Аман дахь шүдийг нь алтаар бүрж, арван хуруунд алтан бөгж зүүлгэнэ,
авдар авдраар алт өгнө гэж амлан зуслангаас нь нүүлгэж газар нутгийг нь
хужаад худалдчихаад сумын Засаг дарга Зандраагаас эхлээд нүүр буруулан
сураггүй хэдэн оны нүүр үзлээ. Хүмүүс ч хулхидуулсандаа харааж зүхнэ.
Малын бэлчээр улаан шороогоор эргэсэн хаврын өдөр хэсэг хүмүүс ус
ургамлыг шинжилж, эндхийн уснаас уусан хүн, малын генид өөрчлөлтөд орж
хачин этгээд амьтан төрнө гэж аймшгийн мэдээ тараалаа. Ус, ургамал
юунаас болж хордов гэж учрыг нь асуувал уурхайн уршиг гэнэ.
Үүнийг батлах шиг хавар нь манай тарлан үнээнээс хоёр толгойтой, хөл
мөч гэх юмгүй хачин тугал гарлаа. Түүнийг харсан эмээ маань ухаан алдан
унаж, эхнэр ч гэсэн модон хөшөө мэт боллоо. Гэнэт миний толгойд
уурхайгаас шалтгаалж генийн хувиралт гэж хэлсэн үг харван орж ирээд уур
дүрэлзэн, мордож давхиад хужаагийн гадаа хуй салхитай буулаа.
Захирал хужаа жороолон гүйж ирээд "Хай яа, чи муу гуйлгачин энд юу
хийнэ ээ, зайлав аа" гэж юу юуны туханд хүрэлгүй хөөдөг байна шүү дээ.
Миний уур эцэстээ тулан яргай ташуураар нам цохимоор санагдсан ч тэвчээд
"Чи муу луухаан, хэн болоод хэнийг хөөж байгаа юм. Чи өөрөө нутгаас
минь зайл! Чиний гайгаар төл мал хачин амьтан гарах боллоо" гэсэн чинь
тоох ч үгүй инээж "Танай мал аа надад ямар хамаатай" гэчихээд буцаад
жороолохоор нь муу хужааг морин дээрээсээ шүүрч нөгөө тугалын дэргэд
буулгаж хаяад "Чиний уурхайгаас болж ийм тугал гарлаа" гэж омогдон
хэлсэн чинь "хай яа" гэж толгой сэгсрэн тойрч явснаа манж маягаар инээж:
-Хай яа, инаа тугал манай уурхайгаас болоогүй ээ. Инаа бол бухны
муугаас болсон шүү гэж солиорч дургүй хүргэж, би ч тэссэнгүй ташуураа
далайж дайрлаа.
Тэгсэн сумын заан "Мангар" Сүхээ барьж аваад хөдөлгөсөнгүй. Миний
ташуурын амтыг үзээгүйдээ баярласан хужаа цагдаа дуудав. Хичнээн дуудаад
ирдэггүй цагдаа дорхноо гүйж ирээд хужаагийн хормой доогуур орох шахан
бөхөлзөөд "Юу болов, яав? Ниргээд өгье" гэж сүржигнэхийг хараад хоёуланг
нь базаад нохойд хаяад өгчихмөөр санагдлаа.
Цагдаа, хужаа бид хоёрын маргааныг шийдэж намайг гадны хүн зодохыг
завдсан гэж торголоо. Харин тугалын хэргийг яаж ч чадсангүй, аймгаас
шүүх цагдаа ирж учрыг нь олж өгнө гэв. Удсангүй хоёр хоногийн дараа
аймгийн шүүх цагдаа ирж рашаан усыг бузарласан тэр уурхайг хааж, эзэн
хужааг хоноггүй хөөнө гэж томорч, захирлын өрөө рүү нь ороод таг.
Хэсэг хугацааны дараа хужаатай ах дүү болчихсон хүзүү сээрээрээ
тэврэлдсээр гарч ирлээ. Энэ байдлыг харсан би юм буруугаар эргэж магад
болсныг хараад цагдаа шүүхийн төлөөлөгчтэй сэм уулзаад хөхүүртэй айраг,
гүзээтэй тос өглөө. Оройхон шүүх хурал сүржин эхлэв. Гэрчээр эхнэр
хүүхэд, эмээг дуудаж байцаалаа .
Удалгүй шүүхийн шийдвэр гарлаа. Шимийн архи, хятад ганзайд халсан шүүгч
босоод "Энэ хэргийг шүүн тунгааж үнэн мөнийг тогтоолоо. Ийм хачин тугал
гарсан нь БНХАУ-ын иргэн Цинь Зу-дун болон Монгол улсын иргэн Батаа нар
буруугүй нь тогтоогдлоо. Энэ хэргийн буруутай эзэн бол хаа хамаагүй
явж, юу ч хамаагүй идэж уун ажлаа хариуцлагагүй хийсэн бух буруутайг
тогтоож, давж заалдах эрхгүйгээр таван жилийн хорих ял өглөө" гэж хэлээд
алхаа цохин шүүх хурлыг дуусгалаа.
Шог зохиолч Д.Самдан
Эх сурвалж: "Утга Зохиол Урлаг" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих