Олон хүн халуун амь, бүлээн цусаа юүлж, хамгаасаа хагацаж, хагаралдан тэмцэлдэж байсан их хэлмэгдүүлэлтийн үед хувьсгалын эсэргүүг илрүүлэн, эрүүдэх зорилгоор тухайн үеийн эрх баригчид элдэв шийдвэр гаргаж, их ажил өрнүүлснийг түүхийн шарласан хуудас ч, түмний үзсэн, туулсан ч гэрчилнэ. Эсэргүүг илчлэх зорилготой тэрхүү олон шийдвэрийн нэг нь "Өөрийгөө илчлэх тушаал” нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, маршал Х.Чойбалсангийн 211 тоот тушаал юм. Тус шийдвэр нь "Хувьсгалын эсэргүү хэн нэгэн хүний төрөл садан эсвэл учир мэдэхгүй шалтгаанаар хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүдтэй холбоо тогтоож, тэдний ятгалгаар ямар нэг ажил үүрэг гүйцэтгэж байсан хүн байваас сайн дураараа "биеэ илчлэх” хэрэгтэй. Хэрэв өөрийгөө илчилж, буруугаа хүлээх аваас ялаас хэлтрүүлнэ” гэх утгатай байв. Уг тушаал гарахтай зэрэг Ардын хувьсгалын цэрэг болон хязгаарын цэргийн ангиудад өөрийгөө илчлэх ажил эрчимжиж, хүмүүс гэсгээлээс мултрахаар гэмээ хүлээж эхэлсэн гэдэг. Эл ажил 1937 оны арваннэгдүгээр сараас 1939 оны тавдугаар сар хүртэл жил хагасын хугацаанд өрнөсөн бөгөөд мөн хугацаанд нийт 700 гаруй хүн "биеэ илчилсэн” байдаг. Ийнхүү амиа хоохойлохоор хамтран зүтгэгчдээ гөрдөж, өөрийгөө илчлэх нэрийдлээр бусдыг бухдаг явдал газар авсан гашуун түүх бий.
Аль Ардын засгийн үед өрнөсөн дээрх үйл явдал ардчилал, хүний эрхийг тунхаглаад буй XXI зуунд ч бүдгэрч, бүрэн арилсангүй. Товчхондоо, агуулга, дүр нь хувирч өөрчлөгдсөнөөс биш асуудал эрүүлжиж, хэлбэр хийдэл ховхроогүй юм. Үүнийг гэрчлэх ганцхан жишээг энд сийрүүлье.
Өнгөрсөн жил нэр бүхий банкны ажилтан бусдад зээл гаргаж өгөөд, хахууль авсан хэрэг гарав. Тэрээр 150 сая төгрөгийн зээл гаргасныхаа хариуд харилцагчаасаа 15 сая төгрөгийн хахууль авсан нь шүүхээр тогтоогдсон байна. Энэ хэргийг илчилсэн этгээд нь хахууль өгсөн Н гэгч. Тэрээр банкны эдийн засагчид хахууль өгч, зээл гаргуулсан тухайгаа өөрөө олон нийтэд зарласан бөгөөд АТГ-т очиж, хэргээ хүлээсэн юм. Авлига өгсөн иргэн өөрийгөө "шүгэл үлээгч” гэж зарласан төдийгүй өөрөө өөрийнхөө хэргийг илчилсэн учир хариуцлага хүлээх учиргүй гэдгээ ч илэрхийлж байв. Тэрээр "Авлигыг зөвхөн төрийн байгууллагад байдаг юм гэж бодтол банкны салбар бүр живсэн байна. Би энэ асуудлыг ил тод болгохоор АТГ-т өөрөө хандсан. Гэтэл АТГ гэмт хэргийг илчилсэн хүнийг яллагдагчаар татлаа. Энэ хэргийг АТГ илрүүлээгүй. Би өөрөө авлига өгч байж илрүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигыг илчилсэн хүмүүсийг ялаас чөлөөлж байгаа гээд УИХ-ын чуулганы үеэр ярьж байсан учраас би энэ хэргийг илчилсэн юм. Би авлигыг илчилсэн. Хэзээ нэг цагт цагаадна” гэж мэдээлсэн.
Өөрөө уснаас хуурай гарахаар өрөөлийг буруутгаж буй энэ жишээ нийтлэлийн өмнө өгүүлсэн үйл явдалтай агуулгаараа дүйнэ. Түүнчлэн энэ хоёр тохиолдлыг ижилтгэх гол гогцоо нь төрийн шийдвэр юм. Авлига өгснөө илчилсэн эмэгтэй өөрийгөө "шүгэл үлээгч” гэж тодотгоод зогсохгүй, авлигын хэргийг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж эрх бүхий албан хаагч мэдээлсэн учир хэргээ хүлээсэн гэдгээ хэлээд амжсан. Үүний учрыг нэхэхийн өмнө тухайн эмэгтэй ямар үндэслэлээр ийм үйлдэл гаргасан болохыг тайлбарлая.
2019 оноос хойш шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай асуудал яригдаж, авлига, албан тушаалын хэргийг илрүүлж, илчилсэн иргэдийн эрхийг хангаж, мөнгөн урамшуулал олгох тухай хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн юм. Тус хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Харин хуулийн төслийг анх 2019 онд АТГ-аас боловсруулж, хууль санаачлагчид хүргүүлсэн байдаг. Нэршлээсээ л анхаарал татах эл хуулийн зорилго тун энгийн. Ерөөсөө нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Түүнчлэн хамгийн чухал ач холбогдол, алсын хараа нь авлигатай тэмцэх.
Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн цогц харилцааг зохицуулна. Хуульд нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан. Мөн шүгэл үлээгч нь эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалт зэрэг аливаа хэлбэрийн цээрлүүлэлтүүдээс ангид байна гэж хуулийн төсөлд тусгасан. Гэрч, хохирогчийн тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийн адилаар төрийн хамгаалалтад байх боломжоор хангаж өгнө.
Одоо өмнө өгүүлсэн асуудалдаа эргээд оръё. Хэрэв Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл тойрсон асуудал нийгэмд өрнөөгүй бол, эсвэл шүгэл үлээгчийн эрхийг хамгаалж, хангана гэдгийг олон нийтэд мэдээлээгүй бол авлигын асуудлыг илчлэхгүй байсан гэдгээ иргэн Н өгүүлсэн юм. Тэгэхээр энэ хуулийн талаарх дуулиан банкны салбар дахь хээл хахуулийн асуудлыг дэлгэсэн том "гавьяатай”. Гэхдээ нөгөө талдаа, дээрхийн адилаар хуулийн нэрээр гэмээ гэтэлгэж, хийсэн хэргээ булзааруулах зорилготой этгээд олширч, хууль гууль болох эрсдэл ойрхон байгааг энэ үйл явдлаас харж болохоор байна.
Буруу үйлдэл, бусармаг явдлаа шүгэл үлээгчийн дүрээр хаацайлан, бусдын нэр төр, эрх ашгийг хохироож буй явдал үүгээр зогсохгүй. Өнгөрсөн долоо хоногт охинтойгоо хоршин дуулдаг уран бүтээлчийн тоглолтын постерыг нэр бүхий сэтгүүлч зүй бусаар доромжилсон нь өндрөө авав. Тухайн сэтгүүлч үзэл бодлоо илэрхийлэхдээ доромж үг хэллэг ашиглаад зогсохгүй эцэг, охин хоёрын нэр төрд халдсан нь олны эгдүүцлийг хүргэсэн юм. Гэвч тэрээр эл үйлдлээ шүгэл үлээсэн гэж үзэж буй бөгөөд "Шүгэл үлээгчдээ массаараа үзэн яддаг байдал даамжирвал цаашид шүгэл үлээгчгүй болно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Түүнээс гадна, энэ асуудалтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж эхэлмэгц улстөрчид ч өөрсдийгөө "шүгэл үлээгч” хэмээн өргөмжилж эхэллээ.
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалж, хангах хуультай болохоор зэхэж буй нь сайн хэрэг. Магадгүй бүр зүйн хэрэг. Гэхдээ хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдаж, муу үг, муухай авираар "ширвэснийгээ” шүгэл үлээгч нэрээр хаацайлагчид болон гэмт хэрэг, гэм буруугаа хуулийн дүрээр халхлагчид олширч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн шударга дүрд тоглож, иргэний зориг гаргасан мэтээр имижээ бүрдүүлэгчид ч энэ хуулийн зорилгыг ганхуулах эрсдэлтэйг өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл хэрэг гэрчилж байна. Хэрэв энэ байдал даамжрах аваас 1930-аад оны үеийн гашуун түүх давтагдаж ч мэдэх юм. Тиймээс ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ гэдгийг эцэслэж, нийтэд таниулах шаардлага тулгарч байна.
ХЭН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ВЭ?
"Шүгэл үлээгч” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах болон тайлбар өгсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс
Хэнийг шүгэл үлээсэн гэж үзэх тухай холбогдох хуулийн төсөлд тун тодорхой тусгасан байна. Тэгэхээр эгогоо дөвийлгөх зорилготой болон элдэв ёс зүйгүй үйлдлээ халхлагчдад энэ хууль үйлчлэхгүй байж таарах нь. Тэр ч бүү хэл, өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор шүгэл үлээсэн болон хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх аж.
Олон улсад ч шүгэл үлээгчийг хов хөөж, хоосон цуурагчдаас ялгаатай гэж үздэг. Тодруулбал, 1970-аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader "шүгэл үлээгч” гэх үгийг "нууц мэдээлэгч", "матаач" зэрэг үгээс өөрөөр ашиглах шаардлагатай болохыг анх олон нийтэд танилцуулж байсан түүхтэй. Улмаар шүгэл үлээлт гэж нийтийн эрх ашигт шууд харшилсан, хууль, дүрэм зөрчсөн, авлига, луйвар зэргийг баримт нотолгоотойгоор нийтэд дэлгэхийг хэлдэг гэх ойлголт олон улсын түвшинд бүр нутагшсан байдаг. Үүнээс гадна, шүгэл үлээгч нь хохирогч бус нийтийг хохироосон болон хохироох бодит нөхцөл бүрдүүлсэн хууль бус үйлдлийг илчлэгч юм.
Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдахыг шүгэл үлээлт гэж үзэхгүй. Илэрхий худал, цахим сүлжээгээр олон нийтэд ил болсон, эсвэл холбогдох байгууллага шалгаж, үр дүнг нь танилцуулсан асуудлыг дахин хөндвөл шүгэл үлээсэнд тооцохгүй. Энэ төрлийн мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй.
Тэгэхээр ямартай ч шүгэл үлээх гэж юу болох талаар болон хэнийг шүгэл үлээсэнд тооцох тухай хуулийн хийгээд ёс зүйн хүрээний ойлголт бий болжээ. Одоо олонд таниулж, хуулийн нэрээр гэмээ гэтэлгэгсдийг "хазаарлах” нь хамгийн чухал юм.
Үүнээс гадна, шүгэл үлээгчийн илчилсэн асуудлыг нийгмийн эрх ашгийг хохироосон эсвэл хохироох эрсдэлтэй эсэхийг хэн, хэрхэн нягталж, шалгах нь дараагийн анхаарал татаж буй асуудал юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд "Шүгэл үлээгч мэдээллээ эрх бүхий байгууллагад өгнө” гэж тусгасан. Эрх бүхий байгууллага гэдэгт, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллага багтаж байгаа юм. Эдгээр газар нь шүгэл үлээгчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн нэгдсэн санд бүртгээд, хяналт шалгалт хийх учиртай. Хуулийн энэ зохицуулалт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй. Тодруулбал, аль нэг албан тушаалтны хууль бус үйлдлийг олон нийтэд бус эрх бүхий байгууллага эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний чихэнд хүргэх нь тухайн мэдээллийг нуун дарагдуулах эсвэл дарга нарын тохиролцооны өгөөш болгох эрсдэлтэй гэдгийг цөөнгүй хуульч, судлаач онцолж буй.
Матаач магнагт гардаг цаг
Монголчууд уг нь "Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол”, "Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэх зэрэг хэлцээр хүүхдийнхээ ам, хэлийг "чөдөрлөж”, бусдын асуудлаас бултаж, булхай, луйврыг нь далдалж байхыг сургаж, номлодог ард түмэн. Харин ардын засгийн үеэс энэ хэм, хэмжээ алдуурч, өрөөлийн алдаа өөрийн зол болдог явдал одоо бүр ужгирав. Хамгийн халтай нь хэн нэгний буруутай үйлдлийг олон нийтэд эсвэл холбогдох байгууллагад мэдээлж, өөрийгөө додомдож, үндэсний баатар мэтээр өргөмжилдөг эл үйлдлийг нь төр засаг хөхиүлэн дэмжсээр байгаа юм. Ийм жишээ олныг нэрлэж болох ч цаг, цаас хэмнэх үүднээс энд цөөнийг нь сийрүүлье.
Жишээ 1
Явган хүний зам, ногоон байгууламж болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон байршилд тавьсан автомашины зургийг ТЦА-ны тусгай аппликейшн руу илгээсэн иргэнд мөнгөн урамшуулал олгох тухай асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд шуугиан тариад байна. Тодруулбал, зөрчил мэдүүлсэн иргэнд тухайн зөрчлийн мөнгөн дүнгийн 20 хувийг урамшуулал болгон олгох тухай асуудлыг холбогдох талууд хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон илрүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Зөрчил, гэмт хэргийг илрүүлэх нь цагдаа нарын үүрэг. Харин тэд эл үүргээ иргэдтэй хамтарч биелүүлэхээр зэхэж буй бололтой. Иргэдийн хувьд, зөрчил гаргасан автомашины зургийг илгээж, матангаа халаасаа зузаалах боломж гарлаа гэх зэргээр олзуурхаж байгаа юм.
Жишээ 2
2018 онд Засгийн газрын тогтоол гарч, нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх болон хэрэглэхийг хориглож байв. Үүнтэй холбоотойгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нэг мэргэн санаа олсон нь матаас хийсэн иргэдийг түлшээр хангах тухай шийдвэр байв. Тодруулбал, түлэхийг хориглосон түүхий нүүрсийг хэрэглэж байгаа айл өрх, албан байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнахаар болсон тухайгаа холбогдох алба хаагчид олон нийтэд зарласан. Улмаар хөршийнхөө яндангийн утааг анирдаж, хоногийн түлшээ аргацаах иргэд олширч байв. Үүнтэй холбоотойгоор хуурамч, дуудлага мэдээлэл ч нэмэгдэж, алба хаагчдад багагүй ачаалал болж байсныг уншигчид андахгүй биз.
Учир дутагдалтай нь, энэ жишгийг өнөөх Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тухай хуульд ч шингэж, шигтгэгджээ. Тодруулбал, тус хуулиар шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулах тухай тусгагдсан байна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байх аж. Энэ нь матаачдын марафон өрнөхөд хүргэж болзошгүй гэх болгоомжлол төрүүлж буй. Хэн нэгний бурууг илрүүлж, булхайг илчлээд амьдралын чанараа сайжруулах сонирхолтой иргэд олшрох нь сөрөг үр дагавартай юм. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор хэн нэгнийг гөрдөх, гүтгэх явдал ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Хамгийн чухал нь шүгэл үлээгчийг матаачаас ялгаж салгаж ойлгохыг хууль санаачлагчдын зүгээс ахин, дахин анхааруулж буй. Тэгсэн хэр нь матаачдыг ашиглаж, зөрчил, дутагдлыг илчилж буйтай ижил аргаар гэмт хэргийг илрүүлэхээр төлөвлөсөн нь олон нийтэд үг үйлдлийн зөрүү шиг харагдаж байгаа юм.
Социализмын үед улс төрийн намын ажилтан гэж байсан. Тухайн албан тушаалтан энэ болохгүй байна, тэр болохгүй байна гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд нам руугаа шидэж, хүмүүст харуицлага тооцуулах үүрэгтэй байв. Яг энэ механизм, хүний эрхийн зөрчилтэй тогтолцоо руу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль оруулах эрсдэлтэй байна. Шүгэл үлээгч гэдэг бол эдийн засгийн энэ хүнд үед, өдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүмүүсийг дээрээс нь услаад, "Та мэдээлэх юм бол танд мөнгө өгнө, чихэр өгнө” гэх гээд байна. Энэ нь хүний нэр алдар хүндийг ойлгодоггүй хүмүүсийг улам дэвэргэнэ. Хүний эрхийн зөрчил бүр төгс бүрэлдэх нөхцөл байдлыг бий болгоно.
Илчилж, илрүүлсэн нь эргээд асуудалд унадаг тогтолцоог халж, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль дэм болно гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хуулийн зүйл заалтыг илүү чамбайруулж, үзэл суртлыг нь дотоодын нөхцөл байдалдаа уялдуулах зайлшгүй шаардлагатай юм. Эс тэгвээс хүн хүндээ итгэх итгэл алдарч, өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг түүх биелэлээ олж, өс хонзонгийн тойрог үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих