Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр УИХ Газрын тосны хуулийг хэлэлцүүлэгт оруулсан ч харамсалтай нь энэ хууль нэг хүний саналаар унасан билээ. Уг хуулийг унагасан хүмүүсийн тоонд Дорнодоос нэр дэвшиж гарч ирсэн Н.Номтойбаяр, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэнгийн эхнэр С.Одонтуяа нар байсан нь олны анхаарлыг татав.
Мөн уг хуулийг санаачлан өргөн барьсан ажлын хэсгийн ахлагч, бие даагч
гишүүн Х.Болорчулууныг хоёр нам хавсайдан унагасны дараа Ц.Нямдоржид
энэхүү төслийг дахин боловсруулах ажлыг даалгасан нь цаанаа хардлага
дагуулж байна. Энэ үеэр Дорнодын Тамсагбулагт газрын тос олборлож байсан
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин тамсаг”
компанийн удирдлагууд Монголын хилийг ердөө дөрөвхөн хоногийн хугацаатай
нээлгэх шаардлагыг хилийн заставынханд тавьжээ.
Тэд ийнхүү увайгүй загнасаар өнөөдрийг хүрсэн бөгөөд хилчдэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий үнэн, худал нь мэдэгдэхгүй хил нээх түр зөвшөөрлийн бичгийг үзүүлж явжээ. Энэ үеэр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан учир битүүлгээр нас барав. Түүнийг Монгол Улсын Засгийн газар болоод "Петрочайна Дачин тамсаг” компани хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос 40.522.976 сая ам.долларыг Хонконг дахь данс руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, "Петрочайна”-тай хуйвалдсан байж магадгүй хэмээн сэжигтнээр татаад байсан билээ.
Улс, орон нь эдийн засгийн хямралд өртөж байх зуур "Петрочайна”-гийнхан
Монгол Улстай байгуулсан 15 жилийн турш хамтран ажиллах гэрээгээ зөрчин
хилийн зурваст 2.8 километр хүртэлх зайд таван ширхэг ган хоолойг газар
доогуур татсан байна. Угтаа манай улсад үйл ажиллагаа явуулж буй ямар ч
гадаадын компани хилийн зурвас хүртэлх дөрвөн километрийн дотор зайд
олборлолт явуулахыг хориглосон байдаг аж. Гэвч энэ хууль
"Петрочайна”-гийнханд огтхон ч үйлчлэхгүй байгаагаас гадна хэдхэн сарын
өмнө тус компанийн газрын тос ачсан найман машин нэг дор шатахад Монгол
Улсын Онцгой байдлын газрын дарга, даамлуудыг хүртэл өөрийнхөө хашаанд
оруулахгүй томорч байсныг харахад бид ямар өрөвдөлтэй "амьтад” болон
хувирч буй нь тодорхой байна.
Өнөөдрийн байдлаар Хятадын талаас манай хилийн дээсийг тултал дээрхи хоолойнуудтай холбогдох учиртай таван ган хоолойг засмал замын хамт аль хэдийнэ барьж дуусгажээ. Хэрэв уг асуудлыг анхааралдаа авахгүй бол дээрхи газрын тосны хоолойгоор ердөө дөрөвхөн жилийн дотор Тамсагийн бүх газрын тосыг урагшаа ховх сорох аюул нүүрлэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих