Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах товтой байлаа. Гэвч өнгөрсөн мягмар гаригт гишүүд шуурхайлан баталчихав. Гишүүд энэ төслийг төрхөмд нь буцааж Ерөнхийлөгчөөс зэмлэл хүртсэн учир батласан гэх хүмүүс байна. "Батлах шаардлагагүй. Засч сайжруулах зүйл байна” гэж нэг ч гишүүн хэлээгүй.
Яагаад ийм хууль санаачлах болсноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж тайлбарласан. "Өнөөгийн манай төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдсан байна. Иймд хяналтын сул орон зайг нөхөж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхиүлэн дэмжих замаар татвар төлөгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн тогтолцоог иж бүрэн бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа. Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна. Төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ” гэсэн юм.
ШИЛЭН ДАНСААР ТА ЮУГ ТОЛЬДОХ ВЭ?
-Улс, орон нутаг, нийгмийн даатгалын сан, хүний хөгжил сангийн төсөв.
-Орон нутгийн хөгжлийн сан
-Засгийн газрын тусгай сан.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа
-Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл
-Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл,
буцалтгүй тусламж.
-Төр, болон хувийн хэвшлийн түншлэл, концесс
-Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх бусад шийдвэр
ХАРИН ЮУГ ТОЛЬДОЖ БОЛОХГҮЙ ВЭ?
-Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой
төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй.
-Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл,
хэрэгжилт, тайлагналыг олон нийтэд дэлгэхгүй нь.
АЛБАН ТУШААЛТАН ТӨСВӨӨ ХЭЗЭЭ ТАЙЛАГНАХ ВЭ?
-Тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор
-Хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн наймдугаар сарын 15-ны дотор
-Өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн дөрөвдүгээр сарын сарын 25-ны дотор
-Сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор
-Дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 15-
ны дотор гэхчилэн хуулиар нэг бүрчлэн заажээ.
ТӨСВӨӨ ТАЙЛАГНААГҮЙ АЛБАН ТУШААЛТАНГ ЯАХ ВЭ?
1. Сахилгын шийтгэл
2. Шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Энэ нь 9.6-19 сая төгрөг болох юм.
Харин энэ хууль хэрэгжих хугацаа нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ төрийн байгууллагууд өдгөө ашиглаж буй цахим хуудаснаа төсвөө тайлагнах. Харин 2016 оны зургадугаар сарын 30 гэхэд төрийн бүх байгууллага төсвөө тайлагнах нэгдсэн цахим хаягтай болох юм байна.
Д.БОЛОР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих