Будда, түүний номлол, Бурханы шашин
Будда хэн байсан, түүний номлол, сургаал юу болох талаарх асуудлыг Бурханы шашин үүссэн, бусад олон оронд дэлгэрсэн түүхүүдээс ялгаж үзэх нь зүйтэй байна. Будда хэн байгаад хэрхэн аугаа их сэтгэгч болсон, юуны учир түүний сургаал, номлол 2500 гаруй жилийн туршид нөлөө, ач холбогдлоо хадгалсаар, хүрээ хязгаараа тэлсээр ирснийг шинжлэх ухаанч байр сууринаас тодруулах, үнэлэх нийтэд нээн харуулах нь буддизмыг судалдаг эрдэмтдэд тавигдах ёстой хамгийн чухал шаардлага юм. 2000 гаруй жилийн туршид олон оронд дэлгэрч, элдвээр өөрчлөгдсөөр улам бүр шашинжсаар, Төв Монгол мэтийн оронд бол эцэс сүүлдээ мухар сүсэг, хуурамч зан, үйл, мунхруулга, бүр бизнесийн шинжийг олсон нь түүхэн бие хүн болох Буддад өөрт нь ямар ч холбогдолгүй билээ. Түүний сургаал, номлолыг шашны ашиг сонирхлын үүднээс, улстөрийн ашиг сонирхлын үүднээс танигдамгүй болтол нь өөрчилсөн тохиолдол ч цөөнгүй. Өөрөөр хэлбэл бурханы шашин, суртал нь Буддагаас хойш, түүний оролцоогүйгээр үүсэн хэлбэржиж олон оронд тархах хэрээр улам бүр шашинжиж, эцэс сүүлдээ бүр мухар сүсэг, худал хуурмагтаа хил нийлж, шинжлэх ухаанч шинж, хүн судлалын шинж, хүний оюун ухаан, сэтгэхүйн нууцыг илрүүлэх, ашиглах бие ба сэтгэхүйн холбоо, харилцаанд сэтгэхүйн тал нь давалгаалах, удирдах чигт дасгалжуулах (иог гэх мэтээр) практик зорилгоо ч бүүдгэрүүлжээ.
Ид шид, тарни шившлэг, увидас, хойд дүрээр тодрох, амьд бурханаар өргөмжлөгдөх, далдыг мэдэх, хувь тавиланг заах, буян заяаг бэлэглэх гэх мэтийн худал хуурмагт автаж, түгшүүр айдас төрүүлэх зан үйлүүдийг хайж, улмаар өргөл, барьцанд шунасаар эцэс сүүлдээ нэгэн төрөл бизнес болж хувирсанд нь Будда буруутай биш билээ.
Сургаал номлолын нь зөв зүйтэй, шинжлэх ухаанч хэрэглээ эцэс сүүлдээ мухар сүсэг төрүүлэх, мунхруулах хэрэгт ашиглагдах болно гэж Будда зүүдлээ ч үгүй бизээ. Нийгмийн ухамсрын хоцрогдол, үзэл суртал-улс төрийн хуурамчлал, анги бүлгийн сонирхлын гажуудал, танин мэдэхүйн үйл явдлын дутагдал, согог нь зөвийг буруугаар ашиглах хүргэж байсан тохиолдол тун ч олон ажээ. Буддаг бурхан болгож, номлол сургаалыг нь ид шидтэй хутгаж, тарни шившлэг, сахиус болгон худалдаж, Бурхан багшийн болон бусад бурхадын гэгдэх олон дүрийг элдвээр зохиомжлон алт, мөнгө, шавар, мод, зэс гуулиар бүтээж таваар болгон борлуулж, бас аравнайлан шүтүүлж сор залах мэтийн хуурамч зан үйл хийх зэргээр мухар сүсэгт олон түмнийг автуулсны хор уршгийг эдүгээ дэлхий нийтээр таньж мэдээд буруушаах болоод байна. Будда түүхэн бие хүн, их сэтгэгч, энэрэнгүй үйлстэн соён гэгээрүүлэгч, хүний оюун ухаан, сэтгэхүйн чадамжийг танин мэдэх, ашиглахын төлөө бие, сэтгэлээрээ туршин шинжлэгч, авьяаслаг судлаач хүн байжээ. Тэрээр таньж мэдсэн бүхнээ шавь нартаа 50 орчим жил зааж сургасан багш, 80 насыг зооглосон хэдий ч өвчин тахалд нэрвэгдсэн хүн ардад тус хүргэхээр яваад замдаа нас эцэслэсэн зариг хатуужил бүхий нэгэн байлаа. Халуун дулаан, чийглэг уур амьсгалтай хойд нутгийн нөхцөлд насан өндөр болсон Будда зам зууртаа муудаж гэмтсэн хүнсний зүйлд хордож нас барсан гэдэг нь үнэн бололтой.
Будда МЭӨ 563 онд төрөөд МЭӨ 483 онд нас барсан байж болох юм. Гэвч энэ бол яг таг батлагдсан баримт биш болно. Түүний хааны хүү байсан, эхнэр хүүхэдтэй байсан талаарх мэдээ ч гэсэн эргэлзээтэй. Гэхдээ Будда тэр цагийн Энэтхэг дэх хүн амын дөрвөн давхрааны дээд хэсэгт хамаарагдах гэр бүлээс гарвалтай нь үнэн байх. Учир нь хүмүүсийг дээд, дунд, доод гэсэн бүлгүүдэд хувааж “сортолдог” уламжлалтай Эртний Энэтхэгийн нийгэмд доод (харц, боол) гарвалтай хүний үг, сургаал үнэлэгдэх, шүтэгдэх нь эргэлзээтэй юм. Чухам үүний учир Буддагийн гарал, үүслийг дээшлүүлж, дээдэлж үзүүлэх нь чухал байсан бизээ. Жишээ нь Манжийг хааны монголчуудад шүтүүлэх гэхдээ түүнийг Манзушир бурханы хувилгаан хэмээн сурталчилж байсантай агаар нэг азийнхны арга бололтой. Буддагийн талаарх судруудад өгүүлэгддэг мэдээллүүд нь ихэвчлэн олон зуун жилийн дараа түүний үзэл санааг залгамжлагчдаас гол төлөв тагтаж, гоёчилж, хөөрөгдөж, дээдэлж бичсэн, дурссан зүйлүүд байх тул итгэхэд хэцүү ажээ. Харин түүний сургаал, номлолд хүч далайц өгч, бусад оронд элдэв аргаар анхлан тарааж дэлгэрүүлсэн, Энэтхэг даяар сурталчилж, мөрдүүлж байсан том төлөөлөгч бол Ашока хаан бололтой. Энэтхэгчүүд анхны эзэнт гүрнийг үндэслэгч Ашока хааны (МЭӨ 265-232) үед хамгийн том газар нутагтай болж эдийн хийгээд оюуны соёл ихэд хөгжиж шашны суртлын нөлөө мөн хүчээ авчээ. Энэ үеийн Энэтхэгийн нийгэмд Эллины соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ II-III зууны үеийн Европын болон Азийн урлаг шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд тусгалаа олж, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байлаа. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлоочдыг илгээх болжээ. Буддизмын энэ үеийн их дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин Хүннүчүүдэд мөн хүрчээ.
Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна. Ашокын үед үндэс, суурь нь тавигдсан соёл, урлаг, шашны их өрнөл хожуухан Хойд Энэтхэгт байгуулагдсан Гуптагийн эзэнт гүрний үед “сонгодог” гэгдэх хэмжээ, түвшиндээ хүрч цэцэглэн хөгжжээ. Уран барилга, жүжиг, бүжиг, философи, одон орон судлал, математик, анагаах ухаан мөнхүү цаг үед нэгэн оргил цэгдээ хүрсэн байна.
Одоогоос 4000-2500 жилийн өмнө тэр үеийн Энэтхэгт хүмүүс өөрсдийгөө, хүн өөрийгөө, мөн тухайн цагт урсгалаар, ахуйн өвөрмөц нөхцлөөр буй болчихоод байсан бүлгийн ялгаа, зөрөөгөө, баян ба ядуу байдлаа, эрдэм номтой ба харанхуй бүдүүлэг байдлаа таних, тайлбарлах, оноосон нэр өгөх, зиндаа тогтоох гэсэн санаархал ихэд газар авчээ. Тэг тэгсээр хүмүүсийг 4 давхраа болгон ангилж, ялгаж, тэр үнэлгээ, ялгааг хүмүүст хүчлэн тулгаж, зүйчлэн сахиулах болсон байна. Энэ нь цаашид хэлбэржин үргэлжилсээр Кастын гэгдэх бүр ч хатуу, үг дуугүй дагадаг ялгаат байдлыг ч үүджээ. Энэний үлдэгдэл, инерци одоо ч гэсэн орчин үеийн Энэтхэгийн нийгэмд оршсоор байгаа болно. Өмнө дурдсан эрт цагт Энэтхэгийн тухайн үеийн сэхээтэн давхраанд хамаатуулж болох лам нар даяанчид өөрийнхөө “Би”-г, дотоод сэтгэлээ, оюун санаа, сэтгэхүйн хүчээ таних, хүмүүст зовлон авч ирдэг өвчин, эмгэг, эрэндэг (мэдрэлийн гажиг)-ийг анагаах, хүнээс бусадтайгаа харьцдаг хэрэгслүүд болох бие, сэтгэл, хэлээ хянах, ариусгах асуудлуудад ихэд анхаарах, ижилгүй байр суурь баримтлах, маргалдах, бие ба сэтгэлээрээ туршиж үзэх, даяанчлан суух, бясалгал үйлдэх,иогийн дасгалууд хийх нь ихэд элбэгшжээ. Амьтнаас уламжлан авсан, үлдсэн байж болох “доод, төрөлх, муу чанаруудаа бие, сэтгэлээс хөөх”, оюун ухаан сэтэхүйнхээ хүч, чадамжаар бурхадтай холбогдох, нүгэл үйлдүүлдэг бүхнээс чөлөөлөгдөж бурханлаг төлөвт шилжих санаархал, оролдлого дурдсан үеийн нийгмийн ухамсрын онцлог ч гэхээр, “өвчин” ч гэхээр болчихоод байжээ. Нийгмийн ийм өвөрмөц байдал, нөхцлийн нэгэн бүтээгдэхүүн болж Буддагийн сургаал, номлолууд анх боловсрогджээ.
Хүмүүсийн ухамсар дахь төрөлх муу чанарууд бол араатных, адгуусных лугаа адил. Тиймээс тэдгээрийг гээх, давантуулах ёстой. Тэгэж байж л бурхад мэт хүмүүс болно, төгс хүмүүс болно. Хүн ховдгоосоо болж л өлсдөг, аймхайгаасаа болж л уравдаг, эмзэглэдгээсээ болж зовиурладаг, шуналтайгаасаа болж хулгай, дээрэм хийдэг, ууртайгаасаа болж үг, хэлээр бусдыг доромжилдог, муу санаатайгаасаа болж л хар санадаг, тачаангуйгаасаа болж эмсийг хүчирхийлдэг, тансаглалд автагдаж л амттанд хөтлөгддөг, сайхан үнэрт дөрлөгддөг, гоё ганганд татагддаг, нэрэлхүүгээсээ болж үнэн байдлаа нуудаг, худал хэлдэг ихэрхдэг, томордог, нэр алдарт дурлаж л цол хэргэм хүсэмжилдэг гэхчилэн амьтанлаг, төрөлх, муу төгс бус шинжүүддээ хөтлөгдөн өөрийгөө ч бас өрөөлийг ч зовоодог, хүн алж, дайн самууныг үүддэг, гай хөнөөл тарьдаг” гэсэн үзэл санаа буй болж, элдвээр хөгжиж, бүр ноёрхох үзэл баримтлал болоод байв. Үүний зэрэгцээ, мөн шууд үр дагавар нь болж нөлөөлөгдсөөр анагаах ухаан нилээд хурдан хөгжиж “Анагаахын дөрвөн үндэс” хэмээх ном, сургаал ч бас боловсрогдож, бичигджээ.
Буддаг нас барснаас хойш 300-400 жилийн дараа л түүний сургаал, номлолыг бичиж олшруулжээ. Буддагийн яг өөрийнх нь талаарх баримтуудыг агуулсан хамгийн эртний хоёр судар (Суттапитака, Виняпитака) буй. Тэдгээрт Буддагийн яг хэлсэн үгс бичгийн хэлээр анх тэмдэглэгдсэн байж болох ажээ. Буддагийн найз нөхөд нь тэр цагийн хэрмэл философичид байжээ. Түүний номлол, сургаал алдарших үед Буддаг тойрсон шавь нар, дагалдагчдын томоохон бүлэг үүсчээ. Тэдний дунд тэр үеийн нэрд гарсан оточ нар мөн байлцжээ. Аажимдаа хэрмэл философичид, даяанчид, оточ нар, тэдгээрийн шавь нарын тоо ба нөлөө, нэр төр ихэд өсөж бүр тэр цагийн нийгэмдээ нэгэн давхраа болон бэхэжжээ. Чухам хүү энэ давхраа Дорнын, Энэтхэгийн олон талтай, олон салбартай их соёлын өвийг бүтээлцэж хөгжүүлсөн байдаг. Ингэхлээр Будда бол эртний Энэтхэгийн соёл, шинжлэх ухааны суурийг тавилцаж бас хөгжүүлсэн аугаа сэтгэгч мөн болно. Буддагийн ухааны нандин сан хөмрөг болох тухайд нь эдүгээчлэн шинээр нээх, нийтэд сурталчлах ажил хангалтгүй байгаа нь харамсал төрүүлэх асуудал, үгүйлэгдэх үйл хэрэг болоод байна. Ер нь шашны үзэл баримтлал дахь чухал санаа, оноог шинжлэх ухааны аргаар нэг бүрчлэн шалгах, нягтлах нь илүүц зүйл ер биш юм. Шашин нэг бүрийн олон мянган дамжин боловсрогдсоор ирсэн анхаарал татахуйд үзэл, санаа нэг бүрийн шалгаж нягталснаар бид сүсэгтэн олонд тус хүргээж аль нэгэн хэмжээ, тунгаар тэдний оюун санааг мухар сохроо шүтэн бишрэх зуршлаас болно. Одоо ер шашны тухай тэр дундаас бурханы шашин талаар цөөн зүйл өгүүлье. Айх, гайхах, сүсэглэх, бишрэх сэрэл мэдрэмж бол хүмүүсийн хувьд төрөлх гэхээр шинж юм. Ингэхлээр бүр анхнаасаа л шүтэх, бишрэх суурь дэвсгэр байжээ. Энэ суурь, дэвсгэр үндсэн хоёр шалтгааны улмаас цааш цаашдаа хатгайрч, бас гүнзгийрсээр байгаад бөөмөргөл, түүний элдэв хэлбэр болон шашин, түүний үндсэн хийгээд салбар урсгалуудыг буй болгож бүр хэлбэржүүлж орхижээ. Том шашин бүр өөрийн гэсэн захиргаа, бүрдэл хэсгүүдтэй, багш нар шавь бэлдэх сургуулиудтай, дотоод дүрэм, горимтой, хөрөнгө санхүүтэй болсон байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Эх сурвалж: sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих