Саяхан манайхан нэг их цэвэр цус энэ тэр гэж шуугиж, зарим нь бүр
зурагтаар хүмүүсийг монгол, монгол бишээр нь шууд шинжиллээ. Ямар ч
лаборатори гаргаж чадахгүй тийм хурдан хугацаанд бас итгэлтэйгээр.
Тэгээд хувь хүний бодлоо бичье гэж бодлоо.
Би өөрөө ч цус холилдсон эрлийз хүн. Аав минь казак, ээж минь монгол.
Хүүхэд байхад зарим нэг өөдгүй багш нэрийг минь армян, арслан гэж журнал
харангаа албаар буруу дуудаж, хүүхдүүд инээлдэнэ. Багш нартай бол юу
дуугарах вэ дээ, дотроо дургүй хүрэхийн сацуу шар хөдөлж, хичээлийг нь
яаж ч өөлөөд, онц сайн тавихаас өөр аргагүй болтол нь хийнэ.
Тэр яаж ч чадахгүй. Бүр нэг багш толгойгоо сэгсрэн хэлж байж билээ. Та
нарын зарим нь Арманыг казак гэж нууцаар муулдаг гэсэн. Тэгж муулж
байгаа хүүхдээсээ ичээч ээ, тэрэн шиг, тэрнээс илүү хичээлээ хийгээч ээ
гэж. Яагаад зарим нэг хүүхдүүд намайг нууцаар муулдаг байсан бэ гэхээр,
би тэгж дуудсан хүүхдийн нармайг нь тэр дор нь нээдэг байлаа.
Тэгж өөрийгөө сурлагаараа ч, нударгаараа ч хамгаалж чаддаг байсан
болохоор би тэр эрлийз, хурлийз гэсэн ярианд нэг их эмзэглэдэггүй юм.
Үнэн бол тэр л юм чинь. Үхсэнээс нь ичдэг юм. Харин би эрлийз гэж цээжээ
дэлдэнгээ эх орноо хагалган бутаргах нэвтрүүлэг хийхээс лав ичнэ.
Нас залуу ч 20 орчим жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа улс орноо
байтугай хувь хүнийг хэдэн төгрөгний төлөө харааж доромжилж үзээгүй.
Яахав мань эр жоохон байхдаа, залуудаа надад тохиолдсон шиг юм туулсан,
магадгүй тэнээс ч хүнд хэцүү л байсан байх.
Гэхдээ хүн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг эх орноо ч сонгодоггүй гэж
Ерөнхийлөгчийн хэлсэнээс улбаалан энэ газар шороон дээр унаж, гишгэж,
амьсгалж иргэн нь болоод амьдарч, хайрлаж, хүүхэд шуухадтай болж бас
хэмжээнээсээ хэтэрсэн ч байж болох гавъяаны одон медалийг нь зүүчихээд,
үргэлж нус цэрээ хаях нь өөдгүй хүний л шинж. Төрсөн гэрийнхээ буурь луу
шээдэг тийм хүн хужаадаа ч хог новш л байна.
Түүх сөхвөл бидний өвөг дээдэс эзэн Чингис хаан 4 өнгө, 5 харь улсыг
нэгтгэхдээ хэнийг ч яс үндэс, арьс өнгөөр ялгаагүй бөгөөд тэр бүү хэл
шашин шүтлэгийг нь ч хүндэтгэн харьцаж, шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь
олгосон учраас л өнөө бидний шүлсээ үсчүүлэн шагшин магтдаг тэр их
гүрнийг байгуулж чадсан.
Өнөөдөр АНУ бидний өвөг дээдсийн тэр менежментийг хэрэгжүүлж чадсан
учраас л агуу их гүрэн болж, хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөж тийш
тэмүүлдэг. Тэнд хүнийг хар арьстан гэх юм бол шоронд орно. Бананад
дуртай юу гэвэл торгуулна. Нийгмийн тустай ажил хийлгүүлнэ. Хүнийг яс
үндсээр доромжлох бол гудамжинд хог хаях, замын хөдөлгөөний дүрэм
зөрчихөөс ч хүнд ялтай.
Тийм ч учраас энд тэнд хавчигдан гадуурхагддаг эсвэл тэгж боддог улс
тийш үхэн хатан зүглэдэг байна. 200 хүрэхгүй жилийн өмнө боол байсан
арьстан өнөөдөр тэр их гүрнийг удирдаж байна. Хоосон цус биш, жинхэнэ
хөгжлийн концепци энэ мөн.
Уг нь Чингис хаан дэргэдээ хэнийг ч ялгалгүй зүтгүүлдэг төдийгүй
сэтгэлийг нь эзэмдсэн бол бие нь хаа холдох вэ гэсэн их л үнэн бөгөөд
гайхамшигтай сургааль үлдээсэн байдаг. Тэр хүн хэдий ямар ч цустай
байсан тэнгэрийн доор энэ Монгол улсад зүтгэж байгаа бол ядаж гудамжинд
нь хог хаяхгүй, шээхгүй, явсан газраа харааж муулахгүй явж байгаа бол
жинхэнэ Монгол хүн гэж би бодно.
Харин харь улсад зүтгэж, гаднаа гяланцаг ч дотроо хог новш тарьж байгаа
бол тэр жинхэнэ Харь хүн. Хараад байхад тийм харь хүмүүс их байх шиг.
Харахад бүх юм нь сайхан өөгүй монгол харин сэтгэл зүрх нь хар бөгөөд
харьд. Тийм хүн мянга монгол цустай байсан ч эндээс хөөж явуулах
хэрэгтэй.
Эрлийзийн яриаг мал амьтан руу шилжүүлэхэд, ямарч эрдэмтэн нэгэн
дуугаар энэ бол хамгийн зөв бөгөөд сайн арга гэдгийг зөвшөөрнө. Мал
амьтны үржил селекци гэдэг бол зүүн аймгаас ухна аваад баруун аймагт
тавьж байгаа төдий хэрэг биш. Бүхэл бүтэн сүргийн бүтэц, мах, сүү, ноос
ноолуурын гарцыг нэмэгдүүлэх хамгийн төгс гаргалгаа. Нэг талаар хиймэл
байгалийн шалгарал гэх юм уу даа.
Гэтэл урьд нэгэн цагт дэлхийд Хоминид хэмээх нийт хүн төрөлхтнийг
төлөөлж байсан Нейндарьталчууд яагаад мөхсөн тухай эрдэмтэн судлаачдын
дүгнэлтээс харвал, Хомосапиенс буюу одоогийн хүн бидний тархан
суурьшилт, арга ухаан өөрөөр хэлвэл тархины хөгжил тэднээс илүү байсан
учраас тэднийг шахаж дээр нь аажим аажмаар нэмэгдсэн дэлхийн дулааралт
сөнөөсөн гэдэг.
Мэдээж 100% сөнөөгүй, тэдний хомосапиенстэй холилдсон зарим нэгний удам
угсаа скандинавын орнуудад хааяа нэг тааралддаг. Том өргөн хамар, бахим
бие, бүдүүн өтгөн буржгар улаан үстэй хүмүүс өөрсдийгөө бид
нейндарьталын удам гэж бахархдаг. Эрдэмтэд ч гэсэн зөвшөөрдөг.
Нейндарьталчууд бол орчин үеийн төдийгүй бүх л хүн төрөлтний дотроос
хамгийн амьдрах чадвартай, тэсвэр тэвчээртэй нь байжээ гэж. Өвдөлт бараг
мэдэрдэггүй байсныг нь антропологийн олон баримтаар нотолсон байдаг.
Гэтэл тэд яагаад мөхөв.
Үсгүй шахам орчин үеийн хүн бид хойд туйл дээр эскимиос, хамниган энээ
тэрээ гэчихсэн хөлдөж үхчихгүй цаа буга мугатай амьдраад байгаа биз.
Хэргийн учир нь нейндарьталчууд цаа буга гаршуулж, гэрийн тэжээмэл
болгож болно гэж огт төсөөлөөгүй, зөвхөн ажл идээд, арьсыг нь нөмрөөд
боллоо гэж боддог байсан байна.
Учир нь тэдний тархины хөгжил сул дорой. Мэдээж хомосапиенс бидний өвөг
дээдэс тэднийг нум сум элдэв шинэ хачин зэвсгээр хамгийн гол нь тэр
бүхнийг бүтээсэн уран сэргэлэн арга заль буюу оюун ухаанаар устгасан гэж
хэлэхэд нэг их буруутахгүй болов уу?
Нэмж ирээдүй рүү харвал. Дэлхийн ирээдүй судлаачид буюу футурологичид
хүн төрөлхтөн 500-1000 жилийн дараа нийтээрээ энэтхэг, араб маягийн
бараан саарал арьстан болно гэж үздэг.
Үүгээрээ юу хэлэх гээд байнаа. Хүн бол хүн л бөгөөд тэр хүний зүрх,
сэтгэл нь л хаашаа вэ гэдгээс хамаг юм шалтгаална. Харин тэр цус, арьс
бол ёстой тэнэг мал л тийм юмаар өөрийгөө дөвийлгөнө. Саяхан даа, та
бүхэн нэт ухаарай. Амазонкийн ширэнгэнээс аль эрт шугуйд нуугдан
ертөнцөөс таслагдсан нэгэн омог олсон. Тэр омгийнхон бүгд цус
ойртолттой, бие давжаа, тархины хөгжил сул, нум сумтайгаа гүйж байсан.
Хэт их жалга довны үзэл хожмоо ийм л юманд аваачна.
Дэлхийн анагаах ухаан тархины хөгжлийн нэгэн саатлыг бидний нэрээр
нэрлэдэг байсныг бас л саяхан манай улс шаардлага тавьж байж Даунинг гэж
өөрөөр нэрлэх болсон. Тэд биднийг тийм өвчнөөр хүртэл нэрлэх хэмжээнд
доромжилдог байсан байх нь. Бид хөгжих ёстой. Харин хөгжил маань хий
хоосон үндсэрхэг үзэл биш үндэсний сэргэн мандлын үзэл байх учиртай.
Миний нэг танил халамцуудаа муусайн хятадыг монгол гахайн махаар
байлдан дагуулнаа гээд сууж байсан. Энэ бол эх орны хувьд ч, эдийн
засгийн хувьд ч 21-р зуунд хамгийн зөв гарц. АНУ-д хүртэл хамаг бренд нь
маде ин чайна байгаа энэ үед бид хил дэрлэсэн энэ улстай хүчирхэг эдийн
засгийн бодлогоор л өрсөлдөнө.
Энэ эдийн засгийн бодлогонд сүртэй юм огт үгүй. Өөрсдөө л хэнээс ч
дутуугүй хийж бүтээе. Тэгээд л боллоо. Дотоожоо хүртэл урдаас зөөж байж
дороо учир зүггүй дэвхцэх нь утгагүй хэрэг.
Гэтэл бид туйлшраад хурдан морьдыг хүртэл эрлийз монголоор нь ялгаад
суух нь нэг талаар хөгийн үзэгдэл. Зарим морь уяач, шинжээчдийн барин
тавин нотолж буйгаар тэр магтаад байдаг цэвэр гэх монгол морьдын
дийлэнхи нь нэг бол урьд зүүн аймгуудад байсан Манжийн хааны торгон
сүрэг эс бөгөөс социйн үеийн морин тойруулгын буюу Будённовын үүлдрийн
гарал угсаатай байх нь элбэг гэнэ лээ.
Бас нэгэн зүйл, дэлхийн түүхийг ухвал ер нь улс орон бүү хэл жир хүмүүс
ч хөршдөө хэзээ ч тийм сайн сайхан ханддаггүй. Та бүхэн хараарай. Хаана
маргаан будилаан гардаг вэ гэхээр дандаа л хөрш зэргэлдээ улсууд
хоорондоо дайтаж байлдсан байгаа. Зөвхөн бид төдийгүй Япон, Солонгос
хоёр ч хятадад дургүй.
Солонгос нь хоёуланд нь дургүй. Тэдний тулалдаан одоо ч эдийн засагт
үргэлжилж байна. Харин манай энд хөдөө малчид бэлчээр булаацалдаад
нэгнийхээ худаг руу кералин хийхээс өгсүүлээд хотод хажуу хашаагаа
давуулан хогоо шиднэ, үүдэнд нь угаадсаа асгана.
Мэдээж бид их гүрний бодлогоос сэрэмжилж, дайн тулаанаар биш эдийн
засгаар эзэлдэг тэр арга баширыг нь зөв тооцооолж, өөрсдийгөө хамгаалах
дархлаатай байх учиртай. Харин бид энд ажиллаж байгаа хужаа нарыг зодоод
юу олж долоох юм бэ? Үсрээд л хувь хүнийхээ хувьд хэсэг зуур тайвширна
биз. Харин цаана нь тэр үсэрсэн цуснаас хэн хожих вэ?
Бас л дэлхийн түүх. Ардуудын зодооноос үсэрсэн цус хаадын хэтэвчинд
алтан зоос болж хувирдаг. Асуудал бол энд ажиллаж байгаа хужаануудад биш
тэднийг оруулж ирж байгаа нөхдүүдэд л байгаа гэж би боддог. Гэтэл
тэдний хэлдэг ганцхан зүйл нь манай залуучууд ажил хийдэггүй, цалингаа
аваад архидаад алга болдог.
Үнэн худлаа нь мэдэгдэхгүй ийм яриаг эцэс болгоод, тэр муусайн хужаа
нарыг балбая гэхийн оронд бид өөрсдөө хөдөө хээр зам тавъя, хотод
барилга дээр ажиллая, тэднийг битгий оруулж ир, бидний ажлын байрыг өг
гээд жагсая л даа. Энд тэндгүй л мэргэжил сургалтын төвүүд цалин өгөөд
сургаж байна шүү дээ.
Гэтэл ихэнхи залуус маань хэдэн малаа зарчихаад, хотод амьдрал хайж
ирэн, нэг хуучин машин унаж халтуур хийн, замын түгжрэл үүсгэн, хорвоо
ертөнцийг харааж давхихаас өөрөөр эх орныхоо төлөө байг гэхэд ээж
аавынхаа төлөө зүтгэхгүй байх шиг.
Их Монгол гүрний үед аль хацар гоо эмс, охид, уран дархан, ухаантай
мэргэд бүү хэл идээ ундаа, эд хэрэглэл, морь малыг ч гэсэн дэлхийгээс
нааш тууж л байсан байх учиртай. Миний нүдээр үзсэн нэгэн түүхэн
баримтан дээр Өгөөдэй хааны үед одоогийн Иранаас 5-хан хоногийн дотор
хааны хүнсний жимс ирдэг байсан байна лээ.
Учир нь тэр үед бид дэлхийн төв байсан. Дэлхий Монгол байсан. Тэр Ром
юу юм бэ? Газрын дундад тэнгис хойд Африк тэгээд л болоошд. Нөгөө
Александр Македонский үсрээд л Бага Ази, Энэтхэгийн баруун болон хойд
мужийг л эзэлсэн ш д. Тэд л сүржигнээд байдаг болохоос бид, бид ёстой
баллаж хаяж байсан байхгүй юу.
Монгол цэрэг гэдэгт зөвхөн боржигон, татар, жадаран, урууд мангууд
төдийгүй хэрэйд, мэргид, найман, түрэг, тангад, хятад, араб, энэтхэг,
орос тэр бүү хэл хивчаг цэргүүд ч ордог байсан. Хамгийн гол нь тэд Их
Монголын сүр ихт Дайчин Хар тугийн дор дайтаж явсан юм шүү.
Тийм агуу түүхтэй улсыг битгий тэр муу эрлийз хурлийз, энээ тэрээ гэсэн
балиар юмаар бас өөрийгөө эрлийз гэнгээ энэ улсыг сүйдлэх санаатайгаар
эвдэж хаях гээд бай л даа. Үнэхээр л эх орончид юм бол зүрх сэтгэлээ л
энэ эх орондоо зориулах ёстой.
Би эх орон гэдгийг ээжийгээ, эхнэр хүүхдээ, бас өөрийн орон гэрээ,
дархан хилээ цагийн уртад шантралгүй хайрлаж түүнд зүтгэж хэрэгтэй бол
түүний төлөө амь биеэ зориулах гэж л ойлгодог. Бид бүхний өвөг дээдсийн
тэр их улсаас хойд, урд хөршүүд таслаж авчихсан байдаг. Одоо бидэнд
үлдсэн энэ л дэлгэсэн тэрлэг шиг газар шороогоо хамгаалж хадгалж үлдэх
нь чухал.
Харин яаж вэ? Хоорондоо дайтаж, тэгээд хэн нэгний үмх хоол болох уу?
Бидний түүх тийм шүү дээ. Монголчууд хэзээ ч харь улсад цэргээр хүчээр
эзлэгдэж, дайн тулаанд ялагдаж байгаагүй. Харин хямдхан хаад ноёд, хорон
санаатан эрх мэдлийн шуналтнуудаас болж, хэдэн эрчүүд нь дайчин тугаа
бөхийлгөх төдийгүй даахь үсээ хусуулж сүмд суудаг байсан цаг бий.
Гуйх юм. Бид Дэлхий байснаа бүү мартаарай. Одоо жалга дов, үндэс угсаа
ярьж суух цаг мөн үү? Алсыг харж айл саахалтаасаа давж сэтгэх учиртай
биш үү? Дэлхийг эзэлж явсан манай ард түмэн дэлхийг дахин "байлдан
дагуулж" дэгдэгнүүлнэ гэдэгт би итгэдэг. Гэхдээ зэр зэвсгээр биш, оюун
ухаанаараа.
Эрээвэр хураавар, эрлийз хурлийз, эвдэрсэн эвлэсэн бүгдийг нь дааж
эргэлдэг энэ уужим дэлхийд дэндүү жоохноор сэтгэж, тамын тогоон дотроо
ялз буцлах хэрэг байна уу? Хөлбөмбөгийн дэлхийн аваргын стадион дээр
хүртэл аварга том компаниудын рекламны дэргэд "Say no to racism" гэсэн
үг байнга гарч байгааг та бүхэн харж л суугаа байх.
Тэр хүний үг хэл биш үйлдэл, зүрх сэтгэл нь Монголынхоо төлөө бол тэр
Монгол хүн. Тэгж гэмээ нь бид дахин Дэлхий болж Монгол улс маань мөнхөд
оршино гэж би боддог.
Эцэст нь нэг зүйл нэмэхэд, одоо зарим нэг нь намайг баахан хасаг энэ
тэр, дээрэм тонуул хийж байсан энэ тэр гэж харааж зүхэх биз. Хүүхэд
байхдаа ахдаа туслах гэж яваад алдсаныг минь хөгийн арчаагүй амьтад одоо
ч ухаж суугаа болохоор энд албаар дурьдав. Үлдсэнийг нь Мэргэд Та бүхэн
болгоогтун.
Ален Арман
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих