Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг "Залуу зохион бүтээгч 2014"улсын уралдааны шилдгүуд өнгөрсөн бямба гарагт тодорсон билээ. "Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл"-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй залуус өрсөлдсөн тусуралдааны гуравдугаар байрт шалгарсан МУИС-ийн Физик электроникийн сургуулийн магистрант Б.Амартүвшинтэй ярилцлаа.
-"Залуу
зохион бүтээгч 2014" улсын уралдаанд "Ухаалаг гэр" бүтээлээрээ оролцож
гуравдугаар байр эзэллээ. Энэхүу бүтээлээ манай уншигчдад танилцуулахгүй
юу?
-Миний энэхүү бүтээл нь гэрийн автоматжуулалт гэж
ойлгож болно. Нэг үгээр бол гар утаснаасаа гэрийнхээ хаалга, цонх,
хешиг, гэрэл, залгуурууд, телевиз гээд бүгдийг нь нэг нэгээр нь удирдах
боломжтой юм. Андройд үйлдлийн системтэй гар утсандаа манай тусгай
аппликейшн суулгахад л хангалттай. Ингэснээрээ цаг хугацаа хэмнэх гэх
мэт маш олон давуу талыг бий болгож байгаа юм.
-Энэ тусгай аппликейшныг бүх төрлийн андройд үйлдлийн системтэй гар утсанд суулгах боломжтой юу?
-Андройд
үйлдлийн системтэй бүх төрлийн гар утсанд манай аппликейшн сууна. Мөн
тун удахгүй 103 үйлдлийн систем дээр суулгахаар ажиллаж байна.
-Уг уралдаанд оролцохыг багш нар нь санал болгов уу. Өөрөө зориглож үзээд алдахаар шийдсэн үү?
-Уралдаан
болно гэдгийг Лодойравсал багшаас анх сонссон. Хамгийн гол нь нас
заасан эсэх дээр нь л эргэлзэж байлаа. Харин 28 нас хүртэлх хөгжүүлэгчид
оролцож болно гэж заасныг нь мэдээд оролцохоор шийдсэн. Тэгээд бүтээлээ
бэлдээд оролцсон доо.
-"Ухаалаг гэр" бүтээлээ
хэзээнээс бүтээж эхэлсэн бэ. Уралдаан үргэлжилж байх хугацаанд анх
төсөөлж байснаас чинь хэр их өөрчлөгдөв?
-Уралдаанд би
Билэгжаргал, Цолмон, Өнөрболд гээд найзуудтайгаа нэг баг болж оролцсон.
Уралдаан дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн л дээ. Анх нэвтрүүлэг
эхлэхэд манай бүтээл АЗ-ын хэмжээтэй, зөвхөн гэрэл, хаалга удирддаг
байлаа. Бас зөвхөн макет хэлбэр дээр суурилсан байсан. Энэ дөрвөн сарын
хугацаанд макетнаасаа бодит байдалд нийцсэн бүтээл болгож чадсан. Хүн
харахад эвтэйхэн байлгах гэж их хичээлээ. Яг одоохондоо хэмжээний хувьд
арай л том байгаа. Гэхдээ цаашдаа аль болох авсаархан болгохыгхичээнэ.
Бас орон сууцны доор байдаг гараашны хаалгыг энэ бүтээлдээ холбохоор
ажиллаж байна. Иймэрхүү хөгжүүлэлтүүдийг хийгээд явж байна даа.
-"Ухаалаг гэр" гэдэг нэрний талаар тодруулахгүй юу. Энэ нэрийг сонссон хүмүүс монгол үндэсний гэр гэж ойлгоод байх шиг?
-Тэр
талаар хүмүүс их асууж байсан. Орон сууцанд тавьж болохгүй юмуу, заавал
монгол гэрт л байрлуулах юмуу гээд л. Манай бүтээлийн олон улсын нэр нь
"Smart home". Энэ нь монгол дээр буухаараа "Ухаалаг гэр" болчихож
байгаа юм. Үүнийг л хүмүүс буруу ойлгоод, зөвхөн монгол гэр гэж ойлгоод
байгаа юм. Түүнээс биш манай бүтээл монгол гэр, орон сууц, тэр бүү хэл
албан байгууллага, автомашины гарааш гээд хаана ч байрлуулж болох эд л
дээ. Гол нь ухаалаг, аюулгүй гэдэг нь хамгийн том давуу тал. Та нэг
залгуур залгалаа гэхэд тэр мэдээлэл нь таны гар утсанд ирж байдаг.
Гэртээ залгаатай байгаа залгуур, гэрийнхээ температур нэмэгдэж байгаа
эсэхийг мэдэж болно. Эсвэл эсрэгээр нь таны гэрт утаа гараад байна шүү
гэдгийг манай бүтээл мэдээлж чадаж байгаа юм.
-Энэ бүтээлийг орон сууцны орцонд суурилуулж, тухайн орцны оршин суугчид бүгд хэрэглэх боломж бий юу?
-Уг
нь энэ гэрийн автоматжуулалтыг айл болгонд хүргэх боломж байгаа.
Гэхдээ бид багаас нь эхлээд хийж үзэж байна. Эхний ээлжинд орон сууцны
доорхи гараашны хаалгыг тухайн орон сууцны хэрэглэгчид утаснаасаа
удирддаг болгож шийдэхээр ажиллаж байна. Туршилтын хугацаа дуусаад одоо
автомат хаалга хийдэг компанитай хамтарч ажиллаад явж байгаа. Олон
хэрэглэгч нэг зүйлийг удирддаг байх тийм системийг хийх гэж оролдож
байна.
-"Залуу зохион бүтээгч 2014" улсын уралдаанд
оролцсон бусад зохион бүтээгчдийн бүтээлүүдээс танд ямар бүтээл хамгийн
их таалагдсан бол. Өөрөө зохион бүтээгч хүн болохоор их онцолж харсан
байх?
-Шилдэг 15-д шалгарсан бүтээлүүд бүгд л их чамбай, их
сайн хийсэн бүтээлүүд байсан. Миний хувьд "Өтөг ачигч" гээд бүтээлийг
их сайн бүтээл гэж бодож байгаа. Тэмцээнд хоёрдугаарт байрт шалгарсан л
даа. Хүний
хөдөлмөр хөнгөвчлөхөөр, дээр нь хэмжээ нь их авсаархан
санагдсан. Таван хүний нэг өдөр хийдэг ажлыг 20 минутад амжуулах боломж
олгож байгаа шүү дээ. Мөн үнэ өртгийн хувьд ч боломжийн санагдсан шүү.
Ялангуяа манай малчдад, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
иргэдэд их хэрэгтэй бүтээл шиг харагдсан.
-"Залуу зохион бүтээгч 2014" улсын уралдаанд оролцохоосоо өмнө энэ бүтээлээрээ өөр уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-"Ухаалаг
гэр" бол миний бакалаврын дипломын ажил л даа. Энэ бүтээлээрээ өмнө нь
хоёр ч тэмцээнд оролцож байлаа. Хөгжүүлэлтийн ажлуудыг нь нэмж хийгээд л
явж байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард "Smart Mongoliа" гээд
ШУТИС-иас зохион байгуулдаг улсын хэмжээний тэмцээнд хоёрдугаар байрт
шалгарч байсан. Тэр тэмцээнд оролцож байхдаа л бүтээлээ илүү сайн
хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байлаа.
-Өөр ямар ямар бүтээлүүдээрээ улсын болон олон улсын тэмцээнд оролцож байсан бэ?
-2012
оны "Робокон" улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёрдугаар байр,
"Кансат" тэмцээнээс өнгөрсөн жил гуравдугаар байр, энэ жил хоёр багтай
оролцож нэг болон гуравдугаар байрт шалгарч байлаа. Мөн өнгөрсөн оны
есдүгээр сард Японд зохиогдсон олон улсын тэмцээнд оролцож, шагналт
байрт шалгарсан.
-Ер нь яагаад заавал физик электроникийн чиглэлийн мэргэжил сонгох болов?
-Багадаа
физик, зохион бүтээх талын хичээлдээ илүү их сонирхолтой байлаа. Бас
туршилт хийх их дуртай байсан. Миний аав механик инженер хүн. Багадаа
аавыгаа машин тэрэг засч байхад нь ихэнхдээ л хамт байдаг байлаа. Энэ нь
бас намайг ийм мэргэжил сонгоход нөлөөлсөн байж магадгүй.
-Багаасаа
зохион бүтээх, туршилт хийх дуртай байсан гэлээ. Тэгэхээр хүүхэд
байхаасаа л олон төрлийн туршилт хийж эхэлсэн байх нь. Хамгийн анхны
бүтээл нь ямар бүтээл байдаг бол?
-Би багадаа лего
тоглоомоор их тоглодог хүүхэд байлаа. Одоо бодоход миний эзэмшсэн
мэргэжил ч яг л адил. Электроник элементүүдийг нийлүүлээд нэг багц зүйл
бүтээдэг шүү дээ. Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн олимпиад гэж болдог
байсан. Дунд сургуульд сурч байхдаа тэр олимпиадад физикийн элемент
ашигласан бүтээл хийж оролцож байлаа. Шумбагч онгоц хийх гэж оролдож
байсан юм. Яг электроникийн чиглэлээр биш л дээ. Бараг нэг хаваржингаа
сууж хийж байсан санагдана. Их ч зүйл сурсан. Одоо ч тэр макетаа
хадгалдаг.
-Энэ чиглэлийн бүтээл хийх туршилтын үед аюултай нөхцөл байдал үүсдэг байх. Таны туршилтын үед ийм байдал тохиолдож байв уу?
-Гарна
л даа. Цахилгаантай харьцаж туршилт хийдэг болохоор гаралгүй яахав.
Зарим буруу холболт, хянамгай байдал алдагдсанаас болоод тэсэрч дэлбэрэх
зүйл гарч л байсан.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих