Хүний угсаа гарлыг тодорхойлох гол зүйл бол Овог. Тийм ч учраас Монголчууд эртнээс ургийн бичгийг хөтөлж ирсэн олон жилийн үүх түүхтэй үндэстэн. Энэ талаар бичигдсэн ном дурсгал ч олон бий. Хүн бүрийн сайн мэдэх Монголын Нууц товчоон дээр Монгол угсаа нь Бөртэ чоно, Гуамаралаас үүдэлтэй гэх зэргээр олон үеийн нэрсийг агуулсан ургийн бичгийн дурсгал хүртэл байдаг. Харин энэ уламжлал Ардын хувьсгалаас хойшоо алдагдсан гэх боловч сүүлд ургийн овог дахин сэргээх үеэр овгоо мэдэхгүй гэсэн олон хүн гарч ирснээр нэг ижил овогтой олон хүн бий болсон шалтгаантай. Гэхдээ зөвхөн манайд л нэг овог хэт олон байдаг уу гэвэл бас үгүй. Бидний сайн мэдэх Солонгос улсад Ким овог, Оросын холбооны улсад Иван Иванович, Хятад улсад Ли, Ван гэсэн овог хамгийн түгээмэл байдаг байна.
Харин “Монголчуудын 21 орчим хувь нь Боржигон овогтой. Угийн язгуур угсааны овог тул бараг бүх хошуу ноёд, түшмэлүүд энэ овогтой байсан учраас л нутаг бүрт боржигон овогтой хүний тоо олон байгаа юм” хэмээн нэгэн судлаач яриандаа онцлон хэлсэн байдаг.
Иргэний улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд /2020 оны 3 дугаар сарын байдлаар/ Боржигон овогтой 522,581 иргэн бүртгэлтэй байна. Харин үүний дараа Боржигин овогтой 157,432, Сартуул овогтой 51,664, Тайж овогтой 49,247, Монгол гэсэн овогтой 44,070 иргэн бүртгэгдсэн байна. Дашрамд дурдахад овог бүр өөрийн гэсэн тодорхой нэр хочтой, тэр нь уул овгийн эрхийн хэм хэмжээ, хүчин чадал, мандал бурлын баталгаа болдог байсныг Урианхай, Хиад, Боржигин, Хаучин, Жүрхэн, Торгууд мэт олон овгийн нэрнээс харж, мэдэж болно.Түүнчлэн хамгийн урт ургийн овог нь Гучингуртгурванхайлайлант гэх 25 үсэгтэй ургийн овог байдаг бөгөөд Манхантхалуунусныгөрөөч /23 үсэгтэй/ Цэцэрлэгийнцагаангэрүүд /23 үсэгтэй/ Тэмээнийдондогийнхон /20 үсэгтэй/ Хатанбаатармагсаржав /20 үсэгтэй/ Боржгонымянганхоньт /19 үсэгтэй/ Зүлэгтийнулаановоо /18 үсэгтэй/ гэсэн сонин содон урт ургийн овогтонгууд ч бишгүй олон байгаа нь сонирхолтой.
Манай улсад бүртгэгдсэн хамгийн урт нэр 41 үсэгтэй
О.Дашбалбар агсаны хэлснээр “Надаас нэр, хувцасыг минь авчихвал Би хэн юм бэ?!”... гэдэгчлэн нэр гэдэг бидний хэн бэ гэдгийг илтгэх хамгийн чухал зүйл. Энгийн мэт боловч олон билгэдэл, олон утга агуулгыг хадгалж байдаг онцлогтой зүйл бол нэр. Тиймээс нэр өгөх, нэр хайрлах тухай газар газрын ёс уламжлал, зан үйл хүртэл байдаг байна. Дорно дахины ард түмэн нэр өгөхдөө хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвшихийг ерөөх үүднээс сайн сайхан явуулах нэр сонгож өгдөг байна. Харин халх уламжлалд эцэг эхийн нэртэй ижил юм уу, тэдний нэрийг оролцуулж нэр өгөхийг цээрлэдэг байжээ. Мөн хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөн дуудах ёс ч зарим газар бий. Түүнчлэн аав хүн хүүхэддээ насан туршид нь дуудагдах эрхэм нэрийг нь хүү бол баруун чихэнд нь, харин охин төрвөл зүүн чихэнд нь гурвантаа шивнэн хэлдэг байна.
Дээр дурдсанчлан нэр хайрлахдаа өдөр судар хардаг, утга учрыг бодолцдог хүмүүс байхад эдгээрийг үл хайхран, тоомжиргүй байдлаар аль эсвэл тухайн үеийнхээ сэтгэл хөөрлөөр хүүхэддээ нэр өгдөг нь ч цөөнгүй. Энэ нь нийтлэг нэр бий болох хамгийн гол шалтгаан болсоор байгаа юм. Иргэний улсын бүртгэлийн газрын судалгаагаар хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ гэх нэр бөгөөд ийм нэртэй 17,482 иргэн бүртгэгдсэн байна. Үүний дараагаар Хулан нэртэй 13,423 иргэн, Тэмүүлэн нэртэй 13,308 иргэн байдаг бөгөөд Отгонбаяр, Номин-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Алтанцэцэг, Батбаяр, Билгүүн гэх нэрүүд тус бүр 12 мянга гаруй буюу хамгийн түгээмэл байдаг нэрүүд аж.
Түүх сөхвөл шарын шашин түгэн дэлгэрсэн үед буюу XVIII, XIX зууны үеэр түвд, санскрит бурхан шашны нэр их дэлгэрсэн байдаг ч 1930-аад оны үед болсон их хэлмэгдүүлэлтийн дараа шашны нэр багассан байна. Харин үүний дараачаар буюу 1939 оны Халх голын дайн, Дэлхийн II дайны дараагаар цэрэг армийн холбогдолтой буюу Отряд /8/, Винтов /8/, Дайна /5/, Монголбуу /5/ зэрэг нэрээр мэр сэр нэрлэх болжээ. Мөн Александр /326/, Коля /141/, Нина /1362/, Октябрь /1140/, Роза /727/, Рина /522/, Володя /150/, Борис /141/, Наташа /99/, Иванов /87/, Иван /77/, Владимир /66/, Пионер /54/, Жуков /53/, Катя /45/ зэрэг орос нэрүүдээс сонгож өгөх нь түгээмэл байсан байна. Харин 1950-1960-аад оны үед төрсөн хүүхдүүдэд “Энх” цагийг бэлгэдсэн агуулга бүхий Энхбаяр /9744/, Энхболд /6391/, Энхтайван /5469/ гэх нэрүүд өгсөн нь олонтаа. Түүнчлэн сансарт анх хүн ниссэн он жилүүдэд Юрий /7/, Гагарин /34/, Гүррагчаа /747/, Жанибек /674/, Сансар /539/, Санчир /2556/ Эрхэс /4357/, Сансармаа /662/, Мичидмаа /2783/, Сансарбаатар /105/ зэрэг сансарт ниссэн нисгэгчдийн нэр, од, гараг эрхсийн нэрээр нэрлэх нь түгээмэл байжээ. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас түүхэн хүмүүсийн нэрийг хүүхэддээ өгөх нь олширсон байна. Жишээ нь Тэмүжин /566/ , Ану /3081/, Хасар /311/, Есүй /2182/, Үжин /1215/, Тэмүгэ /800/, Бөртэ /683/, Чингүн /1419/, Есүгэн /978/, Чингис /688/, Бөртэ-Үжин /527/, Бэлгүтэй /501/, Өгөөдэй /183/, Боорчи /104/, Зэлмэ /101/, Өүлэн /100/, Зэв /79/, Анухатан /78/, Мандарваа /75/ зэрэг түүхэн нэртэнгүүд ихэссэн байдаг.
Хүүхэддээ лам багшаас нэр залах, эсвэл ураг овгийнхоо хамгийн ахмад настай хүнээс асууж нэр өгөх ёс олон байсан ч орчин үед ихэнхдээ сонголтыг эцэг эхчүүд өөрсдөө хийдэг болсон байна. Монголчууд нэр бүтэн бол заяа бүтэн хэмээн ярьдаг. Үүнтэй холбоотойгоор ч тэрүү, залуу эцэг эхчүүдийн сонголт нэг үетэй буюу нэр нь бүтэн дуудагдах, дуудахад хялбар хэрнээ сонсголонтой бас ямар нэгэн утга агуулга хадгалсан нэрүүдээс өгөх нь элбэгшсэн хандлагатай байна. Аль эсвэл алдартай хүмүүсийн нэрийг хүүхэддээ өгөхийг илүүд үздэг эцэг эхчүүд ч байна. Эдгээрээс нэг үетэй нэрсийг сонирхвол Ананд /7755/ Анар /6344/, Аялгуу /2451/, Эгшиглэн /5643/, Тэргэл /4634/, Эмүжин /2696/, Сондор /4684/, Гарьд /1080/, Танан /390/, Ивээл /1666/, Ангараг / 1297/, Тэлмэн /2350/, Үйлст /72/ Удвал /2903/, Индра /1352/ Амундра /104/ гэсэн нэрүүд байна. Жишээ нь эцэг эхчүүд сүүлийн үед хүүхэддээ их өгөх болсон Ананд гэдэг нэр нь төвд үг бөгөөд хотол баясгалант гэсэн утгатай. Түүнчлэн бурхан багшийн хамгийн эрдэм, оюун ухаан төгс нэгэн шавийн нэр юм. Энэ мэтчилэн манай нэрний хувьсал нийгэм өөрчлөгдөхийн хэрээр даган өөрчлөгдөж, сонирхолтой байдлаар хувирсаар байна.
Түрүүнд хэлсэнчлэн хүүхдээ муу зүйлээс хамгаалах, эрүүл энх байлгах, урт наслахыг бэлгэдэхийн тулд янз бүрийн хачирхалтай нэр өгдөг байжээ. Иймэрхүү нэрнээс сонирхуулбал, Тэнэмэл /1/, Тахиахүү /1/, Гөлгөө /196/, Дэмүүл /193/ Хүүхэн /183/, Тогтуур /182/, Соль /180/, Алзахгүй /179/, Арай /170/, Хүүхнээ /167/, Ухнаа /163/, Хүнбиш /162/, Идэш /147/, Ухна /145/, Манар /117/, Хулгана /104/, Иш /102/, Охин /101/, Үрчгэр /98/, Баавгай /88/, Хад /87/, Монгол /87/, Улаанбаатар /89/ Зулзага /81/, Тогтоол /80/, Алмас /60/, Адууч /59/, Сонин /58/, Хорхой /53/ маш цөөн буюу ганц хоёрхон байдаг Шөл, Өмд, Шон, Чих, Унь, Урт, Шар, Хар, Хаг гэсэн хачирхалтай нэрсүүд ч бас байна. Эдгээрээс гадна тухайн үйл явдал, тэмдэглэлт баяруудыг санагдуулам Наадам /31/, Наадамбаяр /15/, Наадамхүү /13/, Баярнаадам /9/, Наадамцэцэг /5/, Наадамсайхан /2/, Сонгууль /92/, Цагаансар /11/, Шинэсар /164/, Шинэжил /216/, Атарбаяр /96/, Ёлка /171/, Ёлк /3/, Марта /170/, Шинэтөр /143/, Зулсар /244/ тэр бүү хэл Цэрэг /35/, Цэрэгбаяр /14/ гэсэн сонин содон нэртэнгүүд ч цөөнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг Монголд айлчлах үеэр төрсөн хоёр ихэр хүүхэддээ Буш, Лора гэж нэр өгсөн тохиолдол ч байдаг. Бас нэгэн хачирхалтай зүйл нь Хөвсгөл аймагт байдаг нэгэн гэр бүл таван хүүхэддээ Хөвсгөл, Аймаг, Тосон, Цэнгэл, Сумаа гэж өөрийн нутгийн нэрийг өгч байсан гэсэн олны яриа ч бий.
Иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн, монгол Улсын хэмжээнд ганц хоёрхон байдаг содон нэрүүдээс сонирхуулбал, Баясалжин, Энгүүнлэн, Цэцүүжин, Халгиа, Эвтүвшин, Сүлдхүч, Дэвжихзаяа, Хансудар, Хурмастбаяр, Хурбайгаль, Ирмүүншагай, Минжиншагай, Эрхмаргад, Чинхалиун, Хөгжөөмэргэн, Хонинцагаан, Хүслэнтзаяа, Учралтхулан, Алтан-Үзэм, Амгалан–Ирээдүй, Оддын-Од, Баян-Оргих, Номуундара, Гэгээн-Эгшиг, Цэлмүүнсаран, Хатанбүргэд, Өсөххүү, Бороохүү, Гообаатар, Амгаланмэнд, Дөлт, Зотол, Сувдмөрөн, Үжинбилэг, Тайванбилэгт, Төгөлдөр-Орших, Учиртай, Мотор, Төгсмарал, Үүлэнномин, Тэнгэртэн, Хөвч, Ижилшагай, Тэгштэмүүлэн, Бөөрөнхүү, Сониндэлгэр, Тэнгэр-Ивээл, Цовообаатар, Чинхур, Азтэгш зэрэг сонин содон олон нэрүүд байна. Түүнчлэн ганц болон хоёр, гурван үсэгтэй нэрүүд байгаа нь хачирхалтай. Зөвхөн ганц үсэгтэй А, Б, Х, Ц, М гээд... бас Ёл, Юм, Ён, Үг, Өд, Ух, Эв, Эс, Эх, Иг... гэсэн хоёр үсэгтэй, Гул, Үен, Өнө, Өөш, Энх, Шүр, Шар, Цэц, Цэс, Чаг, Хүж, Цом, Хүч, Хув, Урь, Хаг, Тэг, Тод... гээд эдгээр нэрс үргэлжилнэ.
Харин манай улсад бүртгэгдсэн хамгийн урт нэр 41 үсэгтэй буюу Номинчулуунухаанзаяамөнхэрдэнээнхтөгөлдөр гэсэн хачирхалтай нэр байдаг байх нь. Дараа нь Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэр байх ба түүний нэрэнд нийт 39 үсэг багтдаг.
Эдгээрийг удаалж Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа /38 үсэгтэй/ Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар /33 үсэгтэй/,
Адетанжикэмбелэрдэнэбатисеолува /31 үсэгтэй/
Албертоарсланбаатарбеттенкоурт /30 үсэгтэй/
Александрмакфарлэйнхазелвүүджр /30 үсэгтэй/ гэсэн сонирхолтой нэрсүүд жагсана. Жишээ болгон Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо нэрийн түүхийг сонирхвол аав ээж нь Мөнхмайнбаяр /12 үсэгтэй/ нэр өгсөн боловч хүү их бие муутай байсан учраас байнга өвдөж, эмнэлэгт очих тоолондоо тэнд ажилладаг эмч, сувилагчийн нэрийг нэг нэгээр нэмсээр байгаад ийм урт нэртэй болчихсон хэмээн ярьсан байдаг. Угаас Монголчууд өвчин ороодог, сул биетэй хүүхдийн нэрийг хүндэдсэн хэмээн үзэж, зөөлөн утгатай нэр хайрлаж эсвэл нэрийг нь дахин өөрчилдөг нь цөөнгүй тохиолддог зүйл. Ер нь тухайн нэр ямар ч утга учиртай байсан тухайн тэр цаг мөчид хүүхэддээ өгөх ямар нэгэн шалтаг шалтгаан байсан учраас л өгсөн хэрэг. Тиймээс хүний нэрийг шүүх, дүгнэх элдэв янзаар хэлэх нь зохисгүй. Мэдээж ихэнх аав, ээжүүд хүүхэддээ нэр өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодолцсон нь лавтай. Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг ардын үгийг санан нэрээ хайрлаж, бүтэн авч явах нь хүн бүрийн үүрэг юм.
Харри ба Уильям гэсэн нэрүүд Британий шилдэг 10 нэрсийн жагсаалтад багтдаг
Төгсгөлд нь, шинэ төрсөн хүүхэддээ нэр хэрхэн өгдөг талаарх орон орны сонирхолтой уламжлалыг танд хүргэе.
Их Британд эцэг эхчүүд нь уламжлалт буюу хатан хааны угсааны нэр өгөхийг илүүд үздэг байна. Тухайлбал 2019 онд хааны угсааны нэрс болох Харри ба Уильям гэсэн нэрүүд Британий шилдэг 10 нэрсийн жагсаалтад багтжээ. Британичууд хүү төрвөл Харри эсвэл Уильям, охин төрвөл Виктория эсвэл Элизабет зэрэг нэрүүдийг хааны гэр бүлийн уламжлалыг хүндэтгэсэн төгс нэр хэмээн санал болгодог байна.
Хятадад аав нар нь хүүхдийн нэрийг өгдөг байна. Зөв нэр олох нь туйлын чухал, басхүү төвөгтэй. Учир нь ихэнх гэр бүлийн уламжлал таван элемент буюу мод, шороо, ус, гал, металл зэргийг чухалчлан үүн дээр нэмээд хүүхдийн төрсөн огноог харгалзан үздэг аж. Эцсийн шийдвэр нь хүүхэд төрсний дараа гарах бөгөөд тухайн хүүхдийн төрсөн огноо нь маш чухал байдаг байна. Уламжлал ёсоор нярай хүүхдэд овог нэр, үеийн нэр (ах, эгч, үеэл), өөрийн нэр гэсэн гурван нэр өгдөг.
Арабын орнуудад шашны уламжлал нь хүүхэд нэрлэхэд чухал хүчин зүйл болдог. Лалын шашинтай эцэг эх нь ариун журамтай нэрсийг хайж, Мохаммед, Али, Ибрахим зэрэг зөнч хүмүүсийн нэрийг хүндэтгэн өгдөг байна. Мохаммед бол эрэгтэй хүүхдүүдэд өгдөг хамгийн түгээмэл нэр, харин эмэгтэй хүүхдүүдэд Нур, Нурул зэрэг нэрийг их өгдөг байна.
Латин Америкийн орнуудад ч гэсэн хүүхэд нэрлэхэд шашин чухал үүрэг гүйцэтгэдэг. Испанийн олон гэр бүл Библи болон католик шашны итгэлээс нэрсийг сонгодог. Гэр бүлийн уламжлал нь хүчтэй нөлөөлдөг тул хөвгүүд ихэвчлэн аав, өвөөгийнхөө нэрээр нэрлэгддэг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж, урлаг соёлын нөлөө улам бүр нэмэгдсэн орчин үед Латин эцэг эхчүүд хүүхэддээ алдартнуудын нэрийг ихээр өгдөг болжээ.
Германд нярай хүүхдийн нэрийг маш нарийн зохицуулдаг бөгөөд эцэг эхчүүд "батлагдсан" нэрийг л сонгох ёстой. Бүртгэлийн газар тухайн нэр хууль ёсны эсэх, хүүхдийн эрхийг зөрчиж буй эсэхийг шийднэ. Герман эцэг эхчүүд нэр өгөх уламжлалыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Үүнд: Хүүхдийн хүйсийг илэрхийлсэн нэрийг сонгох, доромжилсон эсвэл инээдтэй мэт харагдах нэрсээс зайлсхийх, хүүхдийн нэрийг таваас хэтрэхгүй байхаар сонгох зэрэг заавал мөрдөх дүрэм журамтай.
Энэтхэгт эцэг эхчууд нялх хүүхдээ “төрсөн од”-нд нь тохируулан нэрийг нь сонгодог. 27 төрсөн од байх бөгөөд тус бүр нь хүүхдийн нэрийн эхний үсэг байх ёстой аж. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нэрийг өгөхөд нь зөв үсгээр эхэлсэн нэрсийг олоход тусладаг “Baby Center India” гэсэн байгууллага ч байдаг.
Африкийн нэрлэх уламжлал нь улс орон, соёлын хувьд өөр өөр байж болох ч бүх тивд байгаа олон эцэг эхчүүд хүүхдийн нэр нь хүүхдийнхээ итгэл найдвар, түүнчлэн өнөөгийн үйл явдалд тусгагдах ёстой гэж үздэг. Мөн шинэ төрсөн хүүхдийн нэр нь хүүхдийн амьдралд төдийгүй гэр бүлийн амьдралд нөлөөлдөг гэж үздэг. Африк хүүхдүүдэд хоёр нэр өгдөг: Нэгийг нь төрөхөд нь, нөгөөг нь дараа нь ямар нэг чухал үйл явдлыг тэмдэглэх үед нь өгдөг байна.
АНУ-д эцэг эхчүүд нялх хүүхдийнхээ нэрийг олохын тулд нэлээд их судалгаа хийдэг байна. Хүүхдүүдийн 75 хувь нь төрөхөөсөө өмнө нэрийг нь сонгосон байдаг. Америк эцэг эхчүүд гэр бүлийн уламжлал, соёл, мөн түүнчлэн толь бичигнээс хүртэл нэр хайхад ба АНУ-д нэр ямар нэг байдлаар хязгаарлагддаггүй байна.
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих