Дорнод аймгаас 350 орчим километр зам туулж Буйр нуурт хүрнэ. Сэтгүүлчдийн багийнхныг очиход шөнийн 15-ны тэргэл сар мандсан шөнө таарлаа. Монгол орны зүүн хязгаарын усан хил сарны туяанд мэлтэлзэн долгилох сүрлэг харагдана. Нуурын уснаа саран авхай тольдон байх нь үзэсгэлэнтэй. Буйр тал газрыг эзэлсэн нэгэн их том толь шиг үзэгдэж байв. Үе үе зөөлөн салхи сэвэлзэж, нуурын ус хэсэг нам жим байснаа хүчтэй давалгаална. Эргийн зөөлөн торгон элс, тунгалаг ус өдрийн наранд бүлээссэн тэр л чигээрээ биднийг угтав. Тэргэл сарны сүүн цагаан туяанд нуурын эргийн зэгс шаргалтан, хаа нэгтэйгээс усны шувууны ганганах дуу үл мэдэг бүдэг сонсогдох нь тун тааламжтай. Бүтэн жилийн ядаргаа тайлагдах шиг санагдсан.
Байгаль гэдэг ядаргааг эмчлэх эм гэлтэй. Усны шувуудын ганганаа, адуу тургилах чимээ, нуурын усны түрлэг яг л яруу эгшиг хөгжим лугаа сонсогдоно.
Таван жилийн өмнө Халхын голын ялалтын 70 жилийн ойгоор буйр нуурын усанд анх удаа хөлөө дүрж үзэхэд хаа сайгүй хясааны яс тааралдаж, гоёл чимэглэлийн хайрцаг хийх гэж бүсгүйчүүд булаацалдаж байсансан. Харин энэ удаа хясааны яс нүдний гэм болсон шиг санагдав. Хөлийн уланд тээглэн хөглөрч байдаг тэр эд өдгөө ганц хоёрхон харагдсаныг эс тооцвол ховордсоны шинж биз. Байгалийн тогтоц бас үзэмж гэдэг үнэхээр сонин юм. Нуурын эргийн элс шам нарийн ширхэгтэй торго шиг зөөлөн. Нэг ёсондоо усны хөвөө нуурын эмжээр нь торгон элс. Эмжээрийн торгон элснээс том ширхэгт элс залгана. Харин эрэг рүүгээ зэгс, цэцэгтэй.
Дорнод нутгиин үзэсгэлэнг илтгэсэн энэ
газар руу засмал зам тавьчихвал зорьж очих хүмүүсийн цуваа тасрахгүй
биз. Биднийг очиход ч зочин олонтой байсан. Эх орны минь торгон хил буйр
нуур өдрийн хагас зочдоо зугаануулж, бүлээн усандаа шумбуулж, их хотын
алжаал, ядаргааг бага ч болов тайлж өгөөд алсын алсад мэлтийн хоцорсон.
Энэ их цэнгэг уснаас Оршуун гол эх авч Өвөрмонголын далай нуурыг
тэтгэдэг. Харин халх гол буйр нуурын гол тэжээгч. Нуурын нийт талбай 615
хавтгай дөрвөлжин километр. Зүүн хойд талаасааа баруун урд эргээ хүртэл
40 километр зайтай. Өргөн нь 21 километр, эргийн урт нь 113 километр юм
байна. Морин загас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг,
хэлтэг зэрэг зургаан овгийн 36 зүйлийн загастай. Улаан номонд
бүртгэгдсэн "Леандер 1778" хавч амьдардаг. Нуурын гүн 10-50 метр гэсэн
мэдээллийг нутгийн иргэд өгч байна.
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих