"Зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ бариад амьдрах сайхан" гэж намайг бага байхад хегшчүүл ярьдагсан. Шилбүүр унаж, атгасан чулуугаа ангаахай болохыг хүлээж хүсэл мөрөөдөлдөө автан хөдсөн дээлтэй хүлгийн зоонд хийсгэж өсөөд энэхэн хорвоод хүн байхын жаргалыг мэдэрсэн минь үзэсгэлэнт сайхан Монгол нутагт төрсний минь хувь заяа юм болов уу. Бахархах юм миний эх оронд дэндүү олон, бүхэл бүтнээрээ бахархал юм байна. Салхи исгэрэн сэрүүн, цэлмэг тэнгэр, сэтгэл татам байгаль, ургамал, ан амьтан, ард түмэн, бичиг соёл, ёс заншил гээд тэр нь л энэ гадны оронтой адилхан гээд хэлчих юм даанч байхгүй юм даа. Ийм сайхан Монголдоо төрсөн юм чинь миний ард түмний сэтгэл нь хүртэл уужимхан байх нь аргагүй юм.
Монгол гэсэн босоо бичгэнд уужуу тайван ухаантай жинхэнэ монгол эр хүний дүрс байдгийг анх бүрэн дунд сургуульд
заалгаж байсан минь хүний нутагт эх орны төлөөлөл болон үүрэг гүйцэтгэж байхад нутагтаа намайгаа хүлээн суугаа сайхан аавыг минь санагдуулах юм. Нэр нь хүртэл утга төгөлдөр агуулсан миний Монголын төрийн далбааг тив дэлхийн тавцанд нэрээ дурсган мандуулахад нар сар, эв нэгдэл, тусгаар тогтнолын хөдөлшгүй, хөндөшгүй бат бэхийг бэлгэдэн нөгөө л босоо хийморийн илрэл болон харагддаг билээ.
Монгол хүн болж, ханын нүд, унь бүр нь сайн сайхныг бэлгэдсэн эсгий гэрт төрчихөөд Монгол ухаанаар хүмүүжиж, бүхий л зан үйл нь ухаан болон хөгжсөөр ирсэн Монгол ахуйд өлгийдүүлж өсөх нь ёстой л нөгөө "Би хаана төрөө вэ?" гэх сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм даа. Миний монголын ус нь тунгалаг, урсгал нь ширүүн, тэнгэр нь цэлмэг, ургамал ногооны ургац нь арвин, уул толгод нь өндөр сүрлэг, ан амьтад нь эрэмгий шаламгай, мал нь эрүүл чийрэг, малчин зон олон нь уужуу тайван, ухаант, ажилсаг, ажил үйлс нь бүтэмжтэй, байгаль ээжээрээ эмчлэгдэн эрүүлжиж байдаг нь бичиг минь босоо цус минь Монгол байгаатай салшгүй холбоотой гэж бодож байна би. Намайг бага байхад манайд сүрлэг сайхан Сутай хайрханы тосон зураг байдаг байлаа. Одоо ч тэр зураг аавынд минь байдаг юм. Түүнийг хараад аав минь намайг "Уул толгод, усны урсгал, гүн шөнийн одод, нар, сар гээд сайхан бүхнийг сайн ажиглаж бай, энэ зураг сайхан зураг гэхдээ хэзээ ч онгон дагшин байгалийг бодитоор нь харах шиг үзэсгэлэнтэй байна гэж үгүй, алсын барааг сайн ширтэхэд нүдний хараа тогтож, ухаан тэлж, тархи амарч, ядаргаа тайлагддаг" гэж хэлж билээ. Уулсын оройг нь дүрслэн дэлхийд ганцхан босоо бичиг үүссэн байх гэж өөрийн эрхгүй бодогдох юм. "Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян" гэж нээрээ л Оюу толгой, Таван толгойгоос илүү хэрэгтэй амин судас билээ.
СОЁОМБО
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=381
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих