Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар... гэдэг дуу яагаад ч юм аялагдана.
Аав гэж хүн цаанаа нэг л өөр. Зэмлэсэн харц нь, сургасан сургааль нь сэтгэлээс хэзээ ч үл сална. Зүгээр л байгаагаараа үлгэр болдог нь, аав гээд бодохын төдийд л сэтгэл дүүрдэг нь сайхан.
Аавыг гэрт ороод ирэхэд л гэр дулаацаад ирэх шиг нөмөр нөөлөг нь зүйрлэхийн аргагүй.
Зарим аав найз нөхөдтэйгээ наргиж цэнгэн шөнө хагасалтал явж байхдаа гэр бүл нь түүнгүйгээр алзахгүй дээ гэж боддог байх. Тийм биш ээ. Бяцхан үрс нь инээж баясан тоглож байгаа ч харц нь үргэлж аавыгаа үгүйлж байдаг юм. Халамжит хань нь гэрээ сахин хүүхдүүдтэйгээ инээлдэж байгаа ч хоолоо дахин дахин халааж, цонх руугаа байн байн өндөлзөж, нойроо сэрвэгнүүлэн байж хүлээдэг юм.
Харин аав нь гэртээ инээд алдан орж ирэх тэр л үед бүх л зүйл байр байрандаа очсон мэт амар тайван болж, гэр бүл нь бүтэн жаргалыг олно. Аав Та ийм л шидтэй хүн.
Гэртээ битгий согтуу ороорой. Хүүхдүүд нь айж, эхнэр нь эмээдэг юм. Хүүгээ том болоод сайн хүн болоосой гэж хүсч байгаа бол өөрөө эхлээд сайн хүний үлгэрийг үзүүл.
Гэр бүлээ битгий орхиорой. "Аавгүй” айл эзэнгүй гэр мэт ханхайдаг юм. Гомдол нэхсэн зовлонгийн очийг үр хүүхдүүдийнхээ харцанд бүү суулга. Ижий нь бүхий л хайраараа үрээ өсгөх ч эцгийнх нь ухааныг, нөмөр нөөлгийг өгье гээд ч үл чадна.
Монгол аав нар хайр нь дотроо ч хал нь гаднаа гэх ухаанаар үр хүүхдүүдээ ухаалаг хэрсүү хүн шиг хүн болгодог юм.
Эцэг болох амархан ч сайн аав болох хэцүү гэдэг. Үр хүүхдийнхээ хожмын өдрийн дурсамжинд "сайн аав” болж үлдэхийн төлөө өнөөдрийн амьдралаа зориулаарай. Ааваасаа ичиж биш, ааваараа бахархаж, үлгэр дуурайл болгож, "миний аав” хэмээн ам бардам дурсах сайн аав болохыг бүхий л аав нартаа хүсье.
Аав та эх орондоо ч, гэр бүлдээ ч, эхнэрийнхээ зүрхэнд ч, үр хүүхдүүдийнхээ сэтгэлд ч хамгийн том орон зайг эзэлдэг, өндөр үүрэг хариуцлагатай хүн юм шүү.
Хэзээ ч, хэн ч нөхөж үл чадах ААВ хүний эрхэм алдрыг өндөрт өргөн яваа сайхан монгол аав нартаа Аав нарын баярын мэндийг хүргэе. Энэ хүртэл уншсан уншигч та яг одоо ААВ руугаа залгаж сэтгэлийн үгээ хэлээрэй. Аав хүн гаднаа хатуу мэт байвч, дотроо хамгаас уян хайраар бялхсан хүмүүс байдаг билээ.
gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих