Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга цол олголоо. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ зургадугаар сард баталснаар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан тул даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой болж байгаа юм. Дархан аваргуудын баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
-Дархан аварга болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Гаргасан хөдөлмөр, зүтгэлийг маань үнэлсэн төр, засагтаа баярлалаа. Туйлын их баяртай байна.
-Төрийн их баяр наадамд түрүүлж дархан аваргын болзол биелүүлж байсан тэр үеээ эргэн дурсаач?
-Миний барилдаж явсан үеүд дэндүү сайхан нисч байсан юм шиг санагддаг. Гаргасан амжилтыг маань үнэлээд энэ эрхэм өндөр цол олгож байгаад баяртай байна. 2004 онд гурав дахиа түрүүлээд Дархан аварга цолоо авч байсан бол энэ дээл, энэ малгай, энэ гуталтайгаа ирж авах байсан болов уу гэж бодоод хайртай хүрэн дээлээ өмсөөд ирлээ. Таны дэмжиж байсан жижиг А.Сүхбат Дархан аваргын дайны барилдаж ,түмэн олноо баярлуулжээ гэдгийг нотлон харууллаа. Аз жаргалтай байна, би.
-Та энэ жилийн баяр наадмаар зодоглох уу?
-Миний сайн шавь нар энэ жил бэлтгэл сайтай байгаа. Ө.Даваабаатар, Амгаланбаатар гээд чамгүй барилдах залуус байгаа. Гэхдээ надад төр түмэн, өндөр цолоо хүндэтгэх шалтгаан байгаа.
-Барилдана гэж ойлгож болох уу?
-Монгол бөхийн хөгжил өнөөдөр Г.Өсөхбаяр аварга бид хоёрт Дархан аварга цол өгснөөрөө шийдэгдчихэж байгаа юм биш. Гурав үзүүрлэсэн Б.Гантогтох гарьд байна, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нарын асуудал шил, шилээ дагаад шийдэгдэх байх гэж бодож байна. 25 жилийн дараа Дархан аварга төрлөө. Энэ зуны анхны Дархан аваргууд төрлөө. Би өөрийгөө булган сүүлтэй аварга гэж ойлгож байна. Яагаад гэвэл гурван минутын дараа Г.Өсөхбаяр маань Дархан аварга боллоо шүү дээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих