Хөлбөмбөгийн сүүлийн томоохон гурван тэмцээнд (2008 оны Европын АШТ, 2010 оны ДАШТ, 2012 оны Европын АШТ) дараалан түрүүлсэн Испанийн шигшээ багийг дэлхий даяар "Ялагдашгүй армада” гэж өргөмжлөн хүндэтгэх болсон билээ. Гэтэл Бразилд болж буй тэмцээнд дэлхийн аваргын титмээ хамгаалан оролцсон "Улаан уур хилэн” гэгддэг испаниуд Нидерландад 5:1, Чилид 2:0-ээр хожигдон шившигтэйгээр нутаг буцахаар болоод буй.
Хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны ач хүү Хубилай Юань гүрнээ цогцлуусныхаа дараа арлын Японыг эзлэн түрэмгийлэхийн тулд урьд өмнө байгаагүй аварга том тэнгисийн флотыг үүсгэн байгуулж 1274, 1281 онуудад хоёронтаа довтолсон ч хоёуланд нь дайсандаа бус далайн камиказе салхинд өртөн бүтэлгүйтсэн түүхтэй. Тэр цагаас хойш чухам испаниуд мөн л арлын орон Английг номхотгохын тулд 1588 онд 130 байлдааны хөлөг онгоц бүхий аварга том флот босгоод "Ялагдашгүй армада” нэр өгчээ.
Хубилай хааны 1281 оны флот 100 мянга шахам хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэсэн бол Испанийн "Ялагдашгүй армада” 30 мянган тэнгисийн цэрэгтэй байжээ. Лиссабоны боомтоос 1588 оны тавдугаар сарын 29-нд гарсан "Ялагдашгүй армада” Монголын флотын адил далайн хүчтэй шуургатай таарч Испанийн Ла-Корунья боомт руу орон эвдэрч хэмхэрсэн хөлөг онгоцуудаа засварлахад хүрсэн гэдэг.
Ийнхүү аяллынхаа дөнгөж эхэнд бүтэлгүйтсэн "Ялагдашгүй армада” хоёр сарын дараа л Ла-Маншийн хоолойд хүрч хэдийнэ хүлээж байсан Английн флоттой хоёр долоо хоногийн турш тулалджээ. Хэдийгээр тооны хувьд цөөн ч Английн илүү хөдөлгөөнтэй хөнгөн хөлөг онгоцууд аварга том Испанийн хөлөг онгоцуудыг амжилттай довтлон нэг нэгээр нь живүүлж байлаа. "Ялагдашгүй армада” 51 хөлөг онгоц, 20 гаруй мянган тэнгисийн цэргээ алдан арга буюу ухарч Ирландын баруун эргээр нутгийн зүг чиглэхдээ мөн л далайн хүчтэй шуурганд автан үлдсэн хөлөг онгоцныхоо тэн хагасыг алдсан ажээ.
Энэ тулалдааны дараа Испани дэлхийн далайн замуудыг өөрийнхөө хяналтаас алдаагүй ч үнэмлэхүй давамгайлал нь бага багаар хумигдсаар эцэстээ Английн эзэнт гүрэнд далайн хааны титмээ алдахад хүрсэн юм. Японд Хубилай хааны флотын сүйрлийг бурханаас илгээсэн аврал гэж байсан бол Англид "Ялагдашгүй армада”-гийн төгсгөлийг мөн л Есүс Христийн гэсгээл гэж үзсэн бас сонин.
Б.БАРС
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих