Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж монгол түмэн сайхан наадаж өчигдөр Эрлийз морины уралдаан, уяачдын баяраар наадам өндөрлөлөө. Ингээд наадмын хаалтын үеэр Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Г.Галбадрахтай уулзсан юм.
-Сайхан
наадаж байна уу, та. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд
эрлийз морьд ихээр уралдаж байна. Наадмын дөрөв дэх өдөр эрлийз морины
уралдаан гэж болж байхад үндсэн зургаан насны морины уралдаанд эрлийз
морь оруулдаг нь ямар учиртай вэ?
-Юуны
өмнө монгол түмэндээ үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Яамнаас
томилогдсон ажлын хэсэг, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн баг хурдан
морины хэмжээсийг тогтоосон. Ингэхдээ сэрвээний өндрийг азарга, соёолон
140 см, их нас 141 см, хязаалан 137 см, даага 127 см байхаар тогтсон
юм. Харин үүнээс өмнө сэрвээний өндөр болоод үйлдвэрлэг байдлыг нь
харгалзан үзэж та нарын эрлийз гээд байгаа зарим морь хасагддаг байсан
юм. Гэтэл энэ жилээс үйлдвэрлэг байдал буюу гадаад байдал, шинж
тэмдгийг нь харгалзан үзэхээ больсон. Тухайн насандаа шүд, сэрвээний
өндөр нь тохирч байвал уралдаж болно гэсэн үг. Энэ шийдвэрийг Монгол
улсын 60 мянган уяачийн төлөөлөл зургаадугаар их хурлаараа гарган
танилцуулж УИХ тогтоол гаргаж баталсан. Үндэсний их баяр наадмыг зохион
байгуулах комисс мэдээж хэрэг энэ шийдвэрийг баримтлан ажиллана.
-Уяачид эсвэл наадамчин түмэн энэ шийдвэрт хэрхэн хандаж байна?
-Би
сая хэллээ. Энэ бол 60 мянган уяачийн санал хүслээр нэгтгэгдсэн
асуудал. 93 жилийн ойн наадмын хурдан морины уралдаан ямар ч маргаан,
хэл амгүй сайхан болж өнгөрлөө. Ер нь бол эрлийз морийг нүд нь хорсож,
ад үзэх хэрэггүй юм. Энэ бол монгол газар, монгол хөрсөн дээр унаж
тэнцсэн монгол адуу. Яахав англи ч юмуу өөр гаралтай сайн азарганы үр
удам биз. Хэрвээ энэ адуу хүмүүс бидэн шиг оюун тархитай бол мөн ч их
гомдож, их хэл ам хийх байх шүү. Эрлийз адуу нэг, хоёр, гуравдугаар үе
гээд явна. Үе хойшлох тусам монгол шинж чанар нь илүү давамгайлдаг. Би
ганцхан жишээ хэлье. Өчигдөр дааганы уралдааныг харж байхад 10 гаруй
хувь нь монгол даага байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хөгжил, дэвшил,
өөрчлөлт, хувьсал. Моринд хайртай түмэн олны хүлгээ чанаржуулж,
чадваржуулах гэсэн хүсэл нь ийнхүү давамгайлж ирлээ. Энэ бол хүн
сэртхийх, хэл ам хийх асуудал огтоос биш юм.
-Энэ шийдвэр цаашдаа ч мөрдөгдөх үү?
-Хурдан
морийг шинжих, шүдлэх, хэмжээ тогтоох асуудлыг хэдэн хүн суугаад
гаргачихдаггүй юм. Олон жилийн судалгаа шинжилгээ, эрдэмтэн шинжээчдийн
их хөдөлмөрийн үндсэн дээр яригддаг, шийдэгддэг асуудал. Энэ сарын
7-нд Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс нэг стандарт гаргаж мөрдөхийг
мэдэгдсэн. Үнэндээ цаг нь тулсан учраас бид хүлээж авч чадсангүй.
Дараа жилээс тэр стандарт мөрдөгдөж магадгүй. Хэрвээ шийдвэр
өөрчлөгдөхөөр бол бид мэдээж ард түмэндээ мэдээлнэ, танилцуулна.
Мөн "Монгол наадам” цогцолборын менежер н.Нямхүүгээс тодруулга авлаа.
-Монгол наадам цогцолбор Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар хэрхэн ажиллав. Та ерөнхий мэдээлэл өгөөч?
-Манайх
30 ажилтан, дөрван техниктэй Хүй долоон худгийн наадмын тохижилт,
усалгаа, хурдан морины гараа, барианы хэсгийг үйл ажиллагааг хариуцан
ажиллалаа. Энэ жилийн наадамд бүтээн байгуулалт ихээр хийгдсэн учраас
их онцлогтой боллоо. Авто зам, эко автобус гээд л наадамчин түмний тав
тух, сэтгэл ханамжид нийцсэн ажлууд ихээхэн хийгдлээ. Цаг агаар хэвийн
сайхан байсан учраас морь бараг эндсэнгүй. Ямар нэг маргаан, хэл ам
гарсангүй, их сайхан наадам болж өнгөрлөө.
-Монгол наадам цогцолбор яг жинхэнэ утгаараа хэдийнээс ажиллаж эхлэх вэ?
-Нийслэлийн
ерөнхий төлөвлөгөөнд цогцолборын ажил бүтнээрээ тусгагдсан. Хөрөнгө
оруулалт нилээн шаардлагатай ажил юм. Хэрвээ хөрөнгө оруулалтын асуудал
шийдэгдвэл бүтээн байгуулалт үе шаттайгаар хийгдэж цогцолбор утгаараа
ажиллаж эхэлнэ.
-Баярлалаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4054
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих