Тав, зургадугаар ангийн газарзүйн хичээлийг та санаж байна уу? Гэрийн даалгавраа хийгээгүй хүүхдүүд бие биенийхээ араар нуугдахад багшийн нүдэнд хайр гэхэд илүүдэм өрөвчхөн сэтгэл
гэхэд дутам харц тодорч "За хүүхдүүдээ хэн газрын зураг дээр Лена
мөрнийг заах вэ? Пөөх энэ олон гарны алийг нь сонгох вэ? За
журнаалнаасаа харж байгаад дууднаа” гэх багшийн мишээл. Яг тэр үед миний
нэр таарч, тэр олон гар дунд минийх лав байсангүй.
Самбар руу улайхийсэн хоёр хацар дөхөх агшинд би "Манай ангийн Ленатай
адилхан нэртэй гол байдаг юм байна хэ хэ, газрын зургаа гэртээ сайн
харахгүй яав даа” гэж хэрдээ сандарч байсан үеийн дурсамж миний
инээмсэглэлийг төрүүллээ.
Лена
мөрөн нь ОХУ-ын дорнод сибир болон Якутын Сахагийн нутаг дэвсгэрээр
урсдаг бөгөөд умард мөсөн далайн Лаптевийн тэнгист цутгадаг. Уртаараа
дэлхийд 10 ордог, зөвхөн өөрийн нэрээр уртаашаа урсах ОХУ-ын хамгийн
урт голд тооцогддог. Урт нь 4400 км. Байгаль нуураас 145 км-т орших
Качуг тосгоны орчмоос эх аван урсдаг. Лена мөрний "Шишкины хад” буюу
"Лена мөрний чулуун баганууд” нь эртний хүмүүсийн зурсан сүг зургаараа
баялаг гэдгээрээ гайхагддаг дэлхийн цорын ганц газар бөгөөд Юнескогийн
дэлхийн өвийн хороо тус байгалийн дархан цаазат газрыг бүх дэлхийн
өвийн цэст бүртгэсэн билээ.
"Тататунга”,
"АХА” нэвтрүүлгээрээ олны танил болсон "Сэмүүн” студийн найруулагч
Б.Баяр "Рашаан хад” ээлжит уран бүтээлээ Соёлын төв өргөөнд үзэгчдэд
өргөн барихад нь манай сэтгүүлийн хамт олон очиж үзсэн юм. Сайхан ч,
сайн ч бүтээл болсон санагдсан. Энэ бүтээлийн нээлтийн үеэр бид нэг чих
сортойлгосон мэдээ олж сонссон юм. Киноны зарим зураг авалтууд Саха
улсын нутаг дэвсгэрт болж л дээ. Нутгийн ард Якут үндэстэн халуун элгэн
Монгол ах дүүсээ их дотно хүлээн авч, уран бүтээлд нь хувь нэмрээ
оруулжээ. Тэр дундаа Лена мөрний нэрийг тэд нутгийн аялагаар Өүлэн гэж
дууддаг, Өүлэн эхийн нэрээр нэрлэгдсэн гол гэж ихэд бахархалтай ярьж
өгсөн байна. Бага ч атугай нягтлан шалгахын тулд википедия руу "ороод”
хартал Лена (Ле́на, Зүлхэ мүрэн, Өлүөнэ) гэж бичсэнийг хараад их
билэгшээж билээ.
Их хатны маань нэрээр нэрлэгдсэн энэ мөрөн юу өгүүлэн урсана вэ? Аяаа....
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих