Өнөөдөр ТВ-р үлийн цагаан оготныг устгах ажлыг эрчимжүүлнэ гэхийг сонсоод сэтгэл өвдлөө. Хайран үлийн цагаан оготнууд хэлмэгдэх нээ.
Төр засгийн удирдлага маань өөрсдөө албаар зориудаар тэгдэг юм уу? Эсвэл мэдэхгүйгээсээ тэгээд байна уу? Энэ ХАА-н мэргэжилтэнгүүд, эрдэмтэд нь хаачсан юм бэ. Байгалийн жам ёс, уялдаа холбоо, шүтэлцээг үл тоон, хүн байгаль өвс ургамал, хөрс газрын мэргэчиддээ саад болж байдгаа мэддэггүй хэцүү улсууд юм аа.
Эртнээс нааш өвөг дээдэс мянга мянган жилээр газар нутгаа цөлжилтийн аюул, бэлчээрийн даац хэтэрсэнээс үүсэж болох цөлжилтийн аюулаас аварч ирсэн уламжлал бий ажээ.
Бусдын буруу үйлдлээс, төр засгийн буруу бодлогоос хайран сайхан бэлчээр ургамал байнга ховордож цөлжилт явагдаж, сүйдэж байна. Үлийн цагаан оготныг зардал мөнгө гарган устгаснаар цөлжилтийг улам нэмж хурдасгаж буйгаа мэдэхгүй байна гэж үү. Бэлчээрийн гүн доройтолд орж чулуужин хатуурч буй үхмэл хөрсийг сийрэгжүүлэн зөөлрүүлж, мөн түүнээ элдэв төрлийн ялзмаг, ялгадсаар баяжуулан бордож, нар салхи, ус чийг нэвтрүүлэн улмаар ургамлын үндсийг уртасгах нөхцлийг бүрдүүлж, өтгөн шигүү өвс ургамалтай соргог сайхан бэлчээр нутаг болгон хувиргадаг байгалийн гайхамшигт технологийг Үлийн цагаан оготно гүйцэтгэж иржээ.
Байгалын хөрсний тэнцвэрийг зөв тогтворжуулахын тулд үлийн цагаан оготно байгалын жамаар олноор өсөн үржиж газрын хөрсийг сийрэгжүүлэн дотроос нь, доороос нь агаар усаар ханган, өөрсдийн идсэн ургамлын баасаараа бордон хөрсийг эрүүлжүүлж цөлжилтөөс хамгаалж өвс ургамал ургах бүх боломж нөхцлийг бүрдүүлж буй амьтныгаа устгана гэдэг үнэхээр тэнэглэл юм. Цөлжилт их болж буй газар хөрсөнд цөлжилтийг зогсоохоор засахаар байгалиас томилогдон ажиллаж буй амьтныгаа устгачихаар цөлжилт бүр хурдан явагддаг юм байгаа биз дээ. Үлийн цагаан оготнууд цөлжилтийг зогсоохоор хүчээ шавхан олуулаа нийлээд ажиллаж байна. 2-3хан жилийн дараа үр дүн нь харагдаж хөрс байгалийг сэргээхээр тэд ажиллаж байгаа юм аа. Түүнээс биш тэд дайсагнаад байгаа юм биш ээ. Аяндаа хөрс засагдахаар тэд үхээд өгнө. Оготны хэт олшролт нь цаашдаа өөрсдийгөө дарамтанд оруулж үржил нь зогсонги болж мөхөлд хүргэдэг. Ийнхүү 2-3 жилд оготны нөлөөгөөр иж бүрэн сайжирсан хөрсөнд зүйл бүрийн ургамал ургаж ургац хэд дахин нэмэгддэгийг олон жилийн судалгаа харуулдаг. Энэ бүхэн бол хөрсийг бэлчээрийн доройтолд оруулахгүй амрааж байх өөрийн дотоод зохицуулалтыг байгаль эх заяасан байдаг. Үлийн цагаан оготно бидний дайсан бишээ. Монголчууд хэдэн мянган жилийн туршид мал малласаар ирсэн атлаа малын хөлийн талхигдал болон оготны олшролтоос болж цөлжилт нүүрлэлээ хэмээн орчин үеийн бидэн шиг сандарч тэвдэж байгаагүй нь чухамдаа байгаль эхийн энэхүү гайхамшигт дотоод зохицуулалтыг сайн мэдэж ухаарч байсантай холбоотой. Оготно олшроод ирэнгүүт “бидний суудал ихдэж газар дэлхийдээ даац хэтрүүлэн дарамт үүсгэсэн байна, Тэнгэр эцгийн ивээлээр оготно олширлоо” хэмээн ухаарч 2-3 жилийн зайтайгаар алслан нүүдэллэн оддог байжээ. Гэтэл өнөөгийн малчид юуны чинь нүүж суух манатай, өмчилж авсан хашаа бууц, худаг усаа сахин жилийн дөрвөн улиралд нэгэн довон дээрээ эргэлдсэн дошны амьтад болон хувирчээ. Нүүхээ больсноор оготно 10-14 жилийн зайтай бус 1-2 жилийн зайтай олширч улмаар мал, оготно, машин гуравтаа нухлагдаж амралт эдлэхээ больсон хөрс талхигдалд хүчтэй нэрвэгдэн цөлжилтийг хурдасгах аюул улам эрчимтэй нүүрлэсээр байгаа аж.
Чухам ийм учраас л Монголын нутаг дэвсгэрийн цөлжилт жил жилээр буурч багасах бус харин ч улам идэвхжиж өдгөө 70 гаруй хувьд хүрээд байгаа нь тодорхой болж. Байгаль эхийн гайхамшигт дотоод зохицуулалтыг хүлээн зөвшөөрч оготно олшироод ирэхийн цагт нутаг сэлгэн алслан нүүж хөрсөө амрааж байхаас өөр арга зам байхгүй мэт.
Байгалийн хууль жамд бүү саад хий л дээ. Байгалийг үлийн цагаан оготно биш төр засаг хүн бид сүйтгээд байна. Цөлжилтийг бид мөнгөөр өөрсдөө бий болгоод байна шүү дээ. Ухаараач !!!
Эх сурвалж: Элжигэн овогт Ж.Отгонбаатар
https://www.facebook.com/1777718812447569/photos/a.1926141120938670/2351921351693976/?type=3&theater
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих