Философийн үүднээс эгоцентр чанарыг
"өөртөө төвлөрөхүй” хэмээн орчуулдаг. Хамгийн чухал талаасаа хайку
ердөө өөртөө төвлөрөх юм. М.Басёгийн эхлэл ч ялгаагүй домогт
өгүүлснээр өөртөө байгаллаг сэрлүүдээрээ гүн төвлөрсөнд оршиж байна.
Тэгвэл өнөөгийн постмодерн цаг үеийн нөхцөл байдлын хамгийн том
"зөрчил” юу вэ? Нийгэм хийгээд бусдад хэт автагдсаных уу, эсвэл гажуудах
хэмжээнд хүртлээ "БИ” –дээ хэт төвлөрснийх үү? Энэ л ээдрээтэй
асуултууд ХХ зууны эхэн үеэс эдүгээ хүртэл хамгийн магадлалтай
хариултаа хайсаар байна. Хэрэв "алтан дундаж” гэдэг шиг алтан "ЗААГ”
байдаг бол тэр харьцааг тогтмол хэмжээст барих "оролдлого” ирээдүйд
хамгийн үр дүнтэй арга байхыг үгүйсгэхгүй. Нэг үгээр "универсали”
байдлыг хүмүүсээс ирээдүй шаардана. Бертран Расселийн
тодорхойлсноор”...хэрэв универсали бодитойгоор оршдог тохиолдолд тэрээр
ямар нэг, бие даасан юмсын нэр томьёо байдлаар илрэх болно./ Бертран
Рассел”Өрнийн философийн түүх” 2013,258/ гэдэг "үнэн” бол байх цаг
хугацаанд хүний оршин ахуйн хамгийн зөв дундаж, универсали байдал
"УРЛАГ”-ийг танин мэдэх, суралцах, бүтээх явцад илэрнэ. Б.Рассел бас
нэр томьёо нэхээд байгаа юм. Тиймээс одоохондоо "яруу найргийн
эгоцентр зам " гэж нэрлэе.
Хайку
шүлэг өөрөө урлаг. Өөртөө төвлөрөх зам. Үнэндээ хамгийн ЭГОЦЕНТР
чанарыг өөртөө хадгалагч яруу найргийн төрөл. Онолын талаас нь олон
тайлбар бий. Б.Явуухулан хайку шүлгийн тухай өгүүлэлдээ "Япончуудын
зан заншил ёсоор мэлхийн дууг хамгийн гоо сайханд тооцдог ажээ.
Алтангургалдайн дуу ямар сайхан бэ, түүнтэй нэгэн адилд үзэж хаврын
мэлхийн анхны дууг япончууд тэсэж ядан хүлээдэг байна. Энэ нь зуны эхэн
сарын хөхөөний дууг монголчууд тэсэж ядан хүлээдэгтэй яг адил
юм./Б.Явуухулан 1990,134/ гэсэн шиг хайку шүлэг өөрөө харьцангуй
сэтгэлгээний"уян”, хувиран хувьсагч чанартай. Хэлбэрийн хувьд ч
ялгаагүй. Зарим талаараа хэт хөдөлгөөнгүй баригдмал санагддаг ч энэ нь
хайку шүлгийн "өнгөц” тал. Харагдах сүүдэр нь юм. Харин дотоод мөн
чанар нь тийм биш. Тиймээс л Орос хайку, Англи хайку гэж ярьж болох
тийм хэлбэр, өвөрмөц суурь сэтгэлгээ, үзэл санааг бүрдүүлж чадсан гэж
зарим "бүтээгчид” үздэг. Хайкуг угсаатны аналоги зүйлүүдтэй хэт баглаж
уях ч боломжгүй хэмээх үзэл нилээд дэлгэрсэн боловч "МОНГОЛ ХАЙКУ”
шүлэг гэж нэрлэх явдал манай утга соёл судлалд буй.
Тэгвэл
монгол хайку шүлгийн ялгарах онцлог сүүлийн үед "Хязгаараас цааш”
хайку шүлэгчдийн бүлгийн бүтээлүүдээс илэрхий харагдах болов. Тэдний
"Мэдэрхүйн байгаль” түүвэр бол урьдчилаад дүгнэчихэд "Монгол хэв шинж
бүхий хайку шүлэг”-гийн антологи юм. Илүү тодруулбал "өөртөө
төвлөрөх-ЗАМ”-ыг эрэлхийлсэн залуучуудын урлагаар /яруу найргаар/
дамжуулан БАЙГАЛЬ, ЦАГ ХУГАЦАА, ХҮНИЙ АМЬДРАЛЫН дотоод ГОО САЙХАНГ нээх
эрмэлзлэл. Зөв дундажыг барих гэсэн баясалгал юм. Зөвхөн байгалиар
хязгаарлагдахгүй, хүний амьдралын эмгэг, эдгэрэл ч тэдний шүлгүүдэд
оршиж байна.
Усан байцааны шилбэнээс
Шүдэнд элс шажигнахад
Өтөлж яваагаа мэдэв би хэмээх Мацуо Басёгийн сонгодог хайку шиг цаг
хугацааны мэдрэмжүүд ч "Хязгаараас цааш” бүлэг шүлэгчдийн зүрх сэтгэлийн
дэргэдээс сонсогдоно. Бид чухам юугаараа "гангарах” ялгарах ёстой вэ?
гэсэн бодол ч тэдний хайку шүлгүүдээс шууд хашгирна. Амьдрал, түүнийг
бүтээгч гоо зүйн бүх л категориуд эерэг болоод эсрэг үнэлэмжтэйгээ
цогцлон бүрэлдэх "санаархал” ч "Хязгаараас цааш” бүлгийн хайку
шүлгүүдээс мэдрэгдэнэ.
Хэлний
түгээмэл бус үзэгдлүүд ч эртний сэрлийн мэдээллүүдээ сэргээн тэдний
шүлгүүдээр зенгийн гоо зүйн үзлийг дамжуулж байна. Магадгүй домгийн хэл
"дахин амилах” үзэгдэл ч зарим шүлгүүдээс харагдана.
хөвчид уянгалах
хөхөөн дуунд
хөрсөн өндөг бүлээцнэ... гэдэг шүлгээс л лав монгол суурь домог
сэтгэлгээний хэл сонсогдож байгаа юм. Энэ нь философи үзэгдлээр "
домогзүйн сэтгэлгээний өвөрмөц шинийг ойлгохын тулд шидэт домог бол
хэлний доторх бас хэлний гаднах үзэгдэл гэдгийг бид хүлээн зөвшөөрөх
ёстой./Леви Стросс "Бүтцийн антропологи” 2013,192/болох зүй тогтлыг
монгол хайку шүлгийн өвөрмөц чанар гэж үзэх боломжтой. Эсвэл "Хязгаараас
цааш” бүлгийн шүлэгчдийн нийтлэг онцлог ч байх үндэстэй санагдана.
Харин зэнгийн үүднээс эртний бодомжуудыг буруу тайлах тусам өнөөх алтан
заагийн дундаж чанарыг нэг тийш нь алдах тусам илүүтэй "хоосонг” таньж
мэднэ.
манан дундаас
хуучин байшин тодрох нь-
манайх...
биш харин "уулын савдаг” суудаг байх тусмаа илүү гүн гүнзгий тайлал болж
байгаа юм. Гэнэн тайлалууд нь ч энэ бүлэг шүлэгчдийн гоо зүйн нийтлэг
бус байдлаар ялгарах гэсэн хүслийн маш тод илрэл болно. Байгалийн
зурвас агшинг зураглах, дахин хэзээ ч давтагдашгүй хормыг "барьж” авах
оюун санааны эрмэлзэл, аналитик хэлбэрээр илэрч байна.
тэнгэрийн өнгөтэй
голын урсгалд
хөлөө дүрэх хайран... гэжээ. Зүгээр үгээр үзэгдлийг зураглах биш
задлан шинжилсэн байгаа юм. Нэг шат ахисан гэсэн үг. Гоо сайхны өнгөн
бус мөн чанар руу нь сэтгэлээ аваачаад бясалгажээ. Үнэхээр тийм зүйлд
хөлөө дүрэх хайран. Сэтгэлийн тунамал чанар энэ шүлгээс шууд цацарна.
Өөртөө төвлөрөх үзлээр БИ-БЯСАЛГАЛ горимд яруу найрагч бүрэн автсан
байна. Тэгвэл дараагийн шүлэгт хайку шүлгийн бараг анхдагч /хошин хэлбэр
биш шүү/зарчим бүрэн илэрчээ.
аниргүй тал...
сүйдсэн сүмийн туурин дээр
хөх дэрс бөхийжээ хэмээнэ. Японы Тиёгийн "тэмээлзгэний сүүдэр” шиг нэг
тийм монгол хөх дэрс бөхийгөөд тал нутгийн уйтгартай агшинг үгээр
зураглаж байна. Илүү "нэмэлт” зовинол, бясалгал, хандалт огт хэрэггүй
шүлэг юм. Хайку анхдагч шинэчлэгч чанараа "аниргүй тал, сүмийн туурь,
хөх дэрс” хэмээх үгсийн бүлэг зохисоор дамжуулан нээж байна. Зураглахуй
хаана хөдөлгөөнд шилжинэ, тэнд мөнхийн агшин алдагдаж байдаг. Мөнхийн
агшинд хөдөлгөөн бий ч тэр нь илэрхий механик цуваа биш. Оюун санааны
хүчтэй төсөөллөөр илрэх үйл явц юм байналээ. Энэ л хөдөлгөөний агшин
хайкуд хүчтэй анхдагч хэлбэрээрээ одоо ч оршиж байгаагийн тодорхой
баримт бол дээрх шүлэг мөн. Гэтэл формалист хэлбэр ч "Хязгаараас цааш”
шүлэгчдийн "Мэдэрэхүйн байгаль” түүвэрт буй.
хээнцэр эрвээхий-
шүлгийн санаа
нисчихлээ гэжээ. Эрвээхэй херменевтик эргүүлгээр шүлгийн санаа юм.
Херменевтик тайллаар нисчихлээ. Энд л хийсвэр дүрслэлийн
"шиматик”ухамсаргүй илэрнэ. Цэгцтэй, дэс дараалалтай, үүдэн гарах чанар
хайгаад нэмэргүй формаль юм.
Эцэст нь хязгааргүйгээс цааш юу
байж болох вэ? Гоо сайхны өмнө нь хэний ч нээж амжаагүй суваг. Тэр
сувгаар нэвтрээд л өмнө нь мөн л хэний ч очиж үзээгүй ертөнц. Тэр
ертөнцийн өнгө гэрэл, бидний мэддэг, бидний амьдран ахуй ертөнцөөс тэс
ондоо, ер бусын агшинууд. Тиймээс миний Нисванисын ”нарны цаад руу,
нарны цаад руу харанхуй руу, харанхуйгаас цааш гялбаа руу” гэдэг дууны
үг шиг "хязгаараас цааш хязгаар руу, хязгаараас бүр цааш хязгаар руу
тэмүүл. Тэгээд мэдэрэхүй цоо шинэ байгалийг нээтүгэй.
ХАЙКУ ШҮЛГИЙН ЭГОЦЕНТР ЧАНАР ТЭР ХЯЗГААРТ УЛАМ ТӨГӨЛДӨРӨӨР ОРШИН БУЙ БИЗ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих