ЕТГ-ын дарга асан З.Энхболд өдгөө АН-ын даргын ахлах зөвлөхийн албатай болсон. Сар гаруйхны өмнө ЕТГ-ын даргын ажлыг өгөх үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон учраас ийм “шилжилт” хийж байна гэж байв.
Тэрээр шинэ ажилд очсоноосоо хойш “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн мэдэгдлийг хийж, энэ талаар нэлээд ярьсан. Харин зөрөөд түүнтэй холбоотой гэх “Страто” ХХК, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг баримт сэлтүүд хэвлэлээр гарч ирсэн. Өөр бусад фактууд ч дэлгэгдсэн.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хувьд IPO хийх гэсэн шийдвэр З.Энхболдыг УИХ-ын дарга байхад гарсан. Энэ ажил үргэлжилж явсан боловч өдгөө гацаанд орж байна. Үүний үр дүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогсонги байдалд орно.
Уг нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн ордод IPO хийх нь ямар ач холбогдолтойг, энэ үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байсныг мэдэхийн дээдээр мэднэ. Хамгийн гол нь IPO хийгдсэнээр дээрх нэр бүхий компаниудад Тавантолгойн ордоос ордог “үр өгөөж” зогсох гээд байгаа гэсэн мэдээлэл түгж байна.
Үүний зэрэгцээ З.Энхболдын очоод удаагүй байгаа АН-д ч асуудал дэгдэж эхэлжээ. З.Энхболд АН-ын даргаар хүртэл ажиллаж явсан энэ намын кадруудын нэг. Гэхдээ АН-ын залуус нэгдэж, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг ярьж эхэлсэн байна.
Тодруулбал, АН-ын залуус З.Энхболдын 2016 оны сонгуулийн үеэр намыг удирдаж байхдаа болоод сүүлийн үед хийж мэдэгдэл, үйлдлүүдийнх нь тухайд өөр байр суурь илэрхийлж буй аж. Тэдний байр суурийг сийрүүлбэл:
Нэг. З.Энхболд нь АН-аас 2017 онд нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон. Ирээд хийж байгаа улс төр нь Ерөнхийлөгчтэй хагаралдаж, тэмцэлдсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж буй боловч энэ нь өөр эрх ашгийн зөрчил, эсвэл ирэх сонгуулийн дүнгээр АН-ын авах саналд сөргөөр нөлөөлөх “тавилттай жүжиг” байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Хоёр. З.Энхболд АН-ын дарга байхдаа буруу бодлого явуулснаас тухайн үед эрх барьж байсан намыг 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдуулсан. Хариуцлага хүлээх байтал дахиад намын удирдлагын түвшинд гарч ирсэн нь АН-ын гишүүдийн хувьд хүлээж авах боломжгүй.
Гурав. Хэрэв З.Энхболд ийм байдлаар ажиллаж, АН энэ хэвээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцвол гарцаагүй ялагдана. Иймд З.Энхболдыг намын удирдах түвшинд ажиллуулах боломжгүй бөгөөд АН-ын даргын ахлах зөвлөх хэмээх хариуцлагатай албанаас нэн даруй чөлөөлүүлэх шаардлагатай гэж үзэж буй ажээ.
Тэд удахгүй АН-ын удирдлага, гишүүд, олон нийт гэсэн шат дарааллаар байр сууриа илэрхийлж, тэмцлийн арга хэмжээнүүдийг авахаар тохирчээ.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих