Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ "Ерөнхийлөгч бол бурхны суудал. Эндээс буусан хүмүүс эргээд улс төртэй зууралдах хэрэггүй. Гэтэл тэд эргээд улс төр үймүүлж байна. Одоогийн энэ Ерөнхийлөгч бол бүр ч их үймээн дэгдээнэ дээ” хэмээн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр /2016/ ажиллаж байхад хэлж байв. Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн халаагаа өгөөд гурван жилийн дараа намын гишүүнчлэлээ сэргээн, их улс төрд эргэн ирж байгаагаа мэдэгдлээ. Тэр бол зүгээр ч нэг намын гишүүнчлэл сэргээх хүн биш. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн "Үймээн дэгдээх”-ээр ирж байж ч мэднэ.
Ингэхдээ тэрээр "Улс орны тулгамдсан асуудлууд байна. Тиймээс би намын гишүүнчлэлээ сэргээж, асуудалд оролцохоор шийдлээ. Надтай холбогддог олон хүн сэтгэгдлээ ирүүлдэг, дэмждэг. Тэр халуун хайр намайг нийгмийн амьдралд ороход нөлөөлсөн” гээд хүрээд ирэв. "Халуун хайр” шүү.
Энэ сарын 16-ны өдөр АН-ын даргыг сонгох сонгууль болох товтой байгаа. Нээлттэй сонгуульд журам дүрмийн дагуу хэн ч оролцож болно. Гэтэл Ц.Элбэгдорж маань "АН-ыг дэмжигч, гишүүд, журмын нөхөд маань надад татгалзах аргагүй санал тавьж, намаа цэгцлэхийг үүрэгдсэн учраас би намын даргын сонгуульд өрсөлдөж байна” гээд ороод ирэх юм биш биз. Хаа байсан "Буян”-гийн Б.Жаргалсайхан л өрсөлддөг талбарт хэн ч өрсөлдөж болно. Ц.Элбэгдоржийн байр сууринаас харахад улс төрийн нэлээд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх шинж бий.
Тиймдээ ч "Хэрвээ улс төр, нийгмийн амьдралд идэвхитэй оролцохоор бол хуучин гэртээ ир. Бид шинэ гэр барих хэрэггүй” хэмээн намаасаа явсан нөхдөд хэвлэл мэдээллээр үг дайжээ.
С.Эрдэнэ даргын үед АН-аас олон гишүүд хаалга савж одсон. Тиймээс Н.Алтанхуяг, Л.Болд, Ж.Батзандан нарын олон хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэд бие даахаас эхлээд өрх тусгаарлан нам байгуулсан гээд олон зуугаар, магадгүй мянгаар тоологдох нөхөд нүүр буруулсан цаг хугацааны таатай эргүүлэг ч Ц.Элбэгдоржийг тосон авч байна. Үүнийг ч харж байгаа учраас ийн уриалсан биз ээ.
Гагцхүү тэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэрхэн ойлголцож байгааг мэдэх юм алга. Ямартай ч тэр хоёр АН-ын анхдагч бүлэглэлд данстай, угшил нэгтнүүд. Х.Баттулга бол Ерөнхийлөгчийн суудлаас илүүгүй, Ц.Элбэгдоржоос дутуугүй АН-ын хувь заяанд "санаа чилээж” байгаа хүн. Бидэнд бэлэн байгаа мэдээлэл бол Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны чуулганаар /2019.01.16/ Ц.Элбэгдоржид холбогдох 178 хуудас материалыг Прокурорын газраас шалгаж өгөхийг хүсэн өгсөн билээ. Тухайн үед Х.Баттулга чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн хувиар үг хэлж, үүрэг өгөх биш, 178 хуудас материалыг гардуулах гэж очсон мэт харагдаж байв. Үүнээс харахад эрхэм хоёр нөхөр тухайн үед лав нэгэн тулга тойроод суухааргүй байв.
Үүний дараа /2020.01.30/ Ц.Элбэгдоржийг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай мэдээллийг албаны хүмүүс удаа дараа өгсөн. Харин 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон гэдгийг ч дуулгаж байсан. Мөн ахин дахин "Ц.Элбэгдоржийн дуудах хуудсыг төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх мэтээр санаатай санаагүй мэдэгдэж байсан нь зорилтот ч юм шиг. Энэ бүхний цаана нэгэн тэмцэл нуугдаж байгаа нь ч анзаарагдаж байв.
Харин Ц.Элбэгдорж "Надад эх орондоо очихгүй байх шалтгаан алга. Хийсэн хэрэг байхгүй” хэмээн хөл хорио дундуур "Чингис хаан” нисэх буудал дээр цэцэгтэй, дуутай угтуулж байгаагийн цаана ч бяцхан айдас ч байв. Ийнхүү тэрээр нийт түмэндээ хандаж, "Х.Баттулга архаг хулгайчийн зангаа гаргаж байна. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа” гэж ч мэдэгдэж байв. Үнэн ч байж болох юм. Ийнхүү тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд "Хонхны дуу”-гаар эргэлт авч гээд цаанаа хэн нэгэнтэй тэмцэн, байлдсан мэт байсныг анзаарсан биз ээ. Э.Бат-Үүл ч "Элбэг ирлээ, Монголд ардчилал байгаа юм байна” гэх мэтээр хөндлөнгөөс жиргэж байв. Зөвхөн Ц.Элбэгдоржоор Монголын ардчиллыг хэмжиж болохгүй байх, Үүл баатрын жиргээ ч зорилтот байх.
Зөвхөн энэ хэсгээс харахад өдгөө ажиллаж байгаа, ажиллаж байсан хоёр Ерөнхийлөгчид шуудхан эвлэрчих орон зай маш бага байсан уу гэвэл тийм байсан. Гэхдээ улс төр бол тохиролцоо, эрх ашигт үндэслэн явагдах учраас эрхэм хоёрыг чухам хэрхэн юу гэж тохирсон болоод Ц.Элбэгдорж ийнхүү улс төрийнхөө үйл ажиллагааг илт сэргээн, намын дүрэм журамд санаа тавих болов. Эсвэл ардчилал хэмээх найман үсэгт найдаж, Х.Баттулгаас өөрийгөө хамгаалах, бусдад хүчтэй байгаагаа харуулах гэсэн тактик ч байж болно. Ямартай ч түүний улс төрийн үйл ажиллагаа идэвхжлээ. Хөл хорион дундуур эх орондоо ирэхээсээ өмнө "Би эх орондоо очлоо. Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сөрж өрсөлдөнө” хэмээн жиргэж ч байв. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрт энэ мэт тунирхал байгаад эцэстээ тэврэлдсэн ч байж болох талтай. Нөгөө талаараа тохиролцсон учраас АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор олон нийтийн өмнө зоригтой гарч ирж байна гэх таамаг өөрийн эрхгүй төрнө.
Ц.Элбэгдоржийн хувьд АН-ын дотоод улс төрийг хаашаа ч эргүүлж чадна. Тэр тусмаа Х.Баттулгатай хүч хавсарч байгаа бол ямар ч асуудалгүй гэсэн үг. Хамгийн гол нь өдгөөгийн Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуульд эргэлзээгүй дэмжих юм. Өөр ямар ч эрх ашиг байхгүй.
Ц.Элбэгдорж "Тэр халуун хайр намайг нийгмийн амьдралд ороход нөлөөлсөн” хэмээн гишүүнчлэлээ сэргээж байна. Дараа нь "Шинэ гэр хайх хэрэггүй, хүрээд ир” гэж байгаагийн цаана АН-ын даргын сонгуульд өрсөлдөх санаагаа ч хэлсэн байж болно. Эсвэл өмнөөсөө хэн нэгэн боломжит дүрийг даргын сунгаанд тордсон байж болно. Тодотгож хэлбэл утсан хүүхэлдэйгээ залах. Одоо тэгвэл яах вэ. "Намын журамт нөхдийн шахалт, тэгээд ч УИХ, шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй бол парламентын гаднаас ямар ч улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй байна” гээд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх юм биш биз. Х.Баттулгын гомдол тайлагдах хэмжээнд тохиролцоо хийж чадсан бол ямар ч асуудал алга. Тэр хаашаа ч эргэсэн улс төр хийж мэднэ. Уг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед өдгөөгийн Ерөнхийлөгчид холбогдох төмөр замын хэрэг мандаж байв. Тиймээс "Баянгол” зочид буудалд нэгжлэг хийж, Х.Баттулгын эзэмшдэг компанийн бичиг баримтыг битүүмжилсэн үйл явц өрнөж байсан. Монгол Улсын нэртэй бөхчүүд "Эзэн”-ээ хамгаалан очиж байсныг бултаараа л мэдэж байгаа.
Үүнийг Ерөнхийлөгч өөрөө ч тэр, намынх нь гишүүд ч "Ц.Элбэгдоржийн захиалж удирдсан ажиллагаа” гэж үздэг. Тэдний хэлснээр "Ц.Элбэгдоржийн ажиллагаа” байсан юм бол түүнийг баривчлах нь яасан юм. Яллах бүү хэл баривчилж хорьсон ч үгүй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж л байна. Н.Энхбаярыг бариад яллаж болж л байсан. Түүнийг яагаад болоогүй гэж. Улс төр ямар ч үйлдэл хийлгэнэ. Гэхдээ удам угшил, фракц нэгт нөхөртэйгөө эвлрэх зай ч үлдээсэн юм билүү, хэн мэдлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгч асанд гомдож болох ганцхан шалтгаан энэ байх. Харин одоо эрхэм хоёр дайсагналцахаасаа илүүтэй эв эеийг хичээвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг тооцоолсон байж таарна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих