ерманчуудын бүтээсэн гайхамшиг унгарчуудыг гонсойлгов
Германы багийн ахлагч Фриц Вальтер "Жюль Римэ”-гийн цомын хамт
Баруун Германчууд Швейцарьт ирэн Унгарын бахархалт "Алтан үе”–ийн 31 тоглолт дараалсан ялагдашгүй цувралд төгсгөл тавьснаар Дэлхийн аварга болж, 4 жилийн өмнөх Уругвайн ялалтаас ч илүү шуугиан тарьж байсан нь одоог хүртэл "Бернийн гайхамшиг” нэрээр хүмүүст дурсагддаг юм.
Аварга: Баруун Герман
2-р байр: Унгар
3-р байр: Австри
4-р байр: Уругвай
Алтан шаахай: Шандор Кочиш (Унгар) 11 гоол
Альпийн нурууны сүүдэрт болсон тэрхүү тоглолтонд 2 оноогоор хожигдож явсан Германчууд хоёрхон долоо хоногийн өмнө өөрсдийг нь 8-3 харьцаатай хожсон багаа 3-2 харьцаатай хожиж маш том шуугиан тарьсан юм.
Тухайн үед ФИФА-гийн ерөнхийлөгч байсан Жюль Римэ өөрийн нэрээр нэрлэсэн цомоо Германы багийн ахлагч Фриц Вальтерт гардуулсан бөгөөд хөлбөмбөгийн ертөнц тэгэхэд нэгэн шинэ, чухал сургамжыг авсан нь "Германчуудыг хэзээ ч, бүр хэзээ ч битгий тооцооноос хас” байсан юм.
Давхиж яваа хошууч
Германы багийн ахлагч Ф.Вальтер болон Унгарын ахлагч Ф.Пушкаш нар тоглолтын өмнө
Тэмцээний өмнө хүн бүр л Унгарын шигшээ багийг хамгийн шилдэг нь, тэд аваргын цомыг авна гэж дүгнэж байв. Учир нь тэд 1952 оны Олимпийн аварга бөгөөд өнгөрсөн 4 жилдээ 23 ялалт, 4 тэнцээ авсан гэсэн "ялагдашгүй” амжилттай явсан юм. Тэдний хамгийн дуулиантай хожил нь 1953 оны 11-р сард Англичуудыг ялсан тоглолт байсан бөгөөд тэд Уэмблид ялалт байгуулсан анхны гадаад баг болсон юм. Унгарын тэнгэрт гялалзах хамгийн тод од нь Гонведын армийн шигшээгээс ирсэн зүүн хөлийн аюултай тоглолт үзүүлдэг "Давхиж яваа хошууч” хочит Ференц Пушкаш байлаа.
Унгарын дасгалжуулагч Густав Себешийн багт олон чадварлаг тоглогчид байсны дотор Пушкашийн хамтран довтлогчид болох Шандор Кочиш, Нандор Хидегкути болон хагас хамгаалагч Йозеф Божик нар багтаж байв. Тэд тухайн цаг үедээ урьд хожид байгаагүй уян хатан тоглолтыг үзүүлдэг байсан бөгөөд Хидегкути Пушкаш, Кошиш нарыг ард үлдээж шинээр 4-2-4 гэсэн байрлалыг туршиж байжээ.
Унгарчууд тэмцээний өмнө Будапештэд Англичуудтай нөхөрсөг тоглолт хийхдээ тэднийг 7-1 харьцаатай хожиж, тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтондоо Өмнөд Солонгос улсыг 9-0, Баруун Германыг 8-3 харьцаатай буулгаж авчээ. Гэсэн хэдий ч Баруун Германыг хожсон тоглолт нь сүүлд анх харагдаж байснаасаа тэс өөрөөр эргэсэн билээ.
ФИФА-гаас тухайн үед багуудыг зэрэглэлээр нь 2 түвшинд ангилж үздэг байсан бөгөөд хэсгийн сугалааг явуулахдаа уг хоёр түвшнээс тус бүр 2 багийг сонгон авч тоглуулдаг байжээ. Гэхдээ одоогийнх шиг багууд хэсгийнхээ бүх өрсөлдөгчтэй тоглодоггүй байсан ба тэднийг зөвхөн зэрэглэл хооронд нь өрсөлдүүлдэг байв.
Тиймээс Германы дасгалжуулагч Зепп Хербергер Унгартай тоглохдоо тэдэнд хожигдсон ч өөр нэг өндөр зэрэглэлийн баг болох Туркын шигшээтэй хийх шийдвэрлэх тоглолтондоо ялж хэсгээсээ 2-оор гарах боломжтой гэдгээ мэдэж байлаа. Учир нь тэд эхний тоглолтондоо Туркуудыг аль хэдийн 4-1 харьцаатай хожчихоод байсан юм. Ингээд тэрээр багтаа 7 өөрчлөлтийг хийсэн бөгөөд үүнээсээ болж нэр хүндээ алдсан ч, Туркын эсрэг илүү хүчирхэг бүрэлдэхүүнийг илгээж 7–2 харьцаатай хожин хагас шигшээд орох эрхээ авчээ.
Гоолын үер буусан нь
Зөвхөн нэг хэсэгт л 41 гоол орсон гэхээр Швейцарийн ДАШТ нь 26 тоглолтонд гоол орсон, түүхэн дэх хамгийн олон гоолтой тэмцээн болсон гэхэд хэн ч гайхахгүй биз. Нэг тоглолтод хамгийн олон гоол Швейцар – Австрийн багуудын хооронд болсон хагас шигшээ тоглолтонд орсон бөгөөд зохион байгуулагч тал 19 дэх минутад 3-0 харьцаатай хошуучилж явсан ч тоглолт завсарлахын өмнө 5 гоол алдаж, цаашлаад 7-5 харьцаатайгаар ялагджээ.
Хэдийгээр олон гоол орж байсан ч тэмцээний шинэхэн оролцогчид болох Өмнөд Солонгос болон Шотландын шигшээ багууд нэг ч гоолгүйгээр хэсгийн шатнаас тэмцээнийг орхив. Уругвайчууд Шотландуудыг 8-0 харьцаатай бут цохин, шөвгийн 8-д Англичуудыг 4-2 харьцаатайгаар хожив. Хоёр багт хоёуланд нь 39 настай тоглогчид багтсан байсан бөгөөд Уругвайн шигшээд Обдулио Варело, Английн шигшээд Стэнли Мэтьюз нар тус тус тоглож байв. Гэсэн ч Стэнли Мэтьюз хичнээн хүссэн ч Уругвайн Варела, Шаффино нарын оруулсан гоолуудын эсрэг олигтой зүйл хийж чадсангүй.
Оролцсон багийн тоо: 16
Хугацаа: 1954 оны 6 сарын 16- аас 1954 оны 7 сарын 4
Шигшээ тоглолт : 1954 оны 7 сарын 4
Нийт явагдсан тоглолт : 26
Нийт гоолын тоо: 140 /1 тоглолтонд дунджаар 5,4/
Үзэгчдийн тоо: 768607 /дунджаар 29561/
Уругвайчууд хагас шигшээд Унгар болон Бразилийн аль ялсантай нь тоглох байв. Бразилчууд шөвгийн наймын тоглолтонд өөрсдийн дуртай шар өнгийн өмсгөлөө Швейцарт ирснээсээ хойш анх удаа өмссөн байсан ч тэдний найдвар сүүлд "Бернийн тулаан” гэж нэрлэгдэх болсон ширүүн тоглолтонд Унгарчуудад ялагдснаар төгсгөл болжээ. Алтан шаахайн эзэн Унгарын тоглогч Кочиш нийт 11 гоолынхоо 2-г нь энэхүү тоглолтонд оруулсан бөгөөд Унгарын тоглогч Божик, Бразилийн Нилтон Сантос, Умберто нарын авсан улаан карт, тоглолтын дараа хувцас солих өрөөнд болсон маргаан зэрэг нь тус тоглолтын нэр хүндэд ихээхэн сэв суулгасан гэдэг.
Унгарчууд Уругвайтай тоглохдоо Кочишийн нэмэлт цагт оруулсан хоёр гоолын ачаар тэднийг яг өмнөх тоглолт шигээ 4-2 харьцаатай ялав. Хоёр удаагийн Дэлхийн аварга Селестачууд 2-0 харьцаатай хожигдож явснаа Хуан Холбергийн хийсэн хоёр гоолын ачаар тооны харьцааг тэнцүүлсэн ч эцэст нь дэлхийн хэмжээний тоглолтноос анх удаа хасагджээ. Унгарчуудыг ийнхүү хамаг хүчээ шавхан хүндхэн хоёр тоглолтонд орж байх зуур Баруун Германчууд Югославыг 2-0, Австрийг 6-1 харьцаатай хожин шигшээ тоглолтонд төвөггүйхэн шалгарав. Эдгээр тоглолтуудад Германы ах дүү тоглогч Фриц болон Оттмар Вальтер нар тус тус 2 гоол оруулжээ.
Фриц Вальтерийн цаг агаар
Ингээд 1954 оны 7 сарын 4-нд бороо шаагисан Ванкдорф цэнгэлдэхэд шигшээ тоглолт явагдлаа. Дайны үед өвдсөн чичрэг өвчин нь хүндэрснээс болж өндөр халуурч байсан Германы тоглогч Вальтерд цаг агаарын тэр халуун бүгчим байдал давуу тал болжээ. Үүнээс хойш иймэрхүү нөхцөл байдлыг Германы хөлбөмбөгийн хорхойтнууд Фриц Вальтерийн цаг агаар гэж нэрлэдэг болсон байна.
Харин нөгөө талд өнгөрсөн удаа Германчуудтай тоглохдоо Вернер Либрихд өшиглүүлснээс болж шагайндаа гэмтэж, сүүлийн 2 тоглолтонд оролцоогүй Унгарын тоглогч Пушкашийн биеийн байдал багийнхныхаа санааг зовоож байлаа.
"Бернийн гайхамшиг” Германы шигшээ "Ялагдашгүй” Унгарын багийг хожсон баярт мөч
Бие нь сайнгүй байсан ч Пушкаш тоглолтчн 6 дах минутанд гоол оруулж, 120 секундын дараа Цибор гоолдсоноор Унгарчууд 2 гоолын давамгайллаар тэргүүлж байв. Гэсэн хэдий ч 18 дах минутад Германы тоглогч Морлокын алсын зайнаас оруулсан гоолын дараа Хельмут Ран Унгарын хаалганд дахин гоол оруулснаар хоёр багийн оноо тэнцсэн байна.
Бороо ч орж, байдал ч улам хурцдаж байсан бөгөөд Хидегкутигийн замд хөндлөвч л саад болж байлаа. Гэтэл цаг дуусахаас 6 минутын өмнө Германы довтлогч Ран 16-ийн гаднаас хаалганы буланруу зүүн хөлийн хүчирхэг цохилтоо хийж Германы шигшээ гурав дах гоолоо оруулав. Харин Унгарын хариу цохилт болох Пушкашийн гоолыг хажуугийн шүүгч хүчингүйд тооцож, удалгүй цаг дуусч, шүгэл дуугарснаар хэний ч төсөөлөөгүй үр дүн гарчээ. Унгарчууд ялагдаж, олон улсын хөлбөмбөгийн ертөнцөд өөр нэгэн лидерүүд шинээр мэндлэв.
http://news.gogo.mn/r/141162
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих