Монгол Улсын хэмжээнд жил бүр ярьдаг нэг том сэдэв нь хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тухай. Ийм уриалга, тэмцэл хөдөлгөөн ч байнга өрнөж ирсэн. Гэвч энэ асуудал нэг мөр болж шийдвэрлэгдэлгүй өнөө хүрлээ. Иймд "Зууны мэдээ” сонин гарц хайж "Мэргэжлийн жоккейчидтой болъё” гэсэн сэдэв хөндөж цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэсэн. Манай нийтлэлийн мөрөөр нийгэмд өрнөсөн хэлэлцүүлэг, илэрхийлж буй байр сууриудыг хүргэж байна.
Д.Самданжамц: Уралдсан морьдын эхний арав дотор монгол адуу байгаагүй
\Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат мал зүйч\
-Бүх гажуудал эрлийз адуутай холбоотой үүсч байна. Иймд би гурван зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, Монголын хурдан морь уралдуулах дүрэм, журам гэж бий. Түүнийгээ хэлэлцэж гаргахдаа Уяачдын холбоод хуйвалдаж, өөрдийн эрлийз адуунд тохируулсан дүрэм журам гаргасан. Энэ маш буруу. Хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийж, олон судлаач оролцуулах ёстой. Төрийн наадмын хурдан морь уралдуулах журам Төрийн бус байгууллагын журмаар явах ёсгүй. Төрийн байгууллага олон талын оролцоог хангаж, өргөн хүрээнд хэлэлцүүлж шийдвэрлэх учиртай. Орчин цагт нийцүүлсэн, эхийг эцээж тугалыг тураалгүй гаргасан шинэ дүрэм хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, сүүлийн үед эрлийз морьдоо сонгомол уралдаан гэдэг болжээ. Сонгомол гэдэг огт өөр утгатай ойлголт. Манайд тийм уралдаан байхгүй. Хүмүүсийн тархийг угааж, буруу тийш нь эргүүлж байгааг эргэж харж ярих ёстой. Гуравдугаарт, урд хөршөөс янз бүрийн арга замаар адуу оруулж ирэхийг зогсоох ёстой. Энэ огт хэрэггүй юм. Би одоогийн Ерөнхийлөгчийг Шадар сайд байхад нь хэлж байж нэг жил эрлийз адуу уралдуулаагүй. Мал аж ахуйн мэргэжилтний улсын зөвлөгөөн, Мал зүйчдийн улсын зөвлөгөөн болоход дахиж хэлсэн. Уг нь зөвшөөрсөн. Ингээд салбарын яам руу асуудлаа оруулахад дэмжихгүй буцаачихдаг. ХХААХҮЯ нь дотроо эрлийз адуу гаднаас оруулж ирдэг "бүлэглэл”-тэй холбоо, сүлбээтэй юм уу, тэрийг мэдэхгүй ч ингэж хардахаар хандлага гаргаад байдаг. Эрлийз адуу оруулж ирдэг дөрвөн гол газар нь Алтанбулгийн боомт, Хавиргын боомт, Эрээн, баруун талд Боршоо боомт. Энэ дөрвөн газраар эрлийз адууг хулгайгаар оруулж ирээд байна. Мэргэжлийн хяналтынхан ч хуйвалдчихдаг шиг байгаа юм. Хил, гаалынхан ч тэр хүмүүстэйгээ хуйвалддаг. Уг нь үүнийг зогсоочихвол байдал өөр болно. Эрлийз адуу оруулж ирэхгүй боллоо гээд улсын эдийн засагт ямар ч нөлөөгүй. Яаж оруулж ирээд байна гэвэл, "Эрээн-экспорт” гэсэн нэрээр оруулж ирдэг. Тэр нь энд ирж хольж солиод, оронд нь ямар ч хамаагүй мал Хятад руу гаргадаг 2-3 газар бий. Үүнийг болих хэрэгтэй. Дараа нь адууны өндрийн хэмжээ гэж бий, одоогийнх бол ихээхэн хуудуутай. Уяачдын их хурлаар баталсан тоог эрлийз адуутай хүмүүс гаргасан. Түүнийгээ "Нийт уяачид дэмжсэн” гэж холбооны шинэ удирдлагууд нь хэлдэг. Шинэ удирдлагад эрлийз адуугүй хүн нэг ч байхгүй. Бүгд эрлийз адуугаа уралдуулдаг хүмүүс байдаг. Тэгэхээр одоо ямар гарц байна гэвэл ХХААХҮЯ сайн ажиллаж, монгол адууныхаа стандартыг баримтлаад явчихвал зөв болох юм. Аль болох хүний оролцоо багатай зүйл хийвэл шийдэл болно. Өндрийн хэмжээг лазераар хийж болно шүү дээ. Мэргэжилтнүүдийг мэргэшүүлж сургаад дадлага хийлгэж туршлагажуулмаар байна. Тэд нь сайд, дарга нарын дохио, зангаагаар "явуул” гэхээр нь явуулаад байж байдаг. Энд цагдаагийнхан бас буруутай. Ачсан адууг нь шалгахгүй нааш, цааш явуулдаг асуудал бий. Энэ жилийн уралдсан морьдын эхний арав дотор монгол адуу нэг ч байгаагүй. Азарга, их нас хоёрт ийм байсан.
Х.Батмэнд: Монгол хүн, адуу хоёрын шүтэн барилдлагыг өөрчилж болохгүй
\Соёлын тэргүүний ажилтан, дуучин\
-Монгол хүүхэд багаасаа морио унаж хүн болж ирсэн. Монгол хүн морио унахгүйгээр, уралдахгүйгээр хүн болж өснө гэхэд эргэлзээтэй, монгол хүн болж өсч төлөвших харилцааны болон бие бялдрын хөгжилд сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед морь унадаг хүн цөөрч, зан ааш нь хүртэл өөр болжээ. Дээхнэ үед хүүхэд олноороо мориноос унах явдал гарч байгаагүй. Ганц нэг хүүхэд унасан ч амь насанд нь халтай, ноцтой гэмтэж бэртэх нь бага байсан. Сүүлийн үед хүн болгон машин уначихаад мориноосоо олон машинтай хүн дагаж давхихаар морь, хүүхэд хоёр уралдах манатай, нүд нь юм харахгүй тоос, шороо босчихдог. Ийм байхад яаж уралдах билээ. Зохион байгуулалт хэрэгтэй байна, зохицуулсан хууль гаргах учиртай. Түүнээс хүүхэд морь унаж сурахгүй унаад байгаа юм биш. Цаанаас монгол хүний цусанд нь байгаа ген гэж бий. Монголчууд хүүхдээ багаас нь морио унуулж өсгөх ёстой.
Монгол морь эзэндээ ээлтэй. Эзнээ явгалдаггүй, унасан ч тангарч өшиглөдөггүй, эзнийхээ дээр нь гишгэдэггүй, холдож хаяж явдаггүй. Монгол хүн, морь хоёрын хоорондын зохицол гэж байна. Би франц, англи, араб морьдыг хүн өшиглөж тангардаг гэсэнгүй, ерөнхийдөө монгол хүн, морь хоёрын шүтэн барилдага өөр. Гаднаас авчирсан морьд хүйтэн халууныг тэсвэрлэхгүй, ялаа шумуулд амархан бариулж, цуцаж ядрах гээд асуудалтай. Их төлөв тариа, тэжээлээр уралдуулдаг учраас эрсдэлтэй. Монгол морь бол байгалиас заяасан бэлчээрийн уяа гэж өөрийн гэсэн том философитой. Арван морь уяхад өөр өөр уяатай, уух ус, идэх өвсний хэмжээ өөр. Гэтэл өнөөдөр бүгдэд нь ижил тэжээл өгч, тариа тариад уралдуулна гэдэг гажуудал. "Аймаар” гэдэг үг энд л жинэхэнэ хэлэгдэнэ. Уяачид адууныхаа цусыг шинэчилж байж үүлдэр угсаа нь сайжирна гэдэг. Энэ бодох асуудал хэдий ч бүх адуугаа эрлийзжүүлнэ гэвэл төөрөгдөл. Дөрвөн улирлын зохицолдолгоотой, уналга, эдэлгээ даадаг байгалиасаа шалгарсан монгол адууны ген устаж үгүй болно. Гадаадынхан өөрсдөө гайхдаг шүү дээ, давжаа биетэй жижигхэн монгол адуу туулах чадвар өндөртэй, халуун хүйтэнд тэсвэртэй, зоригтой дайчин, эзэндээ үнэнч ээлтэй, ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэж магтдаг.
Өнөө, маргаашдаа бид монгол адуугаа жижиг биетэй, чадалгүй, хурд хүчгүйгээр дуудаж, монгол хүнээ тэнэг маанаг гэж хочлоод урагшлахгүй. Монгол адууг ганц уралдуулах бус уналга, эдэлгээ даах талаас харах ёстой. Хурдан морь бол цаанаасаа төрдөг амьтан. Эрлийзжүүлээд хурдан болчихдог юм ч бас биш. Монгол адууны ирээдүй бүрхэг байгаад монголчууд сэтгэл зовинох ёстой.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35687
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих