"Амь тасрах”-ын даваан дээрх АН дэргэдээ зөвлөхүүдийн танхимтай болжээ. Өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон энэ намд зааж зөвлөх хүмүүс нь харин үеэ өнгөрөөсөн өвгөчүүд байгаа нь хачирхалтай. Хачирхсаны учир нь албан ёсоор хоёр хуваагдсан, дотоод тэмцлээсээ ангижирч чадалгүй явсаар удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн АН ямархан хэмжээнд хүртлээ дор орсныг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бэлхнээ харуулсан. Тодруулбал, УИХ-ын хоёр, орон нутгийн нэг сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ынхан энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд зургаахан хувийн санал авсан нь энэ нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсныг илтгэсэн. Байдал иймдээ тулсан ч сэхэл авахуйц арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй, адаглаад хоёр талд гараад суучихсан явдалдаа дүгнэлт хийхгүй байгаа нь АН-ынхан ардчилалд хэрхэн ханддагийн жишээ ч гэж харж болох юм. Дотоод талцал хуваагдал нь гаарсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тартагтаа тулснаар албан ёсоор хоёр хуваагдсан төдийгүй хоёр талаас хоёр нэр дэвшигч тодруулан, өлсгөлөн хүртэл зарлаад авсан АН-ын зовлон сүүлдээ төрийнх болж хувирсан нь харамсалтай.
Ардчилал гэх үнэт зүйлээ хамгаалж, бат зогсож чадахгүйгээ нэгэнт харуулсан АН-ынхан нэр дэвшигч С.Эрдэнээ дэмжихгүйгээр барахгүй сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байхад ч сөрөг пиар хийж явсан зэрэг нь эцэстээ зургаахан хувийн санал авахад хүргэсэн байдаг. Сайн тал нь тэд сонгуулийн дараачаас эвлэлдэн нэгдэх талаар ярьж эхэлсэн хэдий ч мөн л хоёр талд хоёр өөр мэдэгдэл хийсээр байгаа нь энэ нам сэхнэ гэсэн итгэлийг төрүүлэхгүй байгаа юм. Өөрсдийнх нь мэдэгдэж буйгаар "Женко” Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах ажиллагааг эртнээс зохион байгуулалттайгаар өрнүүлсэн нь амжилттай болж, О.Цогтгэрэлийг энэ намын даргаар өргөмжилж амжсан. Гэсэн ч нөгөө талд С.Эрдэнэ мөчөөгөө өгөхгүй зүтгэсээр албан ёсны тамга тэмдгийг гартаа оруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадсан юм. Үүний дагуу өдгөө С.Эрдэнийн талын буюу М.Тулгатын даргалсан АН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд АН-ын үндсэн дүрмийн 7.2 дахь заалтыг үндэслэн намын даргын дэргэд намын удирдлага, уламжлалыг хадгалах зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын талаар зөвлөх эрх бүхий Зөвлөхүүдийн танхимыг байгуулснаа зарлалаа.
Түүнчлэн тус намын дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтах юм байна. Үүний дагуу Зөвлөхүүдийн танхим 15 гишүүнтэй ажээ.
Тодруулбал, 1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлан эхлүүлсэн үндсэн гурван том холбооноос төрсөн МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анхны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анхны дарга Да.Ганболд нар болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяхныг хүртэл ажилласан С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАХ-ны анхдагчид болох МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энхтүвшин, Д.Баттулга, Ц.Сүхбаатар, МШДХ-ны анхдагчид болох Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСХ-ны анхдагчид болох Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөхүүдийн танхимын анхны бүрэлдэхүүнд багтжээ. Зөвлөхүүдийн танхим анхдугаар уулзалтаа хоёр хоногийн өмнө хийсэн бөгөөд АН-ын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, О.Магнай нартай уулзсан байна. Ингэхдээ намын одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, цаашид гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллах зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнханд өгчээ. Ингэхдээ юуны өмнө эв нэгдлийг хангах чиглэлд хийх аливаа алхмыг хийхдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрхэм зорилгоо болгон ажиллах, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг зөвлөжээ. Мөн намын шинэчлэлийг хийхдээ цахим шилжилтийг хамтад нь хийж намын гишүүдийн цахим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж дахин баталгаажуулах, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ хамтатган хийх чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн Зөвлөхүүдийн танхим дараагийн уулзалтаа ойрын хугацаанд дахин хийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахаар болсон байна. Хэдийгээр ийнхүү АН өөрчлөгдөх алхам хийж байгаа нь сайшаалтай ч үеэ өнгөрөөсөн, энэ намын нэрээр байж болох хамаг том албан тушаалд суудгаа суучихсан ахмадуудаар зөвлүүлэхийг залуу гишүүд нь цахим орчинд эсэргүүцэж эхэлжээ. Ингэхээс ч аргагүй.
Томчуудынхаа "зодоон”-ы хөлд үрэгдээд дуусч байгаа энэ намд шинэ цагийн салхи сэвэлзүүлэх шаардлага тулгарчихаад байгаа болохоос залууст зайгаа тавьж өгч, боломж олгодоггүй хуучуулаас юу ч хүлээх хэрэггүйг цаг хугацаа хэдийнэ харуулчихсан. Энэ тухайд ганцхан жишээ. Хэдийгээр тогоондоо хагаралдаж, хоёр талд гарсан ч АН Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөгч болж чадсан.
Ийм үед АН-ын нүүр царай болсон кандидатууд нь хөшигний ард таг дуугүй суусан. Тэд үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талд зогсож чадсан бол, тэд намаа бодсон бол, тэд итгэл үнэмшилдээ үнэнч байж нэр дэвшигчээ дэмжсэн бол АН зургаахан хувийн дэмжлэг авах хүртлээ дор орохгүй байх боломж байсан юм. Гэтэл шаардлагатай цаг үед хумсаа нуусан муур шиг алга болсон атлаа сонгуулийн дараа АН-д зөвлөнө хэмээн тэргүүн эгнээнд гарч ирсэн дээрх нэр бүхий хүмүүсийг залуучууд нь сайшаасангүй. Ийнхүү АН-д өвгөчүүд зөвлөхтэй зэрэгцээд сонгуульд ялагдал хүлээсэн, хоёр хуваагдсан зэрэг өнөөгийн нөхцөл байдлын талаар сонгуулийн өмнөхөн тус намд элссэн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд М.Тулгатын АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН-ын хуваагдсан талаас хагалан бутаргах үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс өс хонзонгийн байдлаар хандсан. Эв нэгдэлгүй байж, дотроосоо хагалан бутаргасан үйл ажиллагаа явуулсан нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Мөн АН-ынхан нь намынхаа эсрэг сурталчилгаа хийгээд явахаар АН гэж байхгүй болно шүү дээ. Намынхан нь дэмжихгүй эсрэг явахаар хэн сонгох вэ. Нэр дэвшигч өөрийнхөө тухай мянган зүйл яриад нэмэргүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хүртэл бүгд нэр дэвшигчийнхээ эсрэг байсан. Намын байрыг түгжээд, уулзалтуудыг нь хүртэл цуцалж байсан.
Нэр дэвшигч Эрдэнэт хотод очиход намын байрныхаа хаалгыг түгжсэн, Баянхонгор аймагт очиход иргэд нь эсэргүүцэж хашгираад уулзалт хийж чадаагүй. Бүлгийн гишүүд ч мөн адил. УИХ дахь АН-ын бүлэгт АТГ-т "бүртгэлтэй” өчнөөн хүн бий. Би баталгаатай мэдэж байна. Нөгөөтэйгүүр О.Цогтгэрэлд хариуцлага тооцох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн хүн байж намынхага эсрэг ажиллаад, өөрөө намын дарга болох гээд яваад байгаа юм шүү дээ. Намын даргад өрсөлдөж байсан хүн намын гэсрэг явдаггүй юм. Нэр дэвшигчээ унагаасан хүнд хариуцлага үүрүүлэх ёстой. Намынхаа эсрэг явсан хүмүүс л буруутай. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон УИХ-ын гншүүнээр ажилласан хүмүүс төдийгүй одоогийн гишүүд хариуцлага үүрэх ёстой. Тэд зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэсэн юм. Үнэхээр ч АН-ын нэрээр төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллынхаа эсрэг, намынхаа эсрэг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь үнэн. Энэ бол Монголын ард түмний нүдэн дээр өрнөсөн процесс. Гэсэн атал сонгууль дууссаны дараа намдаа зовлөхөөр гарч ирж байгаа нь ийнхүү шүүмжпэлд өртөж эхэллээ. Эхний ээлжид хоёр хуваагдсан байдалдаа дүгнэлт хийж, звлэлдэн нэгдэх тухай бус Зөвлөхүүдийн танхим байгуулсан явдал нь дотоодынх нь зөрчлийг улам гааруулж магадгүй нөхцөлийг үүсгэж орхив. Уг нь нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд АН-аа аврах сэтгэлтэн энэ намд байгаа бол өдийд сонгуулийн дүнд үнэлэлт дүгнэлт хийгээд зогсохгүй намаа шинэчлэх ажлыг албан ёсоор эхлүүлэх нь чухал байв. Гэвч үзэл баримтлалаа юугаар ч худалдаж мэдэх хуучцуулаар зөвлүүлэх алхам хийж байгаа нь энэ намд сэхэх найдвар үлдээгүйг харуулаад байх шиг. Ямартай ч олон удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН сэхэх эсэх нь цаг хугацааны асуудал болж хувирлаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35557
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих