Суданы эрх баригчид шариатын хуулиар цаазаар авах ял шийтгүүлээд
байсан 27 настай эмэгтэй Мариам Ишаг суллах шийдвэр гаргажээ. Түүнийг
лалын шашины ёс жаягийг сөрж өөр шашинтантай гэр бүл болсон хэмээн
буруутгаж дүүжлэн хороох ял оноогоод байсан юм. Бүсгүйн өмгөөлөгч
Мустафа аль-Нурын хэлснээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ийн
түүнийг суллах болсон гэжээ.
Эмэгтэй Омдурман хот дахь шоронгоос суллагдсаныхаа дараа үл мэдэх зүгт явсан бөгөөд хэдийгээр өршөөгдсөн ч түүний амь насыг бүрэлгэх аюул занал бодитой хэвээр байгаа аж.
Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 27 христ бүсгүйд ногдуулсан цаазаар авах ялыг өөрчлөхийг Суданы эрх баригчдаас хэд хэдэн удаа шаардаж байсан билээ. Бүсгүй нэг ой өнгөрч байгаа балчир хүүхэдтэй бөгөөд цаазын ял оноох үед бас найман сартай жирэмсэн байж шоронд хүүхдээ төрүүлсэн юм.
Хэдийгээр түүний эцэг мусульман шашинтан байсан ч Мариам хэзээ ч өөрийгөө мусульман гэж үзэж байгаагүй бөгөөд энэ итгэл үнэмшлээрээ христийн шашинтантай гэр бүл болжээ.
Хачирхалтай нь Мариамыг түүний ах шүүхэд анх мэдүүлж, мусульман шашинтай хэрнээ Суданд хориглосон өөр шашинтантай гэр бүл болсон хэмээн "алтан хошуу" өргөсөн байдаг. Бүсгүйн гэрлэлт нь шашны дэг жаягаар хүчин төгөлдөр биш байсан учир завхайрсан гэж үзэж 100 удаа ташуурдах, шашнаасаа урвасан хэмээн буруутгаж цаазаар авах ял давхар оноосон байна. Гэхдээ шүүх түүнд шашиндаа гурван хоногийн дотор эргэн орох хутацаа өгсөн ч Мариам "хэзээ ч мусульман шашинтан байгаагүй, ямар нэг шашнаас урвасан зүйл огт байхгүй" гэдгээ дахин мэдэгдсэн юм. Үүний дараа "зөрүүд" бүсгүйг хүүхдээ төрүүлж хоер нас хүртэл нь хөхүүлж өсгөх хугацаа олгосон бөгөөд үүний дараа цаазаар авах ялыг гүйцэтгэхээр шийдвэрлээд байв.
Гэвч энэ шийдвэрийг хүний эрхийг хамгаалах байгууллагынхан хүчтэй эсэрэгүүцэж, олон улсын байгууллага ч Суданд нэлээдгүй дарамт шахалт үзүүлсний дараа бүсгүйг суллаад байна.
П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих