Өнгөрсөн шөнө Багдадын нисэх буудалд АНУ-ын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний улмаас Ираны элит хүчний командлагч, генерал Кассем Солеймани алагдсан билээ.
Генералыг устгах тушаалыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн тухай Пентагон мэдэгдсэн юм. Энэ явдлын дараа Ираны шашны тэргүүн Аятолла Хамени төв телевизийн сувгаар үг хэлэхдээ АНУ-аас генералын өшөөг авахаа амласан байна. Тэр бас Иран орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. Солеймани нь Ойрх Дорнодын бүс нутагт Ираны бодлогыг хэрэгжүүлэгч гол хүн байсан юм. Түүний үхлийн хариуд Тегераны эрх баригчид АНУ, Израйлийн эсрэг хатуу арга хэмжээ авах нь тодорхой байна.
Энэ долоо хоногийн эхээр Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамны байранд Ираны талыг баримтлагчид дайран орсон явдлыг генерал Солеймани зохион байгуулсан гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн шөнийн цохилтын үеэр Ирак дахь Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлгийн командлагч Абу Махди Аль Мухандис алагдсан юм. Багдадын олон улсын нисэх буудлаас явж байсан тэдний цуваанд АНУ-ын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсөн байна. Генерал Сири, эсвэл Ливанаас онгоцоор ирснийг Аль Мухандис тэргүүтэй хүмүүс тосоод хөдлөх үеэр автомашины цуваанд цохилт өгсөн гэлцэж байна.
Ираны цөмийн гэрээнээс АНУ 2018 оны тавдугаар сард гарсны дараа хоёр орны харилцаа эрс муудсан юм. Энэ удаагийн агаарын цохилт Вашингтон, Тегераны харилцаанд эргэлт болж магадгүй байна.
Дэлбэрэлтийн улмаас генерал Солейманигийн цогцос олон хэсэг болж хуваагдсан бөгөөд хуруундаа зүүсэн бөгжөөр нь таньсан гэнэ. Солеймани нь Ираны Хувьсгалт Гвардын Кудс элит хүчнийг 20 орчим жил удирдаж байгаа бөгөөд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэм, Ирак дахь шийт зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжих байлдааны ажиллагаануудыг зохион байгуулж байжээ. Тэр бас Исламын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайтахад нь Ирак, Сирийн засгийн газруудад зөвлөх үүрэг гүйцэтгэж байв. Генералын амийг хөнөөх ажиллагааг Өрнөдийн болон Арабын тагнуулын албад өмнө нь хэд хэдэн удаа зохион байгуулсан ч бүтэлгүйтэж байсан гэдэг.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих