Аймгийн хурлын төлөөлөгч гэдгээр нь Ганболдтой ярилцья гэсэн ч Улаанзагалмайнхаа талаар ярья гэснээр бид тохирч ярилцлагын ширээний ард суулаа.
-Улаан загалмай Ганболдыг олов уу, Ганболд Улаан загалмайг олов уу? Ингэж асуухын учир нь ярилцлагаа нэлээн дээрээс эхлэе гэж бодлоо.
- Ерээд оны үед чи бид чинь аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлд байлаа шүү дээ. Тэгэхэд би "Есөн-Эрдэнэ” компанийн менежер байсан үе. Тэр үед аймгийн Иргэдийн Хурлын дарга Гэлэгийн Хүрэлбаатар байсан. Нэг өдөр хурал дээр дуудсан, давхиад очсон. "Чамд аймгийн Улаан загалмайн ажлыг өгнө” гэдэг юм. Ажлыг нь авах гэж байгаа хүн нь ангийн багш байдаг. "Юу ярьж байгаа юм бэ, манай ангийн багш байгаа юм. Багшийгаа мөргөнө гэж юу байхав” гэсэн нь Хүрлээ дарга "Чи мэддэг юм уу, би мэдэж байна” гээд хот руу намайг дагуулаад явдаг юм. МУЗН-ийн Ерөнхийлөгч Одончимэд гэдэг хүнийг тэгэхэд л анх удаа нүүр тулж харж байгаа нь тэр. Самдандовж гуайг ч мөн адил. Ер нь нэг ч хүн таньдаггүй байсан. Тэгээд уулзалдаад намайг ямар сургууль соёл төгссөн, ямар мэргэжилтэй вэ, эхнэр, хүүхэд, орон байр гээд ер нь нэлээн шалгаасан. Тэгж тэгж л "Таныг Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны нарийн бичгийн даргаар томиллоо” гээд ирсэн. Ирээд багшаасаа тамга хүлээж аваад ажлаа эхэлсэн дээ. Багшийнхаа ажлыг авна гэдэг тийм ч сайхан хэрэг биш билээ. Эвгүй л байсан.
-Улаан загалмайн удирдлагыг өөрчлөх учир шалтгаан бас байсан л байлгүй дээ?
- Байсаан байсан. Удирдах зөвлөлд байсны хувьд би өөрөө ч багцаалж байсан. Дээд газар ч бас мэдэж л байсан биз. Гэхдээ би ажлыг нь аваад багшийгаа тэр чигт нь хөөгөөд явуулчихаагүй юм шүү. Ард нь хүний амьдрал байна, нэг жил дэргэдээ зөвлөхөөр байлгаж цалинжуулсан. Үндсэндээ хоёр жил юм даа.
-Спорт хорооны аж ахуй,”Есөн-Эрдэнэ” компанийн менежер гэхчлэн алба ажил эрхэлж байсан хүнд Олон нийтийн байгууллагыг удирдана гэдэг ямар байв?
-Тэгээд яахав, ажлаа авсан. Тэр үедээ 40000 төгрөгийн өртэй байгууллагыг авч байсан. Төв аймгийн Улаан загалмайд өртэй байсан юм билээ. Өрөө нэхэж өдөр шөнөгүй утасдана. Тэр үед би өөрийн жижиг хувийн аж ахуйтай, жаахан мөнгөтэй байсных юутай ч өрийг нь дарсан.
-Өрөө дарж аваад л ажилдаа шуудрав уу?
- Тэгсэн. Хамгийн хүндрэлтэй нь тэр үед Улаан загалмай гээд ярихад хэн ч хүлээж авдаггүй, олонхи нь эмнэлгийн байгууллага гэсэн ойлголттой, тэр ойлголтоос нь салгах гэж нэлээн үзсэн. Үндсэндээ 1,5 жил зүтгэж байж Улаан загалмайн ажлыг босгосон. Одоо бол мэргэшсэн гэж хэлж болно. 2006 онд би "Мэргэшсэн Улаан загалмайч” цол авсан.
-Өө, тийм цол хэргэм бас байдаг хэрэг үү. Улсын хэмжээнд хэдэн хүн энэ цолыг авсан байхав?
-Улсын хэмжээнд одоогоор долоо найман л хүн байна.
-Шалгуур үзүүлэлт өндөртэй тун хүндтэй цол юм байна шүү дээ?
-Хүн чинь салбар нь дэмжээд удирдлага нь хийсэн ажлыг үнэлээд байхаар улам л энэ ажилдаа дуртай, хэнхэг залгачихдаг юм байна. Их сонин шүү, амралтын хоёр хоног гэртээ сайхан амарья гээд жаахан хэвтэхээр тархи толгой дүйрээд даралт хэлбэлзээд хачин болно. Ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суугаад нөгөө гуйлгаа гуйхаар зүв зүгээр.
-Хүмүүсийн ярихыг сонсч л байсан. Ганболд тулдаа л энэ ажлыг энэ зэрэгтэй авч явна гэж?
- Хэн байх нь сонин биш, гагцхүү сэтгэлтэй л хүн байх ёстой. Олсоноо хувьдаа ашиглаж завшаад эхнэрээ унаа тэргээр нь зөөгөөд байвал өнгөрнөө дөө.
-Унаа тэрэг гэхээс ямар унаатай вэ?
-Манайх нэг фургонтой. 2007 онд Дорнод аймгийн Улаан загалмайн хороо 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэр үед Самдандовж дарга утасдаад манай Ганболд одоо жип унах болсон байх аа гэхэд нь би шуудхан "За дарга минь, намайг сайхан явуулья гэвэл жипээ өг, ажлаа сайн хийлгэе гэвэл фургон машин өг” гэсэн. Тэгээд л фургон өгсөн. Фургоноо эхнэрээсээ илүү хайрладаг гэвэл хүн үнэмшихгүй л байх.
Саяхан болтол машинаа айлын хашаанд тавьдаг байлаа. Тонуулна, бензин тосоо алдахаас эхлээд их хэцүү шүү дээ. Тэгж байтал аж ахуйн аргаар Заманбек манайд гарааш барьж өгсөн. Бас л хандиваар.
-Хүнээс юм салгана гэдэг угтаа урлаг юм гэнэ лээ. Чамд бас авьяас байнаа?
-Манай ажлын онцлог юм даа. Төрөөс бидэнд нэг төгрөг өгөх биш. Хандив тусламжаар явдаг ажил. Өөртөө хувьдаа биш хүмүүнлэгийн үйлсэд болохоор цаад хүмүүс үнэхээр сэтгэлээрээ ханддаг. Ер нь тэгээд хүнээс юм салгахад ярих авьяас яах аргагүй хэрэгтэй. Ээрч муураад түгдчээд байвал хэн өгөхөв дээ. Би чинь гар бариад бугуй барина. Тэгээд л суганд нь гараа шаачихна шүү дээ. \инээв\
-Ингэхэд бусад аймгуудын Улаан загалмайн хороо ямар жишгээр явдаг юм бол?
-Зарим нь ч хэцүү шүү дээ. Булган аймагт гэхэд Улаан загалмайн хороогоо татан буулгаад хаячихсан. Хоёр давхар сайхан байртай байсан. Байр нь зарагдсан, юу ч үгүй болсон. Их олон дарга сольсон. Солиход бас учир байна. Энэ нь хэнд хортой вэ, нутгийн иргэдэд хортой. Түймэр, зуд зурхан болно хэцүү шүү дээ.
-Манай аймгийн Улаан загалмай ажил үйлсээрээ тархинд нь яваа дуулддаг. Би шуудхан хэлэхэд өөрийн чинь үүхээ сүйхээтэй л холбох гээд байна л даа?
-Манай аймгийн ард иргэд бол өөр шүү. Дэмжлэг сайтай. Энэ хүчинд нь манай хороо ажил үйлсээрээ сүүлийн 8 жил улсад тэргүүлсэн амжилттай явна. Одончимэд дарга Дорнодод сүүлийн 40 жил ирээгүй байж байгаад ноднин НҮБ-ын суурин төлөөлөгчтэй хамт ирсэн. Дорнод үнэхээр хөгжсөн байна, гоё байна гээд манай Улаан загалмайг магтаж магтаж л явсан. "Би бүх аймгийн хороодоор явсан, ажил нь ийм жигдэрсэн хороог үзээгүй, үнэхээр ярих юм алга” гээд надад зориулж энэ шүлгийг тэрэлж дурсгасан \гээд үзүүлэв\
Намайг чинь зальтай зайтай л гэдэг. Хүмүүст би хэлдэг юм. Зальтай байлаа гээд би хамер жип унасангүй, хаус харшид заларсангүй гэж.
- Хүний хэтэвч өнгийх нь ёс зүйд нийцэмжтэй биш л дээ. Гэхдээ олон нийтийн байгууллагыг толгойлж яваа таны хувьд яг өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авч байна?
-Төрөөс мөнгө авдаггүй гэдгээ дээр хэлчихсэн. Янз бүрийн төсөл хэрэгжүүлнэ. Одоогоор манай дээр Норвегийн вант улсаас мөн Японоос төсөл хэрэгжиж байна. Энэ төслөөс би өөрөө цалинжихгүй. Төсөл дээр ажиллаж байгаа ажилтан цалинжина. Бусад нь өөрийн орлогоор. Би гэхэд сард 650 мянган төгрөгний цалин авч байна.
Дээрээс биднийг өөрийн орлогоо сайн бүрдүүлж чадаж байвал хамаа алга сая төгрөгийн цалингаа ав гэдэг юм. Би сая төгрөг авчихлаа гэхэд доодуулдаа хэдийг өгөхөв, учир гарнаа даа.
-Улаан загалмайтай амьдралаа холбосноор яг хувь хүний амьдралын чанар дээшлэв үү, доошлов уу?
-Миний хувьд нэг их дээшлээд сүйд болох нь юу байхав, лав л дордоогүй. Хоёр хүү маань сургуулиа төгсч ажил амьдралд залгаад хань ижил, үр хүүхэдтэй болж, манайх чинь ихэр хөөрхөн ач хүүтэй болсон. Энэ бүхэн миний түмэн олонд хийсэн буян заяа гэдгийг үр хүүхдүүддээ хэлдэг л юм. Амьдралын чанар гэдгийг чухам юугаар хэмждэг юм бэ, сайн мэдэхгүй байна. Манайх гэхэд хувьдаа өмчилж авсан 2 өрөө байртай. Олны жишгээр ордер банкны барьцаанд зээлээс зээлийн хооронд л яваа, юуг нь нуухав.
-Бусад аймгийн Улаан загалмайнхан туршлага судална гээд ирсэн, явсан л дуулддаг. Танайх хүний хөлд нэлээн дараатай байдаг газар байх шүү?
-Өө ирнэ ирнэ. Хамгийн сүүлд Баянхонгорын УЗ-н хорооны дарга Батдамба ирж, Манжуурын УЗ-тай хамтран ажиллахаар болж гэрээ хийгээд буцсан. Ер нь манайд бүх аймгийн хороодын удирдлага ирсэн. Тэр ч бүү хэл саяхан Сэлэнгэ аймгийн өрх толгойлсон 20 ээж ирж туршлага судлаад буцсан. Манай хоёр аймагт өрх толгойлсон ээжүүдэд зориулсан ижил төсөл хэрэгжиж байгаа юм.
-Аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг хэр вэ?
-Жанлав даргын үед Улаан загалмайг онцсайн дэмжиж байсан. Сая шинэ удирдлагатай боллоо. Ганбат дарга дээр орж ажлаа тайлагнасан. Бас л сайхан хүлээн авч хамтран ажиллахаар болж гэрээ юмаа байгуулж энэ жилийн төсөвт чамгүй мөнгө тусгасан.
-Аймгийн хурлын дарга нар Улаан загалмайн хорооны тэргүүн гэсэн сонгуультай. Тийм болохоор хуралтай нэлээн ойр гэж ойлгож болох уу?
- Би энэ ажилд томилогдсоноос хойш 5 даргын нүүр үзэж байна. Хэнээс нь ч мөнгө нэхэж үзээгүй. Намайг болгоод явдаг болохоор тэд санадаггүй байлгүй дээ. Аваагүй хэр нь авсан гэж заримд нь сэрдүүлдэг л байхгүй юу. Үнэндээ хурлаас би нэг төгрөг ч авч үзээгүй. Баруун аймгуудын хувьд хурлаасаа дэмжлэг сайн авдаг юм билээ. Увсын Улаан загалмай гэхэд төсвөөс жилдээ 50 сая төгрөг гэж дуулдана лээ. Би саяхан Зоригоо даргатай уулзсан, дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлсэн. Миний нэг хатуу зарчим бий. Улаан загалмайн нэрээр орж ирсэн бүхэн хаана байх ёстой тэндээ л байх учиртай. Энэ шинэ буйдан, ширээ сандлыг Г. Тэгшжаргал захиралтай "Хос өргөө” ХХК саяхан хандивласан. Ганболд гэртээ аваачаад тавьчихвал залилан болноо доо. Тийм болохоор байх ёстой юм байх газраа л байг.
Гуйж түүж олж ирснээ хурааж хуримтлуулж хадгалж байгаад зориулалтынх нь юманд зарцуулдаг болохоор хүмүүс надад итгэдэг байх. Өнөөдөр Дорнод аймгийн Улаан загалмайн хороонд өөрийн чадлаар бий болгосон 20 айлын нөөц байна. Бүсийн төвд 100 айлын нөөцтэй. Сүхбаатар аймаг шиг ч гэдэг юм уу, Өвөрхангай шиг нөөц гэх юмгүй бол төсвөөс зулгаахыг л бодно шүү дээ.
-Саваагүй асуулт тавья. Яг энэ албан тушаалд томилогдсоноос хойш өөрийн нүүрийг ширэлж хэдий хэрийн "юм” Улаан загалмайдаа олж ирэв ээ?
-Багцаа баримжаа бас байлгүй яахав. Олж ирсэн бүхнээ мөнгөн дүнгээр тооцвол минийхээр бол 2 тэрбум дөхсөн.
Чи санаж байгаа байх. Жанлав дарга нэр төрөө сэргээлгэхээр Иргэний зориг намтай шүүхдэлцсэн шүү дээ. Тэгээд гаргуулсан 2 сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд хандивласан гээд олны дэм тус их бий.
-Боломжийг ашиглаад томоохон хандилагчдаасаа дурдаач?
-Уурхайн Шатар дарга байна, "Хос Өргөө” ХХК байна, Нараа, Ганбаа хоёр \ "Дорнын хишиг” ХХК-ийг хэлэв\, "Сүхжин” ХХК манай аймгийн бүх сургууль, цэцэрлэг. НААҮ, Энхболд, Энхцэцэг хоёр, Сэнгээ гуай, ДОЦ ХХК гээд сэтгэлээсээ маш их хандив өргөдөг олон байгууллага, хүн бий. Дээр нь нэмээд хэлэхэд Улсын сайн малчин Цэрэнпагма, малчин Жаргал, ногоочин Сүхбаатар гээд хонь мал, ногоо цагаагар хандив өргөдөг хүмүүс ч бий. Тэдний хувьд энэнд өгчихвөл цааш нь зөөгөөд замируулчихгүй байх гэж итгэж найдсандаа өгч байгаа хэрэг шүү дээ. Тийм болохоор би засвар үйлчилгээнд хандив туслалцаа үзүүлсэн бүх хүнийг өрөөндөө урьж авчраад өгсөн зүйлийг нь юу болгосноо үзүүлж харуулсан.
Дууяа эгч маань гэхэд амьд сэрүүндээ энэ коридорын шалыг өгсөн. Хүнээс юм гуйж байгаа хүн үнэтэй цайтайг нь гэхгүй шүү дээ. Тэгтэл Дууяа эгч юу ярьж байгаа юм бэ, хамгийн үнэтэй чанартайг нь өгнө гээд өгч байсан. Зургаан жил болж байна, яг л янзаараа. Сэтгэл шингэсэн юм гэдэг цаанаа өөр.
-Сүүлийн үед өөрөө "Дорнод ус”-ыг телевизээр сүрхий сурталчилж харагддаг. Уулзсаных учрыг нь асууя гэж бодлоо.
-Дорнод ус "Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэцгээе” гэсэн манай УЗ-н логотой тараагдаж байгаа. Усны борлуулалтын орлогын 1,5 хувийг сар бүр манайд өгч хүмүүнлэгийн үйлсэд хандивлаж байна. Энэ бол маш том дэмжлэг. "БД” ХХК шиг компани Монголд байхгүй. Зарим хүн намайг телевизээр залхтал гарч байна гээд байгаа. Эднийхэн байгууллагаараа УЗ-н гишүүд. А.Хүрлээ захирал манай УЗ-н сүүлийн их хуралд оролцоод ирсэн. Тэнд очиж байр байдлыг мэдсэн байх. "Та бол үнэхээр үйл махаа зулгааж явдаг юм байна. Таныг би дэмжиж ажиллана” гээд манай хоёр байгууллага хамтран ажиллахаар гэрээ байгуулаад ажиллаж байна.
-6 дугаар сарын хорьдоор хурал зарласан дуулдсан. Хуралдаа сууна биз дээ?
-Хэлье ярья гэсэн санаа оноо бас байнаа. Аймгийн Засаг дарга нэгэнт "Архигүй аймаг” болох зорилт дэвшүүлсэн. Юун түрүүн энэ баар савны газруудыг хаах хэрэгтэй. Захын жишээ гэхэд манай байгууллагатай хаяа нийлсэн баар цэнгээний газар байна. Би хаа байсан Люксембургийн вант улсын Засгийн газрын мөнгөөр сургалт хийгээд бэлгэвч тараагаад биеэ үнэлэгчидтэй тэмцээд сууж байхад хоёр алхмын зайд нь ууж идэх, унаж согтуурах газар нь байж байдаг. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө архидалт, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчин гээд болохгүй бүтэхгүйн шалтгаан бүгд эндээс эхтэй. Ингэж олсон мөнгө юм болохгүй. Харин түүний оронд ширээний теннис ч юм уу, нийтийн ном уншлагын танхим, сайхан кофе шоп ажиллуулж яагаад болохгүй гэж.
Гаднынхан донор орныхон ирээд гайхдаг. Бид ингэж мөнгө зараад байхад танай засаг төр яагаад ийм байдлыг дэмжиж өөгшүүлээд байдаг юм бэ гээд зарим нь төслөө татах талаар ч яриа гаргаж байсан.
Бидний яриа түүний албан өрөөнд нь өрнөсөн юм. Цонхны тавцан дээр нь ирийсэн олон цэцэг. Эрэгтэй дарга нарын өрөө ийм цэцэг навч болсон байхыг үзээгүй болохоор ихэд сониучирхан асуулаа. Хобби нь гэнэ. Өглөө бүр тэр цэцгээ усална, цэцэгтэйгээ ярина.
Цэцэг хайрласан хүн хүнийг хайрлана. Ингээд бодохоор хүмүүнлэгийн энэ байгууллага Ганболдыг олжээ гэж ярианыхаа эхэнд тавьсан асуултын хариултыг эндээс би олов.
Б.ТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих