НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагын химийн
шинжээчдийн баг Нобелийн Энхтайваны төлөөх 2013 оны шагналыг хүртсэн юм.
Энэ багт гурван монгол иргэн ажиллаж байсны хоёр нь гэрээний хугацаа
дууссан бол шинжээч, доктор Д.Эрдэнэцогт саяхан эх орондоо түр ирээд
байна.
Тэдний даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь
үнэлэн ийнхүү шагнасан юм байна. Монгол Улсын иргэн шинжээч, доктор,
Д.Эрдэнэцогт тус багт 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ирэх оны
наймдугаар сард гэрээ нь дуусах ажээ.
Түүнээс шагналын талаар тодруулахад, "2013 оны аравдугаар сард манай
байгууллага энэхүү шагналыг хүртсэн. Дэлхий дээрх химийн зэвсгийн 80
гаруй хувийг бид устгасан. Тиймээс манай байгууллагад энэхүү шагналыг
олгох нь зүйтэй гэж үзсэн юм байна билээ.
Бүс нутаг болон дэлхий дахинд химийн зэвсэгтэй улс орнууд аюул занал
учруулж болзошгүй. Тэдгээр улсын эргэн тойронд байгаа орнууд манай
байгууллагын гишүүн. Тус улсуудын эсрэг ямар нэгэн химийн зэвсэг
хэрэглэсэн тохиолдолд бид очиж тусгай үүрэг гүйцэтгэдэг” гэв.
Нобелийн шагнал хүртсэн дээрх багийн бүрэлдэхүүнд генерал М.Хүрлээ,
хурандаа З.Нармандах нар ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч эх
орондоо ирээд байгаа аж. Харин хүн хүч хүрэлцэхгүй үед нь Монгол Улсаас
түр гэрээгээр очиж ажилладаг байна.
Д.Эрдэнэцогт нь 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. ОХУ-д
цэргийн дээд, академи, АНУ-д аюулгүй байдлын коллеж, хуулийн сургууль,
Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль төгссөн. Тамбовын цэргийн
сургуулийг 1986 онд химийн инженер мэргэжлээр төгссөн.
1986-2005 онд Зэвсэгт хүчинд салаа, ротын захирагч, албаны дарга,
штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн
бичгийн дарга, газрын даргаар ажилласан. 2006 оноос НҮБ-д зэвсгийн
шинжээчээр ажиллаж байна. Орос, англи, франц, араб хэлтэй.
Тэрбээр эдүгээ Голландын Гааг хотод амьдардаг. Гааг нь дэлхийн хууль
ёс, шударга ёсны нийслэл. Тиймээс олон улсын хуулийн болон энх тайвны
байгууллагууд тус хотод байдаг.
Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын
байгууллагад ажиллахын тулд өөртөө маш өндөр шаардлага тавьдаг байна.
Шөнө дөрвөн цаг унтдаг. Өдөр бүр 10 км гүйж, 60 км дугуйгаар явдаг.
Өглөө зургаан цагт ажилдаа явж, томилолтоор явсан тохиолдолд өдөрт 13
цаг ажилладаг байна. Хагас, бүтэн сайны амралт гэж байхгүй. Тэрбээр
сүүлийн 10-аад жил амарч үзээгүй аж.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих