АНУ-ын Жоржиа муж улсад өнгөрсөн зургадугаар сарын 18-нд нэгэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Жастин Росс Харрис хэмээгч 33 настай эр өөрийн хүү болох нэг ой 10 сартай бяцхан хүүгээ маш халуун өдөр машиндаа мартаж явснаас болоод хүү нь амиа алдсан хэрэг гарсан юм. Америкийн олон нийтийг цочирдуулсан эмгэнэлт хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд болж байна.
Болсон үйл явдлыг эргэн сануулбал, Жастин Росс Харрис өглөө хүүтэйгээ хамт гэрээсээ гарч түргэн хоолны газарт хооллоод дараа нь ажил руу гаа иржээ. Харрис жийп машины арын суудалд хамгаалалтын бүсээр бэхлэн суулгасан бяцхан хүүгээ ажлын газрынхаа гадаа зогсоол дээр орхижээ.
Автомашинд тусгайлан зориулсан хүүхдийн суудалд бэхлэгдсэн жаал хүү яаж ч хичээгээд сугарах арга ухаанаа олохгүй нь мэдээж юм. АНУ-ын Жоржиа муж улсад зуны аагим халуунд +30-аас +40 хэм хүрэх нь элбэг бөгөөд тэр өдөр цельсийн +36 хэмийн халуун байжээ. Бяцхан хүү эцгийгээ ажлаа тарах хүртэл машинд, халуун наран дор, хүлээстэй сандал суусаар байж…
Бүхэл бүтэн долоон цагийн турш түгжээтэй машинд суудалд бэхлэгдсэн бяцхан хүүг амиа алдсан хойно нь л олсон байна. Харрис ажлаа таран гарч ирэхдээ хүүгээ харж тусламж эрэн хажуугийн дэлгүүр рүү сандран гүйж орсон гэнэ. Бяцхан хүү хэдийнэ амьсгал хураасан байсан бөгөөд одоо хариуцлагагүй эцэгт шүүхээс ял төлөвлөн хуралдаж байгаа юм. Шүүх хурал америкчуудын анхаарлын төвд байна.
Харрист насанд хүрээгүй хүүхдэд анхаарал болгоомжгүй хандаж амиа алдахад хүргэсэн онц ноцтой хэрэг үйлдсэн хэмээн эрүү үүсгэн шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад илэрсэн олныг эмзэглүүлсэн хачирхалтай баримтууд шүүх хурлын үеэр дэлгэгджээ.
Мөрдөгчид Жастин Росс Харрисийг тэрхүү зургадугаар сарын 18-ны эмгэнэлт өдөр хүүгээ үхэж байхад ажил дээрээ юу хийж байсныг хөдлөшгүй баримтаар тогтоосон гэнэ. Тэрээр ажил дээрээ хүүхнүүдтэй интернэтээр харилцаж мессеж шидэлцэж суусан бөгөөд энэ үеэрээ нэлээд хэдэн нүцгэн зураг нааш цааш солилцсоор байжээ. Мөн энэ үеэрээ Жастин Росс Харрис Reddit хэмээх сайт руу орж "хүүхэдгүй амьдрал, эрх чөлөөт амьдрал” сэдвээр дөрвөн удаа хайлт үүсгэж холбогдох контентуудыг уншиж байсан нь илэрчээ.
Тиймээс түүнийг эл хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөн байцаалтын дүгнэлтэд тусгагджээ. Үнэхээр ч Жастин Росс Харрис нь өөрийн гэрлэлтдээ сэтгэл хангалуун бус нэгэн байсан бөгөөд эхнэрээ араар нь тавьж нэлээд хэдэн хүүхэнтэй сүүлэрдэг байсныг гэрчүүд баталжээ. Тэдгээр нууц амрагуудынх нь дунд 17 настай охин ч байж.
Тиймээс Харрисын үйлдсэн хэрэгт санаатайгаар хүний амийг хохироосон, тэр дундаа маш хэрцгий байдлаар хохироосон хэмээх зүйл анги нэмэгдэж хүнд ял оноож болзошгүй гэнэ.
Хэргийн газрын ойролцоох дэлгүүрт байсан гэрчийн мэдүүлснээр Харрис маш их сандарсан байдалтай орж ирээд хүүгээ газар хэвтүүлэн хиймэл амьсгаа хийж, сэрээхээр оролдсон байна. Харамсалтай нь хүүгийн бие хэдийнэ хөшчихсөн байжээ. Мөн Харрис дэлгүүрт орж ирсэн цагаасаа эхлэн "Би юу хийчихвээ, би юу хийчихвээ” хэмээн орилсоор байсныг мэдүүлэгтээ дурьджээ.
Шинжээчдийн дүгнэлтээс үндэслэн хүүг хэт их зовж тарчлалгүй амьсгал хураасан хэмээн ээжийг нь тайвшруулж байгаа аж. Учир нь хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчдийн үзэж буйгаар машины зогсоолд тавьсан байрлалаас үүдэн жин үдийн халуун нар эгц дээрээс болон хажуу талуудаас тусахад хүүгийн сандалд шууд нарны туяа тусахгүй гэнэ. Тиймээс хүү хэт бүгчим байснаас ухаан алдан ухаангүй хэвээр байсаар хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан хэмээн үзжээ.
Эцэг эхчүүдийн хариуцлагагүйгээс халуун машинд түгжигдэн бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол АНУ төдийгүй бусад улс орнуудад ч гардаг. Ийм эмгэнэлт хэрэг дахин давтагдахаас сэргийлж эцэг эхчүүдэд анхааруулга өгөх үүднээс Харрист хатуу ял оноох нь зүйтэй гэсэн саналыг иргэдийн төлөөлөгчдийн зүгээс гаргаад байгаа гэнэ.
эх сурвалж: Bataar.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих