Хөлбөмбөгийн өмнөх ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Испанид хожигдон гуравдахь удаагаа үзүүрлэсэн "Нисдэг холландууд” гэгддэг Нидерландын баг хариугаа авсан шиг авч сүүлийн хоёр Европын АШТ болон ДАШТ-д дараалан аваргалсан Испанийн "Ялагдашгүй армада"-г 5:1-ээр бут ниргээд байна.
"Нисдэг холландууд” гэх зүйрлэл ямар гаралтай, юуг илэрхийлсэн тухай сонирхуулья.
"De Vliegende Hollander” буюу "Нисдэг холланд” гэж эрэгт хүрч чаддаггүй, далайгаар үүрд тэнүүчлэх хувь тавилантай домогт хий үзэгдэл-хөлөг онгоцыг нэрлэдэг билээ. Домогт гардгаар Холландын ахмад Филипп Ван дер Деккен 1641 онд Энэтхэгээс нутаг руугаа буцахдаа нэгэн залууг эхнэртэй нь хамт онгоцондоо суулгажээ. Үзэсгэлэнт эхнэрт нь ухаангүй дурласан Филипп Ван дер Деккен залуугийн аминд хүрээд бүсгүйд гэрлэх санал тавихад уй гашууд автсан эмэгтэй хөлөг онгоцноос хөлгүй ус руу үсрэн амиа хороосон гэдэг.
Энэ үйл явдлын дараахан хөлөг онгоц Африкийн өмнөд буланг тойрч байх үед далайн хүчтэй шуурга дэгджээ. Нүгэл үйлдсэн ахмадаас нь болж далайн эзэн ийнхүү хилэгнэлээ гэж далайчид бухимдаж, хөлөг онгоцны залуурч шуурга намжтал ойр хавийн боомтод зангуу хаян зогсохыг санал болгосон аж. Гэвч ахмад Ван дер Деккен үүнд хилэгнэн тушаалыг нь биелүүлэхээс татгалзсан хэд хэдэн далайчныг залуурчийнхаа хамт буудан алжээ.
Тэрээр ийн зөрүүдлэн хүчтэй шуургыг сөрж аяллаа үргэлжлүүлснээр далайн эзнээс шийтгэл хүлээж, далайчдынхаа хамт үхэшгүй мөнх болсон ч эрэгт хүрэх тавилангүй үүрд далайгаар тэнүүчлэх болсон гэдэг. Энэ домгийг дундад зууны Европын далайчид бүгд мэддэг байсан бөгөөд усны гадаргуунаас дээгүүр, тэнгэрт хөвөх "Нисдэг холланд” хөлөг онгоцтой таарахыг муу ёр, гай дагуулах шинж тэмдэг гэж үздэг байжээ.
Эрдэмтэд тэнгэрийн хаяанд, далайн гадаргууны дээгүүр хөвөх "Нисдэг холланд” хөлөг онгоцыг ердийн зэрэглээ гээд хэдийнэ тогтоосон боловч өнөө цагт ч далайчид энэ үзэгдэлтэй таарахыг сайн юманд хүргэхгүй гэж үзсэн хэвээр аж. Агаар мандлын доод хэсэгт өөр өөр хэм болон дараалттай агаар хоорондоо тулахад толь мэт тухайн хөлөг онгоцны дүрс агаарт тодордог байна. Гэхдээ тэрхүү хөлөг онгоц бодит байдлаас нэлээд өөрөөр харагддаг учир далайчид өөрсдийн хөлөг онгоцоо танилгүй өнөөх "Нисдэг холланд” гэж эндүүрдэг гэнэ. Ийм зэрэглээг далайчдыг хуурдаг шидэт шулам Морганагийн нэрээр "Фата Моргана” гэж нэрлэсэн ажээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих