Нийслэл нүүлгэх зардлын 19 хувийг Индонезийн засгийн газар гаргах бол үлдсэн хэсгийг төрийн болон хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид гаргах ажээ.
Тэгвэл шинэ нийслэл бүтээн байгуулах төслийг удирдах хороо байгуулагдаж, хороог Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабигийн захирагч, угсаа залгамжлах ханхүү Шэйх Мохаммед Бин Зайд Аль Нахьян даргалахаар болсныг Индонезийн засгийн газар өчигдөр зарласан байна.
Ханхүү дэлхийн хамгийн том исламын шашинт улсын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэх болсноо нэр төрийн хэрэг гэж мэдэгджээ.
Шинэ нийслэл байгуулах хороонд мөн Японы хамгийн баян хүн, Софтбанк компанийн гүйцэтгэх захирал Масаёши Сон гишүүнээр ажиллах болсон байна.
Бас Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр хороонд орж ажиллахаар уригджээ. Дээрх алдартнуудыг урьж оролцуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авч чадна гэж Индонезийн тал тооцоолсон байна.
Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо саяхан Абу Дабид зочлоод ирэхдээ ханхүү Аль Нахьянтай хамтарч ажиллахаар тохиролцжээ. Жакарта хот нь 10 сая оршин суугчтай, ойр хавийн дагуул хотуудыг нь нийлүүлбэл 30 сая оршин суугчтай Азийн мега хотуудын нэг юм. Энэ хот газар хөдлөлт, үер усанд байнга өртөж, хөрс нь далайд аажмаар живж байгаа.
Хотын түгжрэл, хүн амын хэт ачаалал нь жил бүр $6.5 тэрбумын зардал үүсгэдэг гэдэг. Харин шинэ нийслэл байгуулагдах зүүн Калимантан муж нь нэг үе битүү ширэнгэ ой байсан, одоо 3.5 сая хүн амьдардаг нутаг юм.
270 сая хүнтэй Индонез улс нь хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. 17,000 гаруй арлаас бүрддэг энэ улсын хүн амын 54 хувь нь нийслэл Жакарта хотын оршдог Ява аралд суудаг ажээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Associated Press
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих