маань. Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга саяхан "Дэлхийн спорт руу ороход там шиг санагдах бэлтгэлийг давах л хэцүү дээ. Жишээ нь, Ч.Санжаадамба +100 кг-ын сайхан бөх байхгүй юу.
Монголдоо л атаман хийгээд байдаг. Үндэсний бөхчүүд жүдо руу ирдэггүй. Ирлээ ч бэлтгэлийг нь дийлэхгүй" хэмээсэн байсан.
Нутгийн
зөвлөл нь найрааны мөнгөө бөмбөрцгийн бөх рүү зориулахад бид бүхэн
чөлөөт бөхийн 86, 97, 125, жүдогийн 81, 90, -100, +100 кг-ын жинд олимп,
ДАШТ-ээс тогтмол медаль хүртдэг болно. Хүнд жинд Н.Түвшинбаяр гэж
мундаг аварга л эх орныхоо нэрийг дэлхийд тахалж байна. Харин аваргын
залгамж халаа хаана байна вэ. УАШТ болж, сая дурдсан хүнд жингүүдэд тус
50 залуу барилдаж, хэдэн биенээ хурцлаад яваасай. Тэгвэл дэлхийн
дэвжээнд мөдхөн гараад ирнэ дээ. Нэрээ бөмбөрцгийн бөхөөр дэлхийд
данслуулна.
Н.Түвшинбаяр аварга олимпийн наадамд түрүүлээд, алтан медаль энгэртээ гялалзуулаад, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулаад, сүлд дууллаа эгшиглүүлээд сонсох тэр гайхамшигтай мэдрэмжийг үндэсний бөх рүү хошуураад байгаа залуучууд мэдэрч, амтлахыг хүсэхгүй байна гэж үү.
С.ХАНГАЙ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих