Өнгөрсөн баасан гаригийн үүрээр Бразилийн Сан-Паулу хотын "Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн хорь дахь удаагийн ДАШТ эхэллээ. Нээлтийн ажиллагаа хагас цаг үргэлжилсэн үү, үгүй юу Женнифер Лопес, Питбулл нар "We Are One” нэртэй тэмцээний сүлд дууг дуулснаар тэгсхийгээд өндөрлөсөн. Алдартай хоёр дуучныг тайзан дороос гаргах учиртай цахилгаан шат замынхаа голд гацсаныг эс тооцвол нээлтийн ажиллагаа олны анхаарлыг төдийлөн татаагүй гэж хэлж болохоор байв.
ТАЛБАЙН ЭЗЭД ГАРААГАА АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЭВ
БРАЗИЛ-ХОРВАТ 3:1
Гоол: Марсело 11 (өөрийн хаалганд), Неймар 29, 71-торгуулийн цохилт, Оскар 90.
Бразил: Жулио Сезар, Дани Алвеш, Силва, Давид Луиз, Марсело, Л. Густаво, Оскар, Паулиньо (Эрнанес, 63), Халк (Бернард, 68), Фред, Неймар (Рамирес, 88).
Хорват: Плетикоса, Срна, Чорлука, Ловрен, Врсалько, Ракитич, Ковачич (Брозович, 61), Перишич, Модрич, Олич, Елавич (Ребич, 78).
Шар хуудас: Неймар (27), Чорлука (65), Ловрен (69), Л. Густаво (88).
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж талбайн эзэн Бразилын шигшээ баг Хорваттай тоглож 3:1-ийн харьцаагаар ялалт байгуулав. Тоглолтын 11 дэх минутад Бразилын хамгаалагч Марсело өөрийн хаалганд гоолдож, талбайн эзэд хүнд байдалд орсон ч 29 дэх минутад залуу од Неймар Хорватын хаалганд гоёмсог бөмбөг оруулж харьцааг тэнцүүлэв. 71 дэх минутад Бразилын довтлогч Фред торгуулийн талбайд унаж, Японы шүүгч 11 метрийн пенальти заасан нь үзэгчдийн дургүйцлийг хүргэв.
Неймар торгуулийн цохилтыг амжилттай гүйцтгэж багаа урагшаа гаргалаа. Улмаар тоглолтын төгсгөлд Оскар гоолдсоноор дэлхийн таван удаагийн аварга дэвжээний эзэн "хөлбөмбөгийн ид шидтэнгүүд” гараагаа амжилттай эхлүүлэв.
ДЭЛХИЙН АВАРГУУД ГУТАМШИГТАЙ ЯЛАГДАВ
ИСПАНИ-ГОЛЛАНД 1:5
Гоол: Алонсо 27-пен, Ван Перси, 44, 72, Роббен, 53, 80, Де Врей, 65
Испани: Касильяс, Аспиликуэта, Рамос, Пике, Альба, Бускетс, Алонсо (Педро, 63), Силва (Фабрегас, 78), Хави, Иньеста, Коста (Торрес, 63)
Голланд: Силлессен, Инди, Влаар, Де Врей (Велтман, 77), Янмаат, Де Йонг, де Гузман (Вейналдум, 62), Блинд, Снайдер, Роббен, Ван Перси (Ленс, 79)
Мексик-Камерун 1:0
Гоол: Перальта 61.
Чили-Австрали 3:1
Гоол: Санчес 12, Вальдивия 14, Кэхилл 35, Босежур 90.
ДАШТ-ий хоёр дахь өдөр дөрвөн жилийн өмнө Өмнөд Африкт аваргалсан, 2008, 2012 оны Европын аварга Испанийн шигшээ баг голландчуудад 5:1-ээр гутамшигтай хожигдов. Испанийн довтлогч Диего Костаг "Улбар шарууд”-ын хамгаалагч Де Врей торгуулийнхаа талбайд дэгээдэж унагаснаар шүүгч пенальти заасан. Цохилтыг Хаби Алонсо амжилттай гүйцэтгэж, дэлхийн аваргууд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Робин Ван Перси хаалгачийн эсрэг ганцаараа гарч Касильясын дээгүүр бөмбөгийг мөргөж, тоог 1:1-ээр тэнцүүлэв. Тоглолтын хоёрдугаар үед бүх зүйл 180 хэм эргэв. Роббен хоёр ч хамгаалагчийг хуураад гоол орууллаа. Үүний дараагаар хамгаалагч Де Врей мөргөж, улбар шарууд гурав дахиа гоолдсон. Дөрөв дэх гоолыг испаничууд өөрсдөө Голландад бэлэглэчихсэн. Рамос хаалгач руугаа бөмбөг дамжуултал Касильяс хэт ойлгож тогтоосныг Ван Перси ашиглан 4:1 болгочихлоо. 80 дахь минутад Роббен тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Испанийн "алтан үе” төгсгөл болж буйг санууллаа.
ҮХЛИЙН ХЭСЭГТ ИТАЛИ, КОСТА-РИКА ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ
АНГЛИ-ИТАЛИ 1:2
Гоол: Маркизио 35, Старриж 37, Балотелли 50.
Англи: Жо Харт, Жонсон, Жагиелка, Кэйхилл, Бейнс, Жеррард, Хендерсон (Уилшер, 73), Уэлбек (Баркли, 61), Стерлинг, Руни, Старриж (Лаллана, 80).
Итали: Сиригу, Дармиан, Бардзальи, Палетта, Кьеллини, Де Росси, Кандрева (Пароло, 79), Верратти (Мотта, 57), Пирло, Маркизио, Балотелли (Иммобиле, 73).
УРУГВАЙ - КОСТА-РИКА 1:3
Гоол: Кавани 24-пен, Кэмпбелл 54, Дуарте 57, Уренья 84.
Колумб – Грек 3:0
Гоол: Армеро 5, Гутьеррес 58, Х.Родригес 90.
Кот-д`Ивуар – Япон 2:1
Гоол: Хонда 16, Бони 64, Жервиньо 66.
Дэлхийн аваргын гурав дахь өдөр "Үхлийн хэсэг” буюу D хэсэгт учраа таарсан дэлхийн гурван удаагийн аварга Итали 1966 оны ДАШТ-ий алттай Англитай, дэлхийн хоёр удаагийн аварга Уругвай хэсгийн хамгийн сулхан багт тооцогдох Коста-Рикатай учраа таарч тоглолоо. ДАШТ-ий хамгийн эхний том сенсаацийг Коста-Рикагийн шигшээ баг тарьж Уругвайг 3:1-ээр хожлоо. Харин хүчирхэг хамгаалалттай Итали Английг 2:1-ээр ялж хэрэгтэй гурван оноогоо авч чадлаа. Мөн энэ өдөр Колумб Грекийг 3:0-ээр, Кот-д`Ивуарын баг Японыг 2:1-ээр буулгаж авчээ.
МАРАДОНА: ИСПАНИ ШИГШЭЭ ХӨГШИРСӨН БАЙНА
Диего Марадона: "Испанийн шигшээ хөгширсөн нь Голландын эсрэг тоглолтод тодорхой харагдаж байлаа. Испаничууд удаан хугацааны турш тики-така тоглолоо. Энэ арга барил хөгжөөн дэмжигчид болон мэргэжилтнүүдэд таалагдсаар ирсэн. Тэд үүний үр дүнд 2008-2012 он хүртэлх том тэмцээнүүдэд түрүүлсэн. Гэхдээ Дель Боске тики-такагийн эсрэг хэрхэн тоглох аргыг Европын багууд аль хэдийнэ олчихсон гэдгийг бодох ёстой байж.
Анри:
-Надад үнэндээ тоймтой хэлэх ч үг алга. Би шооконд орчихоод байна. Дөрвөн жилийн өмнө ийм л хөлбөмбөгийг би харахыг хүссэн. Тоглолтын шилдгийн тухайд бол Дэйли Блинд шилдэг нь байлаа.
Аллегри:
-Одоо Чилитэй хийх тоглолт Испанид маш чухал байх болно. Испани тун сайн 45 минутыг өнгөрүүлсэн. Гэвч Луи Ван Галь испаничуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, том ялалт байгууллаа.
Оливер Кан:
-Испаничууд хэт тайван байлаа. 2010 онд тэд бас л хожигдлоор эхэлсэн. Гэхдээ энэ удаагийнх их өөр. Рамос, Пике хөлбөмбөгийн замнал дахь хамгийн муу тоглолтоо гаргалаа. Касильяс бэлэн биш байна.
Рио Фердинанд:
-Зарим гоол гайхалтай байлаа. Роббен Рамосын дэргэдүүр гүйж гараад гоол оруулсан. Луи Ван Галь үнэхээр өндөр зэрэглэлийн мэргэжилтэн юм.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих