Мэргэжлийн сүмогийн 30 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр 19.15 цагт эх орондоо ирсэн юм. Түүнийг "Чингис хаан” нисэх буудалд буухад нь угтан авч ярилцсан юм.
-Юуны өмнө мэргэжлийн сумогийн 30 дахь түрүүгээ хүртсэн их аварга эх орондоо ирсэн сэтгэгдлээ уншигчидтай хуваалцана уу?
-Мэдээж сэтгэл өндөр байна. Башёгийн дараа сүмочид тогтсон бэлтгэл сургуулилт, зарим хотод очиж барилдах ёстой байдаг болохоор эх орондоо жилд хоёр, гуравхан удаа л ирэх юм. Цаг зав гарвал аль болох нутгаа зорихыг боддог. Зуны дэлгэр цагаар, бас 30 дахь түрүүгээ аваад ирсэндээ хязгааргүй их баяртай байна. Би Нагоя башёд сэтгэл зүйн тал дээр тун бэрх замыг туулж байж 30 дахь удаагаа цом өргөлөө. Тэмцээний эцсийн өдрийг хүртэл башёгийн түрүү бөх хэн болох нь эргэлзээтэй байсан. Энэ хэрээр сэтгэл санаагаа өдөр бүр хурцалж барилдаан болгондоо хий гаргачихгүй байхыг бодож, маш их мэрийсээр сүмогийн дээд амжилтад дахин нэг алхмаар дөхөж очлоо.
-Ёкозүна Тайхогийн гаргасан сүмогийн дээд амжилтыг эвдэхэд ердөө гурван түрүү авах л үлдлээ. Хичээгээрэй аварга аа?
-Баярлалаа. Би ёкозүна Тайхог их хүндэлдэг. Сүмогийн түүхэнд түүний авсан 32 түрүү хамгийн мундаг амжилт. Тайхо аварга амьд сэрүүн байхдаа надад үргэлж зөвлөгөө өгч, халамжилдаг байсан. Би сүмоч болмогцоо л тэр агуу бөх шиг болохыг мөрөөддөг байлаа. Одоо ёкозүна Тайхогийн рекорд амжилтыг эвдэх тухай ярих цаг биш ээ. Гэхдээ түүний 32 түрүүнд дөхөж очихыг зорьж байгаа.
-Нагоя башёгийн хамгийн хүнд өдрийг нэрлэхгүй юу?
-Надад Нагоя башёгийн уур амьсгал ер нь л хэцүү байсан. Аав минь намайг бага байхад "Монгол хүн хүйтэнд тэснэ үү гэхээс халуунд хэцүү дээ” хэмээн ярьдаг байсан. Олон жилийн өмнө хэлсэн боловч бас л учиртай үнэн үг байж дээ. Тэмцээний эхний хэдэн өдрийн барилдаан бага зэрэг хүндрэлтэй байсан. Гэхдээ тэр бүхнийг даван туулж ард нь гарлаа.
-Сүүлийн өдрийн барилдааны үр дүнгээс хамаарч түрүү бөх тодрох байсан. Ингэхэд та тэр шөнө нойр сайн авч чадсан уу. Таныг их догдолдог гэж сонссон юм байна?
-Яаж нойр хүрэх билээ. Миний араас нэхэж яваа хоёр бөх шүдээ хурцлах шахаж байхад шүү дээ. /инээв/
-Таныг хоёр унаад байхад сүмогийн зарим мэргэжилтнүүд "Нагоя башё одоо л сонирхолтойгоор эргэж байна” хэмээн ярьж байсан. Энэ талаар та өөрийн байр сууриа хэлнэ үү?
-Озеки цолонд зүтгэж яваа залуу хүчтэн Гоэйдод эхэлж унаад, дараа нь миний араас ойрхон нэхэж явсан озекид боломж гаргасан. Яг энэ үеэс сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд хавьгүй цэгцтэй болсон гэж ойлгож болно.
-Дороос гарч ирж буй залуу бөхчүүдийн давалгаа "аюул” тарьж мэдэхээр байна. Египетийн бөх манай хоёр аваргыг дараалан хаяж, тантай нэлээн удаан барилдсан шиг санагдана?
-Тэр Египетийн бөх манай идэр залуу хоёр аваргыг хашраалаа. Гэхдээ тэд бэлтгэл дээр олон таарах байлгүй дээ. Бас Монголын бөхчүүдээс сэкивакэ цолны болзол хангасан Г.Ган-Эрдэнэ, озеки цолны болзол хангасан Гоэйдо нар ирэх башёд сайн барилдах болов уу гэж харж сууна.
-Нагоя башё товлосон хугацаанаасаа хэд хоногоор хойшилсон уу?
-Энэ жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нагоя башё эхлэх хугацаатай давхцсан. Тиймээс Нагоя башёгийн эхлэх өдрийг долоо хоногоор хойшлуулсан. Тийм болохоор энэ зун хөлбөмбөг, үндэсний бөх, хурдан морины уралдааныг тухтай үзлээ дээ. Миний хувьд нутгийн хурц арслан Ч.Батчулуун улсын начин болж, мөн тод манлай уяач Д.Даваахүү ахын маань азарга түрүү магнай хүртсэнээр хийморь минь сэргэх шиг болсон.
-Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ээр та аль багийг дэмжсэн бэ?
-Аргентиныг түрүүлэх болов уу гэж харсан. Месси бол сайн тамирчин, хөдөлмөрч, нийгэмдээ ч өөрийн нэр нөлөөгөөр сайн үйлсийг бүтээдэг болохоор хэзээ нэгэн цагт дэлхийн аваргын бурхан тэнгэр ивээх байлгүй дээ. /инээв/
-Энэ жилийн наадмын түрүү бөх улсын арслан Н.Батсуурь та хоёр багын найз гэв үү?
-Тийм ээ. Харин та яаж мэдэв. /Инээв/
-Наадмын дараа отгон арслантай ярилцах завшаан тохиосон юм?
-Би аавыгаа дагаад "Сонгино”-ын амралтад наадмын бэлтгэлд хамт гардаг байсан. Тэр нэг зун Батсуурь аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гарсан юм. Тэнд арслан бид хоёроос өөр хүүхэд бараг байхгүй. Бөхчүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж ийш тийш хөтөлцөөд гүйдэг л байсан даа. Тэгээд олон жилийн дараа Батсуурьтайгаа Японд уулзаж билээ. Найз минь Японд хэлний сургуульд ороод, манай дэвжээнд хааяа ирж бэлтгэл хийдэг байсан. Надаас "Даваа ахаа танай дэвжээнд бэлтгэл хийж хөлсөө гаргаж баймаар байна” гэдэг байсан. Тэгж байгаад Батсуурь Монгол руу явахдаа "Даваа ахаа намайг харж байгаарай. Би Монголд очоод сайн бөх болно” гэж дөрвөн жилийн өмнө надад ам гарч байлаа шүү дээ. Тэгж байгаад хэлсэндээ хүрч төрийн наадмын түрүү бөх болсонд давхар давхар баяр хүргэе. Ер нь Батсуурь хөдөлмөрч сайхан барилддаг, сайн бөх.
-Гойэдо озеки болчихлоо. Ирэх сарын башёг хэрхэн төсөөлж байна вэ?
-Шинэ озеки төрнө гэдэг бол сүмогийн ертөнцөд өөр өнгө төрх, энэ спортын нэр хүндийг өндөрт хүргэх хариуцлагыг хуваалцах хүн нэгээр гарч ирлээ гэж үзэж байна. Миний хувьд хүчтэй өрсөлдөгч нэмэгдэж байгаад баяртай байна. Гойэдод ирэх башёд сайн барилдаарай, хичээгээрэй гэж хэлэхийг хүсч байна.
-Та Монголд хэд хоноод буцах вэ?
-Би ес хоногийн чөлөө авсан. Надтай манай дэвжээний дэмжигчид, бизнес эрхэлдэг хэд хэдэн хүн хамт ирсэн. Тэдэнд монгол орноо танилцуулж, хоёр улсын хооронд найрсаг харилцааг улам бэхжүүлэхээр зорьж байгаа.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих